У.Хүрэлсүх: Боловсролын салбарыг УЛСТӨРӨӨС ХОЛ БАЙЛГАХ нь чухал
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-12-21

Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын нийт багш, ажилчин, албан хаагчид болон эцэг эхчүүд, олон нийтээс санал авах ажлыг энэ сарын 05-ны өдрөөс улс орон даяар эхлүүлсэн. Уг хуулийн төслийн хэлэлцүүлэгт  21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагын удирдлага, багш, эцэг эхчүүд оролцов. Энэ үеэр Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ "Хөгжлийн бодлогын нэг чухал хэсэг нь боловсролын эрх зүйн шинэчлэл юм. Хоёр жилийн өмнө хийсэн багш нарын их хурлын үеэр боловсролын салбарын эрх зүйн орчныг шинэчлэх талаар ярьж, эхлүүлсэн. Хуулийн төсөлд салбарынхныхаа санаа бодлыг тусгахаар арваннэгдүгээр сарын 5-наас эхэлж санал авсан. Боловсрол бол хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын үндэс болдог. Бид үүнийг улсын бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгахаар болж байна. Боловсролын тухай хуульд 

  • Боловсролын зорилгыг хөгжлийн үндсэн шалгуурт нийцүүлэх
  • Боловсролын агуулгыг суралцахаас суралцахуй руу чиглүүлэх
  • Боловсролыг улс төрөөс хараат бус байлгах 
  • Боловсролын цахим болон зайны сургалтыг боловсронгуй болгох зэрэг шаардлагатай байна. 

Хүүхдийг ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай иргэн болгож төлөвшүүлэх, бие даан амьдрахад шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авахад багш, эцэг эх, нийгмээрээ анхаарах ёстой. Ерөнхий сайдын хувьд эцэг хүний хувьд би өнөөдөр энэ хуралд оролцож байна. Хүүхдийг сургахаас гадна хүмүүжүүлэх том ажил бий. Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүмүүжил их хоцрогдож байна. Нэн ялангуяа гэр бүл, сургуулийн орчинд хүүхдийг хүмүүжүүлэх ёстой. Хөвгүүдийн хүмүүжилд анхаарах цаг болсон байна. Эмэгтэй хүнийг, эх хүнийг хайрладаг хөвгүүдийг өсгөж, хүмүүжүүлэх шаардлагатай байна" гэлээ.  Боловсролын салбарын эрх зүйн орчныг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх үүднээс дөрвөн хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Энэхүү багц хуулийн төсөлд иргэд, боловсролын байгууллагуудаас ирүүлсэн саналыг тусгасны дараа 2021 оны 1 дүгээр сард УИХ-д өргөн мэдүүлэхээр ажлын хэсгийнхэн ажиллаж байгаа бөгөөд энэ дагуу хийж байгаа хэлэлцүүлэг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.96.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.