ӨВ: Олон улсын сэтгүүлчид аймгийн уур амьсгалын өөрчлөлтийг сурвалжилж байна
A.Ажиглагч
Үйл явдал
/
2023-10-24

Хүүхдийг Ивээх Сангийн урилгаар Монгол улсад зочилж буй олон улсын сэтгүүлчид аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сааруулах чиглэлээр аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй танилцан, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Олон улсын сэтгүүлчид Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагаатай танилцахаас гадна уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг, зудын гамшигт үзэгдлүүд нүүдэлчин монголчуудын амьдралд нөлөөлж байгаа байдал, түүнийг сааруулах чиглэлээр хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний тухай, цаашид хийгдэх үйл ажиллагаа, малчдын амьдралын талаар мэдээлэл бэлтгэн дэлхий нийтэд түгээх зорилгоор ажиллаж байна.

Тус аймаг уур амьсгалын хувьд эрсдэл ихтэй бүсэд оршдог бөгөөд хуурайшилт их, цөлжилт идэвхтэй явагдаж байгаа ба 1975 оноос хойш аймгийн цаг уур 2.4 градусаар нэмэгдсэн байна.

Олон улсын сэтгүүлчдийн багт дэлхийд нэр хүндтэй хэвлэл мэдээллийн АНУ-д төвтэй Huffpost, Их Британид төвтэй The Guardian, Европын Arte, Францын France 24 болон Австралийн ABC News зэрэг байгууллагын төлөөлөгчид багтжээ.

Сэтгүүлчид Өвөрхангай аймгийн Арвайхээр, Сант, Уянга, Хархорин зэрэг суманд ажиллах юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.107.11)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.