О.Чинзориг: QR кодоо шинээр хэвлэн хөдөлгөөнд оролцохгүй бол хууль зөрчинө
Үйл явдал
/
2020-12-23

Засгийн газрын шийдвэрээр өнөөдрөөс /2020.12.23/ эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 6-ны 06.00 цаг хүртэл тогтоохоор болсон. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хатуу хөл хорионы үеэр зөвшөөрөлтэй 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага ажиллана. Эдгээр байгууллагад ажилладаг ажилчдын тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохын тулд өмнөх шигээ QR кодоор зорчих болно.

Өмнө нь 13 байгууллагын үйл ажиллагааг зөвшөөрч байсан бол энэ удаа такси үйлчилгээ, хүүхэд хамгааллын байгууллагын үйл ажиллагааг нэмсэн. Тээврийн хэрэгслийн smartcar.mn үйлчилгээний системд автомашиныхаа улсын дугаарыг хийж, зөвшөөрөгдсөн байгууллагууд өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ QR код авч байгаа. Эдгээр салбарынхан smartcar.mn сайт руу хандаж QR кодоо авах юм. Үүнд нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг хэлэхдээ: Бидний зүгээс өмнө нь бүртгүүлсэн 13 байгууллагын 23.900 тээврийн хэрэгслийн бүх мэдээллийг өчигдөр 13.57 цагт систем рүү оруулсан. Байгууллагууд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл буюу QR кодоо дахин хэвлэн авах боломжтой. Үүн дээр нэмээд 800 такси үйлчилгээ болон хүүхэд хамгааллын байгууллагын 100 гаруй тээврийн хэрэгслийн мэдээллийг орууллаа. Зайлшгүй шаардлагаар эдгээр 15 байгууллагад нэмэлт тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг өмнөх зарчмаараа олгоно. Гэхдээ бид ирсэн хүсэлт болгоны тоогоор QR код олгох боломжгүй. Нийслэлд ойролцоогоор 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 10 хувь нь буюу 50 мянга хүрэхгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулах боломжтой. Үүнд, өмнө нь нэгдсэн системд бүртгүүлсэн 23.900 тээврийн хэрэгсэл, нийтийн тээвэр, тусгай албаны машин багтаад 30 гаруй мянган тээврийн хэрэгсэл болж байгаа юм. Жишээлбэл, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарт 1777, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлтийн үйл ажиллагааны байгууллагад хамгийн их буюу 10 мянга гаруй, такси үйлчилгээний 809, хүүхэд хамгааллын чиглэлд 100 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдэнэ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.133.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.