ЭЗБХ: III цахилгаан станцын ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ, шинэчлэхийг ДЭМЖЛЭЭ
Үйл явдал
/
17 цаг 27 мин

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.12.24) хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов.

“Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийн 48 МВт-ын хүчин чадалтай дунд даралтын хэсэг 1968-1975 онд, 100 МВт-ын хүчин чадалтай өндөр даралтын хэсэг 1976-1981 онд ашиглалтад орж, 2014 онд 50 МВт-ын хүчин чадалтай труба генератораар өргөтгөснөөр суурилагдсан хүчин чадал нь 198 МВт-д хүрсэн бөгөөд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Тус станц нь Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний гидравлик горимын хувьд хамгийн оновчтой байршилд байрладаг ба Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангадаг.

Сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 8-10 хувиар өсөж байгаа бөгөөд өвлийн улиралд ДЦС-ууд бэлтгэл тоноглолгүй ажиллаж байгаа нь насжилт өндөртэй тус станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэв.

Энэ эрсдэлийг бууруулахын тулд тус станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатайг сайд тэмдэглэлээ.

Улаанбаатар хотын одоогийн болон өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.

Эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барьж, дараагийн шатад ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцын суурин дээр 250 МВт-ын ДЦС-ыг шинээр барихаар төлөвлөжээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 2021 оны хуралдааны үеэр Оросын талаас “Интер РАО Экспорт” компанийг Дулааны гуравдугаар цахилгаан станцыг 2 үе шаттай өргөтгөн шинэчлэх төсөлд оролцохыг дахин илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2021 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК болон “Интер РАО Экспорт” компанийн хооронд хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлжээ.

“Интер РАО Экспорт” компаниас төслийн ТЭЗҮ-ийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2022 оны 8 дугаар сард Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-д хүлээлгэн өгсөн байна.

Төслийн нийт төсөвт өртөг болон барилга угсралтын ажлын хугацааг бодитоор тодорхойлохын тулд эхний ээлжид Эрчим хүчний яамнаас Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулж, Оросын талтай харилцан зөвшилцөөд байгаа гэв. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны 29 дүгээр тэмдэглэлийн дагуу Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороотой тус тус зөвшилцсөн.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 48 дугаар захирамжаар Эрчим хүчний сайдад хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус хэлэлцээрт хоёр улсын Засгийн газрыг төлөөлөн Эрчим хүчний сайд нар 2024 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр гарын үсэг зурсан юм.

Олон улсын гэрээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ хэлэлцээр нь Монголын талын хэлэлцээр соёрхон батлах тухай хууль батлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм байна.

Эрчим хүчний сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг, О.Цогтгэрэл, Ж.Алдаржавхлан, Г.Лувсанжамц, Х.Ганхуяг нар асуулт асууж, Эрчим хүчний сайд болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авсан. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

Салбарынхаа хуримтлагдсан асуудлыг иргэд, хэрэглэгчдэд үүрүүлэх байдлаар шийдвэрлэх биш үүний зэрэгцээ Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨХК-ийнхан менежментийн шинэчлэл хийж, үйлдвэрлэж буй 1 МВт-ын зардал, хүний нөөцийн зардлаа бууруулах боломжоо судалж, шийдлээ Эрчим хүчний зохицуулах хороондоо хүргүүлэхийг Г.Лувсанжамц гишүүн санал болгов.

Төслийн өртөг нэмэгдэх эрсдэлийн талаар П.Сайнзориг гишүүн хэлээд, үүнээс үүдэн алдагдах боломжийн өртөг, үр дагаварыг тооцохыг сануулж байв.

Ийнхүү “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 83 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хуралдаанаар хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцуулга хийлээ.

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт боловсруулж, хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Э.Бат-Амгалан, Б.Батбаатар, Б.Заяабал, У.Отгонбаяр, Г.Очирбат, Р.Сэддорж, Г.Хосбаяр нар ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсгээс зөвшөөрлийн чиглэл бүрээр иргэн, хуулийн этгээдтэй гурван удаагийн хэлэлцүүлэг хийж, саналыг авсан бөгөөд зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд буюу Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд эсвэл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдтэй тус тус 14 удаагийн уулзалт, хурал хийжээ.

Мөн бусад улсын зөвшөөрлийн харилцааг зохицуулж буй хууль, эрх зүйн зохицуулалт, туршлагыг судлан, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг мэргэжлийн судлаач, зөвлөхүүдээс бүрдсэн хөндлөнгийн багаар гүйцэтгүүлжээ.

Улсын Их Хурал 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуулийг баталсан бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тус хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны төрөл, жагсаалт болон эдгээрт холбогдох суурь харилцааг зохицуулж байгаа юм.

Энэхүү хүрээнд хуулиар хориглоогүй буюу хуульд зааснаас бусад үйл ажиллагааг иргэн, хуулийн этгээд чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлсэн.

Хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, холбогдох байгууллагуудын мэдээлэлд үндэслэн тодорхой асуудлыг Байнгын хороонд танилцуулж байгаагаа ажлын хэсгийн санал, дүгнэлтэд дурдав.

Зөвшөөрлийг шинээр бий болгоход тухайн үйл ажиллагааг төрөөс зохицуулах шаардлагатай эсэх, зөвшөөрөл нь зохицуулалтын зохистой арга хэрэгсэл мөн эсэх, зөвшөөрөл нийгэм, эдийн засгийн хувьд үр ашигтай байх эсэх судалгаа хяналтын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангахгүйгээр Зөвшөөрлийн тухай хуульд тусгай, энгийн зөвшөөрөл нэмсэн, хассан, өөрчилсөн байна.

