Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.12.25/ хуралдаж, “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир даргалан явуулав.
УИХ-ын 101 гишүүнээс өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд танилцууллаа.
Жамсрангийн Самбуу Монгол Улсын XX зууны түүхэнд чухал байр суурь эзэлсэн, улс орныхоо хөгжил дэвшил, олон улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан, төрийн ажил үйлсэд чухал үүрэг гүйцэтгэсэн төрийн нэрт зүтгэлтэн гэдгийг тэрбээр танилцуулгын эхэнд тодотгов.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Ж.Самбуу БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн даргаар 18 жил ажиллахдаа олон чухал шийдвэр гаргаж, улс орны хөгжлийг ахиулахад бодитой хувь нэмрээ оруулжээ. Түүнчлэн Элчин сайдаар ажиллаж, олон улсын харилцааг бэхжүүлэхийн төлөө идэвх зүтгэлтэй ажилласан нь Монголын дипломат албаны түүхэнд чухал байр суурь эзэлдэг.
Жамсрангийн Самбуу нь төрийн болон дипломат албаны зэрэгцээ олон нийтэд зориулсан үнэ цэнтэй ном, судалгааны бүтээл туурвиж, ард түмэндээ мэдлэг, мэдээлэл түгээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тухайлбал, “Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардад сануулга сургаал” зэрэг бүтээл нь малчдад зориулсан зөвлөгөө, мэдээллийг агуулсан чухал гарын авлага юм гэлээ.
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан улс орны хөгжил дэвшил болон олон улсын харилцааг бэхжүүлэхэд түүний оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж, амьдрал, үйл ажиллагааг судлан таниулах, залуу үед сурталчлах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.
УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишгүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хуралдаанаар Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.
Хууль, тогтоолын төслүүдийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хотыг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363.19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамж болон бусад бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг үе шаттайгаар боловсруулж, хот төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг тусгажээ.
Монгол орны төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн онцлогийг тээсэн, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг тээврийн хэрэгслийн шийдэл бүхий иргэндээ ээлтэй хотыг байгуулахын тулд бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлыг дэмжихтэй холбоотой эрх зүйн нарийвчилсан зохицуулалт шаардлагатай гэж хууль санаачлагчид үзэж, Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу боловсруулсан байна.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 38 зүйлтэй бөгөөд бүс нутгийн хөгжлийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангаж, түүх, соёлын өвийг сэргээх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд үндсэн зорилго нь оршиж буйг сайд Л.Гантөмөр танилцуулгадаа дурдсан.
Засгийн газар оновчтой төлөвлөлт бүхий суурьшлын зөв тогтолцоотой хотыг хөгжүүлж, шинжлэх ухаан, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс нутагт шинээр бий болгосноор хүн амын хэт төвлөрлийг бууруулахаас гадна дотоод, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой гэж үзжээ.
Хуулийн төслийг D.Parliament.mn цахим хаягт байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа хэмээсэн.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Зулпхар, Б.Батбаатар нар асуулт асууж хариулт авсан бөгөөд УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Шинэ Хархорум” хотыг байгуулах асуудал нь үндэсний үйл хэрэг, эрмэлзэл, итгэл үнэмшил, татах хүч учраас хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд хотын газар зохион байгуулалт, хот хөгжүүлэх сангийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн бол, УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг хотын эрх зүйн байдлыг тогтоох асуудлыг зохицуулахаас илүүтэй бүтээн байгуулалтыг дэмжих агуулгын хүрээнд хуулийн төслийг дэмжиж байна хэмээсэн. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн асуудлыг анхаарч үзэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 02 дугаар тогтоолтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж, тус хэсгийг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Үндсэн хуулийн 2024 оны 02 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хүчингүй болсонтой холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй
-
4 цаг 53 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 15 цаг 03 мин
-
Уржигдар 15 цаг 02 мин
-
Уржигдар 14 цаг 57 мин
-
Уржигдар 14 цаг 53 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 14 цаг 49 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин