Д.Түвшинжаргал: Уурхайчдын баяраа бид бодит үр дүн, онцлох олон үзүүлэлтээр угтаж байна
Үйл явдал
/
12 цаг 25 мин

Төвийн бүсийн эрчим хүчний тулгуур уурхай “Багануур” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргалтай ярилцлаа. Тус уурхайн хамт олон Монгол Улс эрчим хүчний хэрэгцээт нүүрсний 50 гаруй хувийг дангаараа ханган биелүүлж ирсэн. Монгол Улсаа гал алдуулахгүйн тулд жилийн 365 хоногт 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, ачааны хүндийг үүрч яваа уурхайчид энэ цагийн эгэл баатрууд билээ.

-Төрийн өмчит компани гэхээр л  олон жил үргэлжилсэн алдагдал, өр зээлийн дарамт нийтлэг яригддаг. “Багануур”-ын хувьд энэ асуудал хэр байдаг вэ. Хамгийн сүүлд танайх нэлээн том дүнтэй өрөө тэглэсэн гэсэн. Эндээс яриагаа эхэлж болох уу?

-Болно оо. Нээлттэй шүү дээ. Ний нуугүй хэлэхэд таны хэлсэн асуудал манайхыг ч тойроогүй. Өнгөрсөн хугацаанд байсан, одоо ч үргэлжилж байгаа. Өр зээлийн дарамт, хуримтлагдсан алдагдал компанийн санхүүгийн үзүүлэлтийг муутгаад зогсохгүй уурхайчдын хөдөлмөр, зүтгэлийг үгүйсгэж, урам зориг, бахархалд хүртэл толбо болж байсан. Үүнийг бид нуухгүй. Харин яаж энэ алдагдлыг бага байлгах уу, өр зээлийн дарамтаас богино хугацаанд гарах уу, санхүүгийн хүндрэлийг хэрхэн яаж арилгах вэ, менежментийн чиглэлд ажил авсан цагаасаа хойшоо илүү их анхаарал хандуулж, гарц шийдэл эрэлхийлсэн. Үүний үр дүн ч эхнээсээ гарч эхэлж байна. Энэ онд бид 23.5 тэрбум төгрөгийн өрөө бүрэн төлж барагдууллаа. Уурхайчдын нуруун дээрээс их ачаа тэр хэрээр хөнгөрч байна л гэсэн үг.

-Энэ өр зээл хэзээ үүсчихсэн байсан юм бэ?

-Дөрвөн жилийн өмнө Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлээр манайх техник шинэчлэл хийх гэрээ байгуулж, энэ зээлийг авсан юм билээ.

-Эрчим хүчний салбарт өвлийн оргил ачааллын үе эхэлсэн. “Багануур”-ын хувьд энэ их ачаалал, хариуцлагаас хуваалцаж, үүрч яваа хамт олон. 1200 гаруй уурхайчныг удирдан чиглүүлэх таны ажлын өглөө хэрхэн эхэлдэг вэ?

-Уурхайчид маань аюул осолгүй, эрүүл энх, бүрэн бүтэн байгаасай гэсэн бодлоос л өглөө эхэлдэг. Манайхан хүнд нөхцөлд ажилладаг. Уурхайчид зогсох эрхгүй. Тийм болохоор гар утсаа ч салгах эрх бидэнд байхгүй. Бэлэн байдалд байна гэсэн үг. Уурхайн талбарт ажиллаж байгаа машин механизм, тоног төхөөрөмж насжилт өндөр, нэлээд нь хуучирсан. Элэгдэл, эвдрэл ч энэ хэрээр гарна. Зарим тоног төхөөрөмж 30 гаруй жил тасралтгүй ажиллаж байгаа. Түүнийгээ бид өөрсдийн нөөц боломжоор сэлбэж засах байдлаар л өнөө хүртэл төлөвлөгөөг таслахгүй гэж зүтгүүлж яваа. Тийм болохоор уурхайчдынхаа аюулгүй байдал, хөдөлмөр, эрүүл ахуйн нөхцөлд бид хамгийн түрүүнд санаа зовнидог. Насжилт өндөр техникээр ажил гүйцэтгэж, уурхайд ажиллаж байна. Сонголтгүй учраас л тэр. Нэг үгээр маш эрсдэлтэй нөхцөл рүү уурхайчнаа илгээж байна гэсэн үг.

Уурхайн захирлыг гаднаас харах магадгүй хүмүүст өөр санагддаг байх. Амьдрал дээр бол маш их хариуцлагатай ажил. Өглөө төлөвлөгөө яаж биелэв, хаана бид алдав, хаана техник, тоног төхөөрөмж саатав, ямар зөрчил гарав, хамгийн гол нь аюулгүй ажиллагаа. Эдгээр мэдээлэлтэй танилцахаас эхэлнэ. Үүний дараа бол тухайн өдрийн төлөвлөгөөт ажил залгана.

-Уурхайд нэн чухал зүйлийг та сая яриандаа хэлчихлээ. Дараагийнх нь таны хувьд юу байж болох вэ?

-Хамгийн чухал нь хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуй. Дараагийнх нь санхүү. Алдагдалтай компанийн захирал яаж үйл ажиллагааг хэвийн явуулах вэ гэдэг чинь бас л толгойны өвчин. Энд ашигтай биш, алдагдалтай компанийн тухай ярьж байгаа болохоор бодит өртөгт хүргэх асуудал чухал байгаа юм. Аяга цайг та 1000 төгрөгөөр үйлдвэрлээд, түүнийгээ 800 төгрөгөөр зар гэвэл та хийх үү, энэ бизнест хүмүүс итгэх үү. Манайх ийм байдлаар л ажиллаж ирсэн. Алдагдалтай ажиллаж байгаа компанийн захирлын хувьд санхүүгээ зөв удирдах, алдагдлыг яаж бага байлгах уу эндээс л  бидний олон жилийн хүндрэлийн ужиг асуудал эхэлж байгаа юм. Энэ жилийн бизнес төлөвлөгөөгөөр 7.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төсөв батлагдсан. Алдагдлаа бид бууруулахаар ажиллаж байна. Том уурхайн захирал байж гэж хүн бодох л байх. Гэтэл нийгмийн хариуцлагын хүрээнд, төрөөс дотоодын эрчим хүчний нүүрсний үнийг хүчээр олон жил барьж ирсэн болохоор ийм зовлонг туулж байгаа юм. Технологийн ажлын оновчлол, зардлыг бууруулахад нэлээд анхаарч ажиллалаа. Хэмнэлт эндээс тодорхой хэмжээнд гаргаж чадсан.

-Багануурын уурхай хэр том айл вэ. Өнөөдөр хэчнээн хүний ажил, амьдралын баталгаа болж байна вэ?

-Манайх өнөр өтгөн, олуулаа. 1200  гаруй уурхайчинтай. Үүний 1000 гаруй нь эрчүүд байна. 700 гаруй нь айл гэрийн өрхийн тэргүүн. Мөн манай компани Багануур дүүргийн татварын орлогын 46 хувийг, Нийслэлийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласан усны 99.4 хувийг дангаараа бүрдүүлдэг. Энэ тоон үзүүлэлт, статистик манай нийгэм, эдийн засгийн ач холбогдол, хүлээж буй үүрэг, хариуцлагыг илүү тодорхой илтгэх юм болов уу. 

baganuur_2424-Багануурын уурхайчдын бахархал нь юу вэ?

