Монгол сарлагийн онцлог, хариулга маллагаа, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг сурталчлах, түүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдээр хийсэн брэнд бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг танилцуулах зорилготой “Сарлагийн баяр” бэсрэг наадмыг энэ жил Бат-Өлзий сумын “Өндөр хясаа” хэмээх газарт 14 дэх жилдээ зохион байгууллаа.
Бат-Өлзий сумын газар нутгийн 80 хувь нь Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг агаад хад асга, хөвч ой мод, ширүүн урсгалт гол бүхий уулархаг, эрс тэс уур амьсгалтай, сарлаг үхрийн биологийн онцлогт тохирсон нутаг юм. Тиймээс Өвөрхангай аймагт бүртгэлтэй 130 мянга гаруй сарлагийн тал хувь нь тус суманд идээшин өсөж үржиж байна.
Сарлагийн баяраар сарлаг бугуйлдах, булгиулах, дүүгүүр шидэх, поло тоглох, уралдуулах болон сайхан сарлагтай хосыг шалгаруулж, сарлагийн гаралтай бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Энэ жил таван хоршоо, аж ахуйн нэгжээс сарлагийн хөөврөөр хийсэн хувцас, сарлагийн сүүн ааруул, ээзгий, чихэр, монгол архи, суран эдлэл зэрэг бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, төрөл бүрийн худалдаа, үйлчилгээгээр үйлчиллээ.
Мөн сарлагийг уналга, ачилгад ашиглах монгол уламжлал, арга барилыг жуулчдад сонирхуулав. Энэ удаагийн сарлагийн баярыг дотоодын жуулчдаас гадна Герман, Франц, Австрали, Голланд, Америк, Япон, Солонгос, Хятад зэрэг найман орны жуулчид зорин ирж үзжээ.
-
2024-11-20