А.Пүрэвдулам: Прокурорын байгууллага Э.БАТ-ҮҮЛИЙН ЯЗГУУР ЭРХИЙГ ЗӨРЧИЖ байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-24

Улсын баатар Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр цагдан хориод байгаа. Тэгвэл прокурорын байгууллагаас түүний хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх Үндсэн хуулиар олгогдсон язгуур эрхээ эдлэх эрхийг нь хязгаарласан тухай түүний хүү Б.Чулуудай, өмгөөлөгч А.Пүрэвдулам нар мэдээлэл хийлээ. Э.Бат-Үүл нь энэ эрхийнхээ төлөө 409-р хорих ангид өлсгөлөн зарлаад байгаа аж. 

Энэ талаар түүний өмгөөлөгч  А.Пүрэв­­­дулам "Зарим нэг мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүл ял эдэлж буй  учир хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдлэх эрхгүй гэж яриад байна. Хорих 409 дүгээр ангид шүүхийн эцсийн шийдвэр гараагүй хүмүүс хоригддог. Хуульд тухайн хүнийг үзэл бодлоо илэрхийлэхэд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Түүнийг 409 дүгээр ангид хоригдсоноос хойш эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн. Жам ёсныхоо эрхийг шаардаж, Э.Бат-Үүл өлсгөлөн зарлахаас өөр аргагүйд хүрч байна. Тэрбээр өөрийгөө суллах тухай биш, Монгол Улсын иргэд эрхээ эдэлж чадахгүй байна гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа. 

Монгол Улсын иргэн би Украиныг өмөөрөх эрхтэй гэсэн уриан доор өлсгөлөн зарлаж байгаа юм. Хэвлэн нийтлэх болон захидал харилцааны эрхийг сэргээх хүртэл өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн.  1990 оноос өмнөх Зөвлөлтийн удирдагчдын талаар таагүй зүйл хэлсэн иргэдийг хорьдог үе эргэж ирсэн талаар Э.Бат-Үүл хэлж байна.

Өлсгөлөн гэдэг амархан гаргах шийдвэр биш. Хорих ангийн удирдлага одоогоор өлсгөлөн зарлахыг зөвшөөрөөгүй байгаа ч өөрөө өрөөндөө өсгөлөн зарлана гэж шийдээд байна. Тухайн хүн нурууны гэмтэлтэй тул гэр бүл, өмгөөлөгчийн хувьд үүнийг таатай хүлээж авахгүй байгаа.  

Энэ хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал прокурорын байгууллагаас нэхнэ. Э.Бат-Үүл давж заалдах эрхээ эдэлж чадаагүй. Шүүх хуралдааныг иргэдэд нээлттэй хийгээч гэдгийг хүсэж байгаа" гэлээ. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.136)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.