-Ард иргэдээ тог цахилгаан, дулаантай байлгаж байгаа нь бидний хамгийн том бахархал. Эх орныхоо байгалийн баялгийг 100 хувь монгол уурхайчид, монгол инженерүүдийн ур ухаан шингээн хэн нэгнийг ялгахгүйгээр хүртээмжтэйгээр бид хүргэж байна гэж ойлгодог. Баялагтаа эзэн байна гэдэг чинь манайд хэрэгжиж байгаа. Баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгож, айл бүрт дулаан, цахилгаан болгон хүргэж байна. 100 хувь эцсийн бүтээгдэхүүн буюу эрчим хүчний салбараараа дамжуулж уур ус, дулаан, тог цахилгаанд иргэдэд хүрч байгаа хэрэг. Уур гэхэд л үйлдвэр, аж ахуйн нэгжийн гол хэрэглээ. Үйлдвэрлэл явуулах суурь нь байдаг. Хүнсний үйлдвэр, арьс шир гээд бүгдэд нь хамаатай.

Дахин хэлэхэд энэ бидний хамгийн том бахархал. Эрчим хүчний салбарын хамт олноороо дамжуулан төмөр замчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд дээрх бидний хамтын амжилт, ололт бий болж байгаа юм. Монгол эх оронд минь дөнгөж төрөх шинэ хүн, амьдралдаа алдаж эх чөлөөгөө хасуулсан иргэндээ ч, эх орноо батлан хамгаалж байгаа эр цэрэгт ч бидний ажлын үр дүн тэгш хүрдэг. 

-“Нүүрсний хулгай” гэдэг үг нэлээд олны танил боллоо. Танайд нүүрсний хулгай байдаг уу?

-Нүүрсний ямар нэгэн хулгай байхгүй. Манай бүх систем ил тод, нээлттэй болсон. Төрийн өмчит компани гэхээр хулгай нүүрлэсэн, эсвэл танил талаа ажилд авдаг гэдэг тэр ойлголт байдаг. Бид үүнийг өөрчилье гэж зорьсон. Санхүүгийн сахилга бат, худалдаа, хангамжийн ил тод байдал, хүний нөөц, тендер гээд энэ бүх мэдээллээ нээлттэй байлгах, олон нийтэд үйл ажиллагаа маань хаалттай байх ёсгүй гэсэн зарчим баримталсан. Төрийн өмчит компани гэхээр л шахаа хийдэг гэх энэ муу нэрнээс салгах, энэ ойлголтыг байхгүй болгохыг зорьж ажилласан. Үр дүн нь ч гарч байгаа. Төрийн өмчит компани гэхээр мөнгө санхүү нь гарын салаагаар урсаж байдаг юм шиг ойлголт ч бий болсон. Ийм зүйл огт байж болохгүй. Засах, сайжруулах хичээл, зүтгэл талаар болсонгүй, хамт олон, багаараа уурхайн үзүүлэлтээ ахиулаад ажиллаж байна.

-Уулын ажил, бүтээлд тоног төхөөрөмжийн бүтээмж, шинэчлэл ямагт чухал. Үүнд хэр анхаарал хандуулав?

-Сүүлийн хоёр жилд өөрийн хөрөнгөөр автотехникийн шинэчлэлийг эхлүүлсэн. Урьд нь Засгийн газар, олон улсын зээл, эсвэл толгой компанийн дэмжлэгээр хийдэг байсан бол сүүлийн хоёр жил 10 технологийн авто машиныг өөрийн хөрөнгөөр шинэчилсэн. Ямар нэгэн зээл, тусламжгүйгээр гэсэн үг. Ирэх жил уулын тоног төхөөрөмжөө шинэчлэхээр төлөвлөж байгаа. Бид 2024 онд Дунд хугацааны техник эдийн засгийн үндэслэлээ Эрдэс Баялаг Мэргэжлийн зөвлөлөөрөө батлуулан хүлээн авсан. Дараа дараагийн жилүүдэд техникийн шинэчлэлтийг Техник эдийн засгийн үндэслэлтэйгээ уялдуулан үе шаттай шинэчилнэ.

baganuur_241212_1 -Танай компанийн дараагийн амбиц, хүрэх цэг юу вэ. Өсөлт хөгжлийн цэгээ та бүхэн шинээр тодорхойлсон уу?

 -Олборлолтоос боловсруулалт руу бид очих цаг нь болсон. Зөвхөн эрчим хүчний салбараар манай үйл ажиллагаа хязгаарлагдах ёсгүй. Бидэнд маш их нөөц боломж байна. Нүүрсээ дахин боловсруулах замаар Улаанбаатар хотын энэ агаарын бохирдлын асуудлыг ч шийдэх боломж, гарц харагдаж байгаа. Нүүрсний нөөц маань 700 орчим сая тонн. Газар зүйн байрлалын хувьд бидэнд том давуу тал байна. Мэдээж хамгийн том уурхай байна, төмөр зам, дэд бүтэц нь байна. Байгаль цаг уурын таатай нөхцөл нь байна. Боловсруулалт бол манай уурхайг дараагийн түвшинд авчрах хөшүүрэг, нэг тулах цэг. Баялгийн нөөцөөс гадна хүний нөөц нь байна. Нүүрснээс улс орны эдийн засаг, эрчим хүч хамаарч байна.

Нүүрсний буян их. Бид л боловсруулж, нэмүү өртөг шингээж, цэвэршүүлж, үнэ цэнийг нь гаргаж чадахгүй байгаа болохоос дэлхийн улс орнууд нүүрсийг бүхий л салбарт өргөн ашиглаж, бордоо хүртэл болгож байна. Гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний технологийн бүтээгдэхүүн хүртэл гарган авч байна. Өнөөдөр бид нүүрсийг боловсруулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах хөх нүүрс гаргах боломжтой байна. Дараагийн үе рүү орох, дэвших, шилжилтийн үедээ Багануурын уурхай ирээд байна. Хүнээр бол эрийн цээнд хүрлээ. 46 настай уурхай. 46 настай эр хүн ямар байдаг билээ, дараагийн үеэ бэлдэх, хөгжлийн дараагийн түвшинд очих, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, илүү их ачаа үүрэх цаг. Багануурын уурхай эрчим хүчний салбараас дан ганц хараат бус, хөтөлгөө морьтой болох, сайжруулсан түлш, газ зэрэг бусад нүүрснээс гарах дагалдах бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийх, зоригтой алхам хийх цаг болсон.

-2024 он та бүхний хувьд ямар жил болж өнгөрч байна вэ?

-Манай хамт олны хувьд 2024 оны ихээхэн онцлог жил болон өнгөрч байна. Энэ онд бид хамт олноороо, 1200 уурхайчин, тэдний гэр бүл хамтдаа хичээсэн жил байлаа. Төрийн өмчит компаниуд нэгдэл болж ажилласнаар менежментийн үр нөлөө маш бодитой гарч байгаа. Ялангуяа “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд орсноор толгой компанийн сайн менежмент бидний үйл ажиллагаанд ч тусгалаа олж, өсөлт, хөгжлийн эхлэл тавигдаж байна. Манайх нэгдлийн бүрэлдэхүүний ууган охин компани нь. Эдийн засаг, санхүү, байгаль цаг агаарын хүнд нөхцөлд уулын ажлын үзүүлэлтээ хөрснөөс бусдыг нь давуулан биелүүлсэн. Санхүүгийн хувьд нэг тонн тутамд 13 мянган төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан. 12 сарын 1-нд өртөгт нь хүрсэн. Эрчим хүчний салбарыг түлшээр хангах үүргээ нэр нөртэй биелүүлсэн. Станцуудтай байгуулсан гэрээний дүнгээ давуулан биелүүллээ. Нэмэлт нүүрс өгсөн. Сорилт, бэрхшээл, хүндрэл хэдий байсан ч эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг түлшээр найдвартай хангаж, төлөвлөгөөт зорилтоо 98 хувиар биелүүлэн ажилласан байна.

