ОНЫ ОНЦЛОХ ШИЙДВЭР: МОРДОХЫН ХАЗГАЙ буюу ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГТ БҮДЭРСЭН 2025 оны ТӨСӨВ
З.Батхуяг
Нийтлэл
/
12 цаг 12 мин

Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.

МОРДОХЫН ХАЗГАЙ буюу ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГТ БҮДЭРСЭН 2025 оны ТӨСӨВ

Ирэх онд улс даяар хийгдэх ажил, эхлэх төсөл, үргэлжлэх бүтээн байгуулалтын нийлбэр санхүүжил болох 2025 оны улсын төсөв нэлээд “ээдрээтэй замаар” явсаар арай гэж батлагдав. Засгийн газраас хуулийн хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 01-нд төсвийн төслөө УИХ-ын даргад өргөн барьж, УИХ-ын чуулганаар мөн л хуулийн хугцаанд дөрвөн удаа буюу 70 хоног хэлэлцэж арай гэж батласан ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИВ. Ингэснээр ТӨСӨВ гацаанд орж, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан анхны тохиолдол болов. Ямартай ч УЛСЫН ТӨСВИЙГ УИХ хуулиараа дахин хэлэлцэх ёстой. Гэвч их хурал төсөв зохиодоггүй, зөвхөн хэлэлцэн баталдаг болохоор хууль санаачлагч тал буюу Засгийн газарт буцаах нь зөв байв. Гэхдээ хуулийн хувьд алдаа гарсан тул УИХ-ын холбогдох байнгын хороо түр хугацааны, богино заалттай хууль яаралтай батлуулж, улмаар Засгийн газарт ТӨСВӨӨ ДАХИН ОРУУЛЖ ИРЭХ боломж олгосон нь 2024 оны шинэ парламентад яах аргагүй онцлог, нэн шинэ тохиолдол болж үлдэв.

Хоригт бүдэрсэн төсвийг УИХ-р батлахдаа нэг ч төгрөг хасалгүй 33 их наяд байхаар батлаж өгсөн ч мэргэжлийн, хэрсүү гишүүдийн ачаар хэрэггүй, нэн чухал бус, иргэдийн амьдралд төдийлэн тус нэмэр, ач холбогдолгүй зүйлсийг тэмцэлдэн, мэтгэлцэлдэн байж хасаад 2,9 их над төгрөгийг хэмнэж анх удаагаа АЛДАГДАЛГҮЙ төсөв батлуулав. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угааавал хиргүй гэгчээр 126 гишүүн дотор зөвийг харж, үнэнийг тогтоож, хэрэгтэйг үлдээж, хэрэггүйг хасаж чаддаг сайн эдийн засагчид багтсан нь олзуурхууштай.

Ингэснээр Засгийн газрын өргөн барьсан “МОРДОХЫН ХАЗГАЙ” төсвийг олны шүүмжлэл, нийтийн хэлэлцүүлэг, төрийн тэргүүний хоригийн тусламжтайгаар эвэнд нь оруулж, саванд нь багтааж, Монгол Улсын ХӨГЖЛИЙН “ЦАГААН МОРИНЫ НУРУУ”-нд зөв тогтоон эрдэнэсийн авдар болох САНГИЙН ЯАМАНД хадгалуулж чадав.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.223.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.