ӨВ: “ЗҮҮН ХОЙД АЗИЙН НУТГИЙН ЗАХИРГААДЫН ХОЛБОО” /NEAR/-НООС ЗОХИОН БАЙГУУЛСАН ОЛОН УЛСЫН ХУРАЛД ОРОЛЦЛОО
БНСУ-ын Үльсань хотод болсон “Зүүн хойд Азийн Нутгийн захиргаадын холбоо” /NEAR/-ны олон улсын хуралд Монгол Улсаас 10 гаруй аймгуудын удирдлагууд албаны хүмүүсийн хамт оролцлоо. Тус хурлаар улс орнуудын орон нутгийн засаг захиргаадын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд туршлага судлах, зарим төсөл хөтөлбөрүүд, хот мужуудтай хамтын ажиллагааг эхлүүлэх санамж бичигт гарын үсэг зурах зэрэг арга хэмжээнүүд болсон юм.
Энэ хүрээнд БНСУ-ын Кёмсаннамду аймгийн Чинжү, Сачон хотуудын удирдлагуудтай уулзалт хийж тус аймгийн Хөдөө аж ахуйн судалгаа, хөгжлийн төвд Өвөрхангай аймгаас газар тариалангийн чиглэлийн ажилтнуудыг дадлагажуулах сургалт зохион байгуулах, хүнсний ногооны тариалангийн талбайд улирлын чанартай ажилтан илгээх, Өвөрхангай аймагт үйлдвэрлэж буй хүнсний чиглэлийн зарим бүтээгдэхүүнийг Чинжү дүүрэгт зохион байгуулдаг олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах, зарим салбарын боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх, хоёр талд харилцан жуулчид илгээх зэрэг ажлуудын талаар санал солилцлоо.
Эдгээр арга хэмжээг хийж хэрэгжүүлснээр цаашид БНСУ-ын Кёмсаннамду аймагтай албан ёсны харилцаа тогтоох суурь тавигдаж байгаа юм.
NEAR буюу Зүүн хойд азийн Нутгийн захиргаадын холбоо нь Зүүн хойд азийн БНСУ, БНХАУ, Япон, ОХУ, Монгол зэрэг 6 улсын засаг захиргааны нийт 79 нэгжийн гишүүнчлэлтэй олон улсын байгууллага билээ.
Тус холбоо нь улс орнуудын орон нутгийн засаг захиргаад хоорондын хамтын ажиллагааг өрнүүлж, хөгжүүлэх зорилготойгоор 1996 онд байгуулагдсан билээ. Тус Холбоонд манай Өвөрхангай аймаг тэртээ 2006 онд анх гишүүн орон нутгаар элсэж байсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.239.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20