ОНЦЛОХ ШИЙДВЭР: Тогны үнэ нэмсэн ч ЛААНЫ ГЭРЭЛД амьдрал цэцэглэсэн “ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ”
З.Батхуяг
Нийтлэл