“Бор-өндөр” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж жоншны 97 хувийн баяжмал, фторт устөрөгч, фторт хөнгөн цагаан, фторт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна
Үйл явдал
/
12 цаг 8 мин

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт жонш баяжуулах, боловсруулах, химийн үйлдвэрлэл, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр “Бор-өндөр” үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, жоншны 97 хувийн баяжмал, фторт устөрөгч, фторт хөнгөн цагаан, фторт бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөн ажиллаж байна.

XXI зуунд олон улсад хайлуур жоншийг стратегийн баялаг гэж үзэн бодлоготойгоор ашиглаж байна. Жонш нь олон улсын биржээр арилжаалагддаггүй металл бус ашигт малтмал. Хайлуур жоншны үйлдвэрлэл нь цемент, хар болон өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлтэй цогц хүрээнд үйл ажиллагаа нь явагддаг тул улс орны аж үйлдвэржилтийг хөгжүүлэхэд онцгой байр суурийг эзэлдэг гэж үзэн түүхийгээр нь экспортлохыг дэлхийн бүх орон хориглосон байдаг. Дэлхийн хайлуур жоншны нийт нөөц баялгийг 500 сая тонн гэж үнэлдэг. Монгол улс хайлуур жоншны нөөцийн 9 хувийг эзэлж, Мексик, БНХАУ, ӨАБНУ-ын дараа дэлхийд дөрөвдүгээрт ордог. Өнөөгийн байдлаар манай улсад 163 орд, 545 илрэлд 122 сая тонн хүдрийн буюу 48.3 сая тонн эрдсийн нөөц бүртгэгдсэн. Хайлуур жоншны нөөцийн 90 гаруй хувь Төв, Дорноговь, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймагт төвлөрч байна.

Манай улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд жилд дунджаар 300 мянга орчим тонн металлургийн буюу ФК-75, ФК-85, ФК-92 маркийн бүхэллэг жонш, 150 мянга орчим тонн ФФ-95, ФФ-97 маркийн флотацийн баяжмал экспортолж байгаагаас гадна 300-600 мянган тонн хайлуур жоншны хүдрийг (фторт кальцийн агууламж 20-55%) түүхийгээр нь экспортолж байна. Иймд цаашид хайлуур жоншны нөөцөд түшиглэсэн хими-технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, тэргүүн ээлжид хайлуур жоншны баяжмалыг боловсруулан фторт нэгдлүүдийг гарган авснаар жоншны салбарт бизнесийн орчин сайжирч, бүтээгдэхүүний нэр төрөл, өрсөлдөх чадвар, худалдааны эргэлт нэмэгдэн, фторын хүчил, фторт хөнгөн цагаан үйлдвэрлэгч, экспортлогч улс болно.

Mordor intelligence байгууллагын судалгаагаар цар тахлын дараах Ази-Номхон далайн бүс нутаг дахь химийн аж үйлдвэрийн салбарын өсөлт, ган үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж буй, литий ионы батарейд хэрэглэдэг фторполимерийн эрэлт (жоншноос гарган авдаг) өсөн нэмэгдсэн зэргээс шалтгаалан дэлхийн зах зээл дээр жоншны эрэлт 2028 он хүртэл жил бүр 7 хувиар өснө гэж тооцоолсон байна. Дэлхийн хэмжээнд жоншны салбарын хамгийн том тоглогчдын тоонд Mexichem Fluor SA de CV (Koura) (Мексик), China Kings Resources Group Co. Ltd., (БНХАУ), “Монголросцветмет” ТӨҮГ, Minersa Group (Испани), Masan Resources Corporation (Вьетнам) компаниуд ордог.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.191.60)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.