Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай хэлэлцэж байна.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдах хууль тогтоомжид тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч, 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд холбогдох хуулиудыг хүчингүй болгосон. Иймээс Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хууль өргөн мэдүүлж, 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд баталсан. Тиймээс нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг боловсруулан танилцуулж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд ДНБ-ий өсөлтийг 8 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 6 хувиар тооцсон. Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэрэгжүүлж буй төрийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд татвараа уялдуулж, бизнес эрхлэгчдийн татварын орчинг хялбаршуулж, татвар төлөлтийг нэмэгдүүлэх, бүртгэлийг сайжруулснаар татварын суурийг өргөжүүлж, холбогдох хуулийн дагуу үр ашигтай байхаар боловсруулсан.
1. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлнэ
2. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна
3.Хотын холбоос замыг нэмж, ниитийн тээврийг цогц шинэчилж, түгжрэл бууруулах
4. Өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилтыг тавьсан.
Нийслэлийн төсөвт 2025 онд 3.856.3 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2024 оныхоос 648.9 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 898.8 тэрбум буюу 30.4 хувиар өссөн дүнтэй байна.
Энэ өсөлтөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 210.9 тэрбум төгрөгөөр, Хувь хүний орлогын албан татвар 251.9 тэрбум төгрөг, Хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум, татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр байгаа нь голлон нөлөөлж байна.
Нийслэлийн төсвийн орлогын 85.9 хувь буюу 3.314.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдсэн 14.1 хувийг 541.9 тэрбумыг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Нийт зарлагын 38.1 хувь буюу 1.329.9 их наяд төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1.720.2 их наядыг хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлт, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүрэгт санхүүгийн дэмжлэг олгохоор тооцлоо.
Нийслэлийн 2025 оны төсвийн урсгал зардлын төсөлд 811.8 тэрбум төгрөг буюу 61.1 хувийг хотын шуудын урсгал зардалд, 517.5 тэрбум төгрөг буюу 38.9 хувийг есөн дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна.
Нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгөөр нийт 4.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Үүнд, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.6 их наяд, нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар 153.2 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24.1 тэрбум төгрөг, нийт 1.7 их наяд төгрөгийг шинэ 96 төсөл арга хэмжээ, шилжин хэрэгжих 68 төсөл, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 2.188.2 их наяд төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024-2025 онд дамжин санхүүжих 742.6 тэрбум төгрөгийн 263 төсөл арга хэмжээг тус тус санхүүжүүлэхээ төсвийн төсөлд тусгалаа.
Үүнээс 50.5 хувь нь авто зам, 27.7 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 10.5 хувь нь нийгмийн, 11.3 хувь бусад салбарт хэрэгжихээр тусгалаа.
Гадаадын зээл тусламжаар нийслэлд нийт 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлийн гэрээ бүхий 15 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 2024 оны эхний хагас жилийн байдлаар 577.5 тэрбумын ашиглалт гарсан байна. Дамжуулан зээлийн 2025 оны төсвийн төсөлд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 56.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрт, 21.4 тэрбумыг хүүгийн төлбөрт төлөхөөр тусгалаа.
Мөн дотоодын зах зээлд 1 их наяд, гадаад зах зээл дээр 500 сая ам.долларын үнэт цаас гаргах зөвшөөрлийг олгож, 2025 онд үнэт цаасны өрийн үйлчилгээний төлбөрт 327.2 тэрбум төгрөг, үүнээс 20.6 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс, 106 тэрбумыг замын сангаас, 65 тэрбумыг хэрэгжиж буй төслөөс, 135.6 тэрбумыг хүүгийн орлогоос санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа.
Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 2025 онд нийслэлд хуваарилж буй шилжүүлгийн орлогоор 60.3 тэрбум төгрөгөөр батлагдсан нь 2024 онтой харьцуулахад 10.1 тэрбумаар өссөн байна. Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлтөөр Орон нутгийн хөгжлийн сангаас нийслэлд хуваарилагдсан шилжүүлгийн орлогыг холбогдох итгэлцүүрийн дагуу хот дүүргийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилна. Төсвийн тухай хуулийн 56 зүйлд заасны дагуу БГД, БЗД, СБД, ЧД, ХУД, СХД-ийн төсвийн суурь зардлыг 70 хувь болох 294.7 тэрбумыг төсөвт зарцуулахаар үлдээж, нийслэлийн төсөвт 1.423 их наядыг төвлөрүүлэхээр тооцлоо.
-
12 цаг 50 мин
-
13 цаг 55 мин
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
Уржигдар 17 цаг 50 мин
-
Уржигдар 12 цаг 22 мин
-
Уржигдар 12 цаг 18 мин
-
2024-12-19
-
Уржигдар 18 цаг 00 мин
-
2024-12-18