ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙ ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛААС БОЛЖ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН АЖИЛ УДААШИРЧ БАЙНА
Бүс нутгийн хэмжээний томоохон бүтээн байгуулалт болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй 2200 хүний суудалтай Спорт цогцолборын барилгын ажлын явц яагаад удаашраад байгаа, ашиглалтад хэзээ орох зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, гүйцэтгэгч “Нэмбар” ХХК-ийн захирал О.Нэмэхболд болон захиалагч тал, хяналтын байгууллага, аймаг орон нутгийн холбогдох удирдлагууд өнгөрсөн 5 сард уулзсан.
Тус уулзалтаар 7.1 гэхэд цогцолборын ашиглалтад орох хугацааг зарлана гэж мэдэгдэж байсан.
Харин өнөөдөр 8.25-ний өдөр талууд дахин уулзалт зохион байгуулж УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар цогцолборын явцын байдалтай газар дээр нь ажиллаа.
5 сард болсон уулзалтаар гүйцэтгэгч компаний зүгээс ойрын хугацаанд сандал, гэрэл зэрэг гаднаас захиалсан тоног төхөөрөмжөө татан авна гэж байсан боловч одоог хүртэл хэлсэн ажлаа гүйцэтгээгүй, хугацааг сунган 11 дүгээр сарын 1 гэхэд захиалсан тоног төхөөрөмж ирж, суурилуулан хүлээлгэн өгнө гэж мэдээллээ.
Ажил удааширч байгаа нь компанийн санхүүгийн чадамжгүй байгаатай шууд холбоотой гэж тайлбарласан хэвээр. Үлдсэн ажлыг гүйцэтгэхэд 1 тэрбум гаран төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн хариултыг өгч байна.
Сүүлийн 3 сарын хугацаанд тус компани дотоод интерьер засал, гадна зам хашлагын ажлууд зэргийг хийж гүйцэтгэжээ. Одоо гадна гэрэлтүүлгийн холболт, гадна замын бордиур, барилгын гадна метал пассатны ажил, А болон Б заалны сандал гэрэл, лед дэлгэц хийх зэрэг ажлууд үлджээ.
Хугацааг дахин сунгах хүсэлтэд талууд бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. Гүйцэтгэгч компаний хариуцлагагүй байгаа байдалд цаашид гэрээг цуцлах арга хэмжээг авна гэж хатуу анхаарууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.89.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
2024-11-20