“Эрдэнэс Тавантолгой” ХК дунд хугацааны “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулахаар тусгасан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн 1-р шатад 10 сая тонн коксжих нүүрсийг угааж 5.4 сая тонн баяжуулсан нүүрс, 3 сая тонн завсрын бүтээгдэхүүн (мидлинг) үйлдвэрлэнэ. Баяжуулсан 2.7 сая тонн нүүрсийг кокс үйлдвэрлэл, завсрын 1.5 сая тонн мидлингийг Тавантолгой ДЦС-ын эрчим хүч үйлдвэрлэлд ашиглаж, дотоодын хэрэглээнээс илүү гарсан 2.7 сая тонн баяжуулсан нүүрс болон 1.5 сая тонн завсрын бүтээгдэхүүнийг хувийн хэвшлийн үйлдвэрлэлийг дэмжих, нэгдлийн аж үйлдвэрийн гинжин хэлхээг бүрдүүлэх, бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилгын хүрээнд ашиглана. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор Тавантолгой ордын харьцангуй чанар, эрэлт муутай 0, 5, 8, 9 дүгээр давхаргуудыг олборлон баяжуулж нэмүү өртөг шингээх, уурхайн насжилтыг уртасгах боломж бүрдэнэ.
Кокс-эрчим хүчний үйлдвэр нь хүлээн авах, бэлтгэх, хөргөх, хатаах, коксжуулах, хаягдал дулааны эрчим хүч үйлдвэрлэх дэд бүтцүүдээс бүрдэх бөгөөд 2.7 сая тонн баяжуулсан нүүрсийг боловсруулж 2 сая тонн хатуу кокс, 107 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ. Кокс үйлдвэрлэх явцын дулааны задралаас гарган авсан эрчим хүчээр үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн хангана.
Кокс-эрчим хүчний үйлдвэрээс гарах 0.5 сая тонн хатуу коксыг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэрт нийлүүлж хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг бий болгоно. Дотоодын хэрэглээнээс илүү гарсан 1.5 сая тонн коксыг нэгдлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилгын хүрээнд экспортолно.
Мөн Улсын Их хурлын Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай тогтоолд тусгагдсан Тавантолгой дулааны цахилгаан станцыг ашиглалтад оруулахад нэгдлийн зүгээс хамтран ажиллана. Ингэснээр Өмнийн бүсийн уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдах эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох бөгөөд эрчим хүчний импортын хэрэглээг бууруулна.
Нэгдлийн аж үйлдвэрийн гинжин хэлхээг бүрдүүлэх бодлогын хүрээнд баригдах Нүүрс-Химийн үйлдвэр нь Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарах 1.5 сая тонн завсрын бүтээгдэхүүн (Мидлинг) болон 5 сая тонн эрчим хүчний чулуун нүүрс ашиглан метанол, бордоо (аммиак), шингэн түлш үйлдвэрлэнэ.
Нүүрс-химийн үйлдвэр нь “Нүүрс-химийн цогцолбор Багануур ҮТП”-ийн гүн боловсруулалтын технологитой ижил, нүүрсийг хийжүүлэх, нийлэгжүүлэх процессын аргаар нүүрснээс нийлэг хий, метанол гарган авч, улмаар нийлэг хий суурьтай олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ. Тухайлбал гүн боловсруулалтаас гарах бордоог газар тариалан төдийгүй уурхайн нөхөн сэргээлтэд мөн ашиглах боломжтой.
Эдгээр Кокс-эрчим хүч, нүүрс-химийн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулснаар нэмүү өртөг шингэсэн, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэгдлийн хүрээнд дэвшүүлсэн ногоон хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх бодит алхам болно.
Кокс-эрчим хүч, Нүүрс-химийн үйлдвэрийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлд дунд хугацааны стратегийн хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлж хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх суурийг бий болгоно. Үүнд:
- Олон улсын итгэмжлэгдсэн лабораториудтай хамтран технологийн сонголт, горимыг оновчилж, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх судалгааг хийнэ.
- Үйлдвэрийн дэд бүтэц, эрчим хүч, ус хангамж, логистикийн судалгааг хийж, үйлдвэрлэл технологийн паркийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна.
- Олон улсын стандартад нийцүүлэн технологийн горим, химийн хорт бодис, тэсрэх материалын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэнэ.
-
10 цаг 40 мин
-
10 цаг 59 мин
-
11 цаг 3 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин