ӨВ: “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СЭРГЭЛТ” ЗӨВЛӨГӨӨН БОЛОВ
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-21

Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдийн “Аялал жуулчлалын сэргэлт” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, сумдын Засаг дарга нар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, рашаан сувилал, зочид буудал зэрэг 40 гаруй байгууллагын удирдлага, менежерүүд оролцлоо.

Аялал жуулчлалын тухай шинэчилсэн хууль 2023 оны тав дугаар сард батлагдаж, тус хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уг зөвлөгөөнд:

  • Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого чиглэл,
  • Аймгийн аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх,
  • Орон нутагт татвар төвлөрүүлэх,
  • Зочлох үйлчилгээний чанар стандартыг сайжруулах,
  • Орон нутгийн аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарах хүчин зүйл, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа,
  • Үйлчилгээний бүтээгдэхүүн, нэр төрлийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл сонсож, мэдээлэл солилцон, цаашдын хөгжлийн чиг хандлага, орон нутгийн аялал жуулчлалын бүсийн саналын талаар хэлэлцлээ.

Өвөрхангай аймаг нь Монгол улсын аялал жуулчлалын гурван гол бүсийн нэг бөгөөд аймгийн хэмжээнд 32 жуулчны бааз, 8 рашаан сувилал, амралтын газар, 14 зочид буудал, зам дагуух үйлчилгээний цогцолбор 2, аялал жуулчлалын бүс нутагт 80 гаруй малчин өрх гэр баазууд тус тус үйл ажиллагаа эрхэлж байна.

2023 онд дотоодын болон хилийн чанадаас 50 гаруй мянган жуулчид Өвөрхангай аймагт зочилжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.13)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.