Манай компани эрчим хүчний реформыг манлайлж оролцсон. Ингэж оролцохоос ч өөр арга байгаагүй. Нөхцөл байдал бүхий л түвшинд л хүндэрсэн байсан. Цахилгаан станцууд, нүүрсний уурхайнууд дээр байдал сайнгүй байсан. Олон жилийн алдагдал өртгөөс хэд дахин давсан. Тиймээс реформыг түүчээлж оролцсон хэрэг. Нүүрсний үнэ, өртгийн зөрүүнээс хоногт 130 гаруй сая төгрөгийн алдагдалтай байсан хэдий ч зөв төлөвлөж, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлж ажилласны үр дүнд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан нийгмийн даатгалын өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Бидний ажил хөдөлмөрийг “Эрдэнэс Монгол” нэгдлээс үнэлэн 2024 оны Менежментийн үйлчилгээг хамгийн сайн хэрэгжүүлэгч компаниар шалгаруулан “Алтан Эрдэнийн Цом”-оор шагналаа.

baganuur_uurhaj -Хүний асуудал хамгийн том асуудал болж эхэлж байна. Уурхайчдаа хэр халамжилж, төлөвшүүлэх, хөгжүүлэх, нийгмийн асуудлыг нь хамт шийдвэрлэхэд оролцож байна вэ?

 -Манай уурхай эрчим хүчний тулгуур уурхай. Уурхайгаас гарч ирж байгаа баялаг чухал, гэхдээ уурхайчдын гэр бүл, эрүүл мэнд, төлөвшил, боловсрол, хувь хүний хөгжил, эдийн засгийн хувьд санхүүгийн суурь нь бат бэх байх бүр чухал. Тэгж байж улсынхаа хөгжилд эд эс нь болно. Уурхайн баялаг уурхайчин. Тиймээс бид хамт олны соёл, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, хөгжлийн хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлж, улам бэхжүүлэх, цар хүрээг нь нэмэгдүүлэхийг зорьж ирсэн. Мэргэжлийн сэтгэлзүйчтэй болсон. Ажилчдаа сургах ажил маань цар хүрээгээ тэллээ. Эдийн засаг, нийгэм, хөгжлийн сангаа шинэчилсэн. Жил болгон 10 ажилтнаа их, дээд сургуульд сурахад нь дэмжлэг үзүүлдэг болж байна. Манай ажилчдын хүүхдээс болон уурхайд нэн шаардлагатай мэргэжлээр Политехникийн коллежид сурч байгаа хүүхдүүдэд тэтгэлэг өгөх ажил эхэлсэн. 10 ажилтандаа орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлдэг боллоо. Ажилчиддаа мөн эрүүл мэндийн дэмжлэг үзүүллээ. Шинэ санаа, инновац, шийдэл гаргасан ажилтнаа урамшуулдаг боллоо. Бүтээмжийн шийдлийг журмаараа урамшуулах ажил эхэлсэн.

Бид нар сүүлийн хоёр жил дараалан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт уурхайчдаа хамрууллаа. Бүх ажилчдын хоолны цэс шинэчлэгдэж, зохистой, чанартай байлгахад анхаарч эхэлсэн. Хоолны технологи, цэсээ өөрчилсөн. Уурхайчдын спортын 15 дугаар наадмаа жилийн турш хийж байгаа. Өмнө нь ерөөсөө 45 хоногт дуусгадаг байсан бол энэ жил нэг жилийн турш үргэлжлүүлж, сард 1-2 төрлийн спортоор тэмцээн уралдаан зохион байгуулж байна. Монгол Улсад шинэ тутам хөгжиж байгаа корнхол, сопт-волейбол, кёрлингийн спортын төрлийг эндээ оруулж байгаа. Ажилчдынхаа цалинг шинэ аргачлалаар нэмэгдүүллээ. Ур чадвар, бүтээмжид суурилсан гэж хэлж болно. 1200 гаруй хүн гэдэг том баг хамт олон. Байгууллагын соёл, төлөвшил энд чухлаар тавигдах ёстой. Бид уламжлалыг гээхгүй, шинэчлэлийг орхигдуулахгүй уурхайчдынхаа хэрэгцээ шаардлагыг аль болох мэдэрч ажиллахыг хичээж байгаа.

