Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогыг энэ сарын 18-28-ны өдрүүдэд зохион байгуулна
Үйл явдал
/
2020-12-19

Монгол улсын Засгийн газраас улсын хэмжээнд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогыг 12 дугаар сард багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  

Ийнхүү аймгийн Онцгой комиссын 71 дүгээр хуралдаанаар Дорнод аймгийн Мал тэжээвэр амьтдын 2020 оны тооллогыг энэ сарын 18-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж өнөөдөр /2020.12.17/ аймгийн Онцгой комисс болон тооллого зохион байгуулах комисс сумдтай цахим хурал хийж, тооллогыг хэрхэн зохион байгуулах мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үүрэг чиглэл өглөө.

2020 оны тооллого Ковид-19 цар тахлын үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд аймгийн Засаг даргын захирамж болон мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, удирдамжийг чанд мөрдөн гүйцэтгэх юм.

Статистик мэдээллээр Дорнод аймаг 7636 малчин өрх, 7983 малчинтай. Энэ жилийн мал тооллогын нэг багийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр 50 орчим өрхийг тоолохоор цөөлсөн бөгөөд Улаанбаатар хот болон бусад аймгаас ирсэн гишүүнтэй өрхийн малын тоог утсаар холбогдон авч дараа нь баталгаажуулах замаар ажиллах аж.

Монгол Улсын Үндсэн хуульд Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна хэмээн заасан байдаг. Манай улсын эдийн засагт хөдөө аж ахуйн тэр дундаа мал аж ахуйн салбар томоохон байр суурь эзэлдэг учир, “Мал, тэжээвэр амьтдын тооллого”-оор цуглуулсан малтай иргэд, ААНБ-ын бодит мэдээлэл нь төрөөс ХАА-н салбарын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үндсэн суурь мэдээлэл болдог билээ.

Тиймээс малтай өрх, ААНБ бүр Мал, тэжээвэр амьтдын 2020 оны тооллогод идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.246.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.