Мөн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зарим төрлийн үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалтыг хийгээгүйгээс бусад давуу байдал ашиг сонирхлын зөрчил үүссэн гэв.

Хуулиар захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хориглосонтой холбоотойгоор бүртгэлгүй захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөл олгох, хуулиар тусгайлан олгосон эрх хэмжээний харилцааг журмаар өргөжүүлжээ.

Зөвшөөрөлгүй эрхлэх үйл ажиллагааны салбарын хууль журмаар бүртгэл, эрх олголт, дүгнэлт гэх зэрэг баримт бичгүүдээр зөвшөөрөл олгож, эрхэлсэн байна.

Дээр дурдсан асуудал нь хууль хэрэгжихгүй байх гол нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд цаашлаад хэм хэмжээний уялдаа алдагдаж, сөрөг үр дагавар гарах өндөр эрсдэлтэй гэв. Зөвшөөрлийн тухай хууль нь салбарын 180 гаруй хуулийн зохицуулалтыг хангах суурь бөгөөд шийдвэрлэх харилцаа нь өргөн хүрээ хамардаг тул хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл, зөрчил, практикт гарч буй асуудлын шалтгаан, нөхцөлийг эрт илрүүлж, эдгээртэй уялдуулан хуулийг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай гэв.

Иймд ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор хуулийн биелэлтийг эрчимжүүлэх, холбогдох арга хэмжээ авах тухай чиглэлийг Засгийн газарт хүргүүлэх саналыг гарган, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэв.

Энэ төсөлд хуулийн хэрэгжилт биелэлтийг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх, зөвшөөрөл тус бүрд эрсдэлийн үнэлгээ хийх, аливаа үйл ажиллагааг дур мэдэн зөвшөөрүүлж байсан, хуулиас давсан журмаар зөвшөөрөл олгосон тохиолдолд хариуцлагын асуудлыг чангатгах, мөн зөвшөөрлийн хууль тогтоомжтой салбарын хуулийг нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зэрэг асуудлыг тусгасан хэмээн Х.Ганхуяг гишүүн танилцууллаа.

Ажлын хэсгийн санал, дүгнэлт, Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Г.Лувсанжамц нар асуулт асууж, Х.Ганхуяг гишүүнээс хариулт авав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан.

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 20 гишүүний 14 нь дэмжиж, “Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, холбогдох арга хэмжээ авах талаар чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдсан юм.

Дараа нь “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн, баталсан.

Төслийн талаар Байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулав. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3.13 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэг, 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалт, Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг тус тус үндэслэн холбогдох Байнгын хорооны төслийг боловсруулжээ.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан үг хэлсний дараа Байнгын хорооны төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 20 гишүүний 75 хувь нь дэмжсэн юм.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголын үеэр нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сонсголыг зохион байгуулахаар тогтов.

Нэр дэвшигчийн сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж даргална.

Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд тус тус нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэсэн.

Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн, даргад нэр дэвших 14 хүсэлт ирсэн бөгөөд үүнээс Сугарын Лхагвадорж, Тунсагийн Тэлмэн, Гэрэлтийн Тэлмэн, Гомбын Эрдэнэбаяр, Данзанбалжирын Энхжаргал, Ундраагийн Хосжаргал нарыг 6 хүнийг нэр дэвшүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тус бүрд нь дэмжив.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших 4 хүсэлт ирсэн бөгөөд Намсрайн Батнасан, Раднаасэдийн Даваадорж, Батбаатарын Мөнхзаяа, Бямбажавын Энх-Амгалан нарыг нэр дэвшүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэгбүрчлэн дэмжсэн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших 8 хүсэлт ирсэн бөгөөд Булганы Саруулын нэр дэвшүүлэхийг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд 3 хүн нэр дэвшүүлэх бөгөөд нийт 7 хүсэлт ирсэн байна. Ингээд санал хураалт явуулахад Мягмарсүрэнгийн Буяндэлгэр, Оюунтөгсийн Оч, Болдбаатарын Энхбаяр нарыг нэр дэвшүүлэхийг тус бүрд нь дэмжсэн.

Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх санал хураалтыг мөн явууллаа.

Тус зөвлөлийн гишүүнд нэр дэвших 3 хүсэлт ирсэн бөгөөд холбогдох дэгийн дагуу санал хураалт явуулахад Төмөрбаатарын Гарамжүгдэрийг нэр дэвшүүлэхийг гишүүдийн 70.6 хувь нь, Дамдиндоржийн Мягмарцэрэнг нэр дэвшүүлэхийг гишүүдийн 58.8 хувь нь дэмжив.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай болон холбогдох бусад хуульд заасны дагуу Улсын Их Хурлын дарга Санхүүгийн зохицуулах хорооны даргад, Сангийн сайд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус 1 гишүүнд, Монголбанкны ерөнхийлөгч Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус 1 гишүүнд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн 1 гишүүнд тус тус нэр дэвшүүлэх саналаа Байнгын хороонд ирүүлсэн гэдгийг Р.Сэддорж дарга танилцуулсан.

Эдгээр нэр дэвшигч 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн нэр дэвшигчийн сонсголд оролцох бөгөөд нэр дэвшигчийн сонсголын дараа тэдгээрийг нэр дэвшигчийг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэв.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.174.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.