Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутагт металлургийн үйлдвэрлэл, цутгуур, ган бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр 41 "Дархан" үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, ширэм, ган бэлдэц, барилгын арматур, булан төмөр, метал эдлэл, метал хийц, ХАА-н тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Тус байршилд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК Төмөртэйн төмрийн хүдрийн стратегийн ордыг түшиглэн металлургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Төмөртэйн ордыг иж бүрэн буюу бага агуулгатай төмрийн хүдрийн нөөцийг бүрэн ашиглах, уурхайн насжилтыг уртасгах, улс, орон нутгийн эдийн засагт оруулах үр ашиг, барилгын үндсэн материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулна. Төмөртэйн төмрийн хүдрийн стратегийн орд нь 220 сая.тн төмрийн хүдрийн нөөцтэй, аймгийн хэмжээнд дэд бүтэц сайн хөгжсөн, 104.6 мянган иргэн амьдардаг, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд шаардлагатай ШУТИС-ийн харьяа Технологийн дээд сургууль, 3 политехникийн коллеж үйл ажиллагаа явуулдаг.
Паркийн суурь үйлдвэр болох гангийн үйлдвэрийг дэд бүтцийн хамт байгуулж эхний ээлжид 500 мян.тн ширэм, 500 мян.тн ган бэлдэц үйлдвэрлэж, ган бэлдцээс барилгын арматур, булан төмөр, төмөр утас зэрэг ган бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээр дотоодын барилгын арматурын хэрэгцээг бүрэн хангана.
Засгийн газрын 2023 оны 145 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн Дархан, Хонгор сумдын нутаг дэвсгэрийн нийт 77.7 га талбайг Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авсан. Дагаж хөгжих боловсруулах үйлдвэрүүдийг төр-хувийн хэвшил, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурлан байгуулна.
-
11 цаг 24 мин
-
11 цаг 29 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин