НДШ төлөгчийг торгох, алдангиас чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
Үйл явдал
/
2020-12-18

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчээр хангах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа, газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн болон хот, суурины усан хангамж зэрэг 18 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагаас бусад байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон.

Ингэснээр ихэнх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсээд байна.

Иймд Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 7-р сарын 1 хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ногдуулж тайлагнасан боловч шимтгэл төлөөгүй ажил олгогч, даатгуулагчийг Зөрчлийн тухай хуульд заасан торгох шийтгэл, алдангиас чөлөөлөхөөр тусгажээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа үнэн, зөв мэдүүлэн ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн дарамт нэмж учруулахгүй байх нөхцөл бүрдэх юм. Уг  хуулийн үйлчлэлд 10 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага 30 тэрбум төгрөгийн торгох шийтгэл, алдангиас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гарсан хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.212.102)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.