Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо энэ сарын 25-ны өдөр анхдугаар хуралдаанаа зохион байгуулсан. Тус хурлаар Үндэсний хорооны ажиллах журмаа баталж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино болон дунд урт хугацааны төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Улмаар богино хугацаанд хийх ажлуудын төлөвлөгөөгөө гаргаж, эхлүүлсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх, нийслэлийн Агаар, орчны бохирдлыг бууруулах хорооны дарга Д.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дараах шийдвэрүүдийг гаргаж холбогдох яамдад үүрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Үүнд:
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албанд;
-
Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах туршилтыг хийж, туршилтын дээжийг гадаад орны итгэмжлэгдсэн лабораторит шинжлүүлэх ажлыг зохион байгуулах.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт;
-
Яндангүй бүсийн хил хязгаарыг тогтоож, хийн болон давхар шаталтат зууханд хамруулах айл өрхийн тоо, зураглалыг гаргаж дэд бүтцийн ажлыг бэлтгэл ажлыг яаралтай эхлүүлэх.
-
ЭТТ ХК-ийн 0 давхаргын нүүрс, хагас коксын шахмал түлшний холбогдох шинжилгээг хийлгэх, өртөг зардлыг тооцож хамгийн боломжтой хувилбарыг гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах.
-
Цаг агаар хүйтэрч сургуулийн амралт эхэлж байгаатай холбогдуулан гэр байшингийн дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч, галлагааны горимыг баримтлаж, угаарын хий мэдрэгчийг унтраахгүй байх талаар зөвлөмж сэрэмжлүүлэг бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон дүүрэг, хорооны удирдлагаар дамжуулан тогтмол мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион байгуулах.
-
Улсын эмнэлэг, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарыг хэмжих төхөөрөмж болон иж бүрэн агааржуулалтын систем суурилуулах ажлыг зохион байгуулах.
Эрчим хүчний яаманд, Тавантолгой түлш ХХК:
-
2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн В/2589 дугаартай Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталсан ажлын хэсгийг шинэчилж “Сайжруулсан хатуу түлш. Техникийн шаардлага” MNS 5679:2022 стандартыг шинэчлэх.
Эрүүл мэндийн яаманд
-
Дотоод орчны агаарын чанарын стандартыг ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулж төслийг боловсруулан батлуулах.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд:
-
Агаарын чанарын стандарт, индексийг шинэчлэх.
-
Улаанбаатар хотын агаарын бохирдол 2019-2020 онтой харьцуулсан хэмжилтээр агаарын бохирдол ихэссэн шалтгаан нөхцлийг тодорхойлох ажлын хүрээнд шахмал түлшний барьцалдуулагч, мидлингийн шинжилгээнд дүн шилжилгээ хийж, дүгнэлт гаргах.
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яаманд:
-
Гэр байшингийн дулаалгын стандартыг шинэчлэх.
Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Онцгой байдлын ерөнхий газарт:
-
Агаарын чанарын бүс рүү зөвшөөрөлгүй түүхий нүүрс оруулж байгаа эсэх, бүсэд зөвшөөрөлгүй түүхий нүүрс болон бусад зүйлс түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж хэрэгжилтийг 7 хоног бүр тайлагнах талаар үүрэг чиглэлийг өгөөд байна.