ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: Орчин үеийн “ЦАГААН САР ба ХАР НУЛИМС” буюу олон айлыг орох оронгүй болгосон ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТ
З.Батхуяг
Нийтлэл
/
17 цаг 9 мин

Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.

Орчин үеийн “ЦАГААН САР ба ХАР НУЛИМС” буюу олон айлыг орох оронгүй болгосон ДҮНЖИНГАРАВЫН ДЭЛБЭРЭЛТ

Их зохиолч Д.НАЦАГДОРЖИЙН тухайн цаг үе, нийгмээ шүүмжлэн, баян ядуугийн ялгаа, ихэс дээдсийн дээрэнгүй байдлыг ёгтлон агуулсан “ЦАГААН САР ба ХАР НУЛИМС” хэмээх нэгэн алдартай золиол бий. Дээрх зохиолд гардаг санаа, агуулгыг нэвт шувт харуулсан гэмээр нэгэн эмнэгэлт үйл явдал болсон юм. Тодруулбал, 2024 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд талын автозамын уулзварт “Дашваанжил газ” ХХК-ийн газ тээвэрлэж явсан том оврын автомашин эргэлт хийх үед баруун гар талаас прадо маркийн автомашин хурдтай орж ирэн шүргэж улмаар газ ачсан автомашины чингэлэг цоорч, зам дагуу хий асгарав. Үүнээс үүдэн шөнийн 01 цагийн үед гал авалцаж, хүчтэй түймэрч гарч ойролцоох 207 дугаар байрны оршин суугчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирав. Зам тээврийн ослын улмаас үүдсэн галыг унтраахаар ОБЕГ-ын албан хаагчид ажилласан ч гурван алба хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа хүчтэй дэлбэрэлтэд өртөж амиа алдав.

“Дүнжингарав” худалдааны төвийн урд хэсэгт байрлах “Эду апартмент” нэг орцтой, 12 давхар, 61 өрхийн орон сууцны барилгын гадна хэсэг болон зарим айлын эд хогшил, үйлчилгээний төв, уулзварын баруун талд байрлах “Санни таун” 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв галд өртжээ. Ил зогсоол болон авто зам дээр байрлаж байсан 36 тээврийн хэрэгсэл их, бага хэмжээгээр галд өртсөнөөс 29 нь дахин ашиглах боломжгүй болжээ. Гал түймэрт өртсөн орон сууцны 198 оршин суугчаас 30 өрхийн 116 иргэнийг “Купер плаза интернэшнл” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангах ажлыг УОК, нийслэлийн онцгой коммис, Баянзүрх дүүргийн онцгой коммисийнхон хамтран ажилласан юм. Тухайн галд өртсөн 207-р байрны оршин суугч 63 айлыг хотын захиргаанаас түрээсийн төлбөрийг нь төлж Яармаг дахь түрээслээд өмчлөх байранд суулгаж байгаа бол дэлбэрэлтэд өртсөн “Эду апарт” хотхоны 207 дугаар байрыг нураахад 2.4 тэрбум, шинээр барихад 12.3 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.166.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.