Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч иргэн бүрд 135 мянган төгрөг өнөөдөр олгоно
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авах асуудлыг судлан шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэн бүрд 104.0 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256.0 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.
"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2024 оны хүлээгдэж буй цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тохиолдолд нэгж хувьцаанд ногдох дүн 350 төгрөг буюу 1072 хувьцаатай Монгол Улсын иргэнд 357.2 мянган төгрөг, албан татвар суутгасны дараах дүнгээр 337.7 мянган төгрөг хуваарилагдах урьдчилсан тооцоололтой байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийхдээ
“Алдагдалтай ажилладаг байсан “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар 4.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан байна. Ногдол ашиг дунджаар хувьцаа эзэмшигч иргэн бүрд 350 орчим мянган төгрөг ногдохоор байна. Хүйтний улирал, инфляц зэргийг харгалзан ногдол ашгийг гурав хувааж олгох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан. Хуримтлалын сантай ижил дүнгээр буюу 135 мянган төгрөг өнөөдөр олгогдох болно” гэж хэллээ.
Үндэсний баялгийн санг “Чингис сан” гэж нэрлэв
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
Тус тогтоолоор Үндэсний баялгийн сангийн 2024 оны төвлөрүүлсэн орлогоос Хуримтлалын сан, Хөгжлийн Сан, Ирээдүйн өв санд хуваарилж, 2025 оны зорилтот түвшинг хангуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
Мөн Үндэсний баялгийн санг Их Эзэн Чингис хааны нэрээр “Чингис сан” гэж нэрлэхээр тогтлоо.
Хөгжлийн сангаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар судалж, шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөрт үүрэг болгов.
Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгуулах болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрсний ордыг түшиглэн, нам температурт боловсруулан түүхий нүүрсэнд агуулагдах хорт нэгдэл, дэгдэмхий бодисыг бууруулах, утаа багатай хөх нүүрс үйлдвэрлэх нүүрс-пиролизын үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд багтааж эхлүүлэхээр боллоо.
Бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж, олон улсад туршлагатай, технологи эзэмшигч бүхий гүйцэтгэгчийг түргэн шуурхай сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дүнг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ
Нийслэл Улаанбаатар хот, аймгийн төв төдийгүй томоохон сум суурин газрын агаар дахь бохирдуулагч бодисын агууламж нэмэгдэж, стандартад заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлж байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагыг өнөөдрөөс /2024 оны арванхоёрдугаар сарын 20/ 2025 оны гуравдугаар сарын 01 хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Агаарын тухай хууль, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, нийслэлийн бүх шатны Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад үүрэг болголоо.
Мөн Агаарын тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжүүлж хангаж ажиллахыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотын сэргээн байгуулах тухай” зарлигаар “ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн "Орхоны хөндийн соёлын дурсгалт газар"-ын өв, соёлыг хамгаалах, төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлийг Засгийн газарт өгсний дагуу Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай долоон бүлэг, 36 зүйл бүхий анхдагч хуулийн төсөл болон түүнийг дагалдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийн зорилго нь бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй ногоон, техник, технологийн дэвшилд суурилсан Хархорум хотыг төлөвлөх, төлөвлөлт хийхэд тавигдах шаардлага, хотыг бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах юм.
-
11 цаг 56 мин
-
12 цаг 15 мин
-
12 цаг 20 мин
-
Уржигдар 19 цаг 35 мин
-
2024-12-19
-
Уржигдар 16 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 53 мин