Манай цалин уул уурхайн салбарын дундаж цалинтай харьцуулахад өндөр биш. 10, 20 жилийн өмнө арай өөр байсан байж магадгүй. Одоо уул уурхайн салбараасаа доогуур цалин авч байгаа. Бид нарт байгаа үнэт зүйл бол Багануур хот, манай уурхайчид. Уурхайчид маань гэр бүлтэйгээ хамт нэг дор ажиллаж байна, орон зай, цаг хугацааны ялгаа, зөрүү байхгүй. Энэ бол маш давуу тал. Манайхан ч тогтвор суурьшилтай ажилладаг. Ажилчидтайгаа жилд хоёр удаагаа алдаа, оноогоо бид хэлэлцдэг. Оргил ачаалал эхлэхийн өмнө ажлаа ярьдаг. Манайх дөрвөн улиралтай бол Багануур компани маань хоёр улиралтай. Бид өвлийн оргил ачаалалд бэлдэх, өвлийн оргил ачааллаа давах гэсэн хоёр улирлын дунд ажил, амьдрал буцалж байна.

-Залуучууд нийт ажилтны хэчнээн хувийг эзэлж байна вэ. Залуу үеэ танайхан хэр бэлтгэж байна вэ?

-Манай нийт ажилтны 50-аас дээш хувь нь 0-10 жил ажиллаж байгаа, шинэ ажилчид гэсэн үг. Тэднийгээ бид сургах, төлөвшүүлэх, хамт олны нэг хэсэг болох, мэргэшүүлэх, ур чадварыг нь сайжруулах, хүний нөөцийн асар том сорилт бодлогын өмнө ирсэн. Хүний нөөцийн том өөрчлөлт хөдөлгөөн ч өрнөж байна. Урьд нь манай ах нар олон жил ажилласан, мэргэжлийн ур чадвартай, туршлагатай. Төрөөс бодлогоор тэднийг үндэсний хэмжээнд бэлтгэсэн байсан. Өнөөдөр бол боловсролын чанар стандарт ямар байгаа билээ, тэр олон залуучуудыг бид нар өлгийдөн авч зөв хүн болгох, төлөвшүүлэх, хамт олон гэдгийг харуулах, таниулах, уурхайчин болгох соёл, дадал,  эрдэм мэдлэг, ажлын байранд сургах үйл явц үргэлжилж байна. Багануурын уурхай эрчим хүчний тулгуур уурхайгаас гадна уул уурхайн салбарын маш олон боловсон хүчнийг бэлтгэж байгаа их уурхай. Маш олон залуучууд маань Эрдэнэс Тавантолгой, МАК, Эрдэнэт болон бусад уул уурхайн томоохон төслүүдэд ажиллаж байна.

Та бид хоёрын энэ ярилцлага уурхайчдын баярын өдрөөр нийтлэгдэхээр байгаа. Монгол Улсад орчин цагийн уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ойн мэндийг танд болон танай хамт олонд угтан хүргэе. Та хамт олондоо болон нийт уул уурхайн салбарынхандаа хандаж мэндчилгээ дэвшүүлнэ үү?

-Баярлалаа.  Манай салбарын түүхэн тэмдэглэлт өдөр бол яах аргагүй 12 дугаар сарын 25 байдаг. Энэ ярилцлага маань хүрэх тэр цаг мөчид ч уурхайнхаа мөргөцөгт, гүнд ажиллаж буй уурхайчин нөхөддөө баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсье. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй уурхайчдын үүрэг, оролцоог үгээр хэлж, тоогоор үнэлж баршгүй. Эрчим хүчний салбарын тулгуур уурхай болсон “Багануур” компанийн хамт олондоо, нийт уурхайчиддаа Уурхайчдын баярын мэндийг дахин хүргэе.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.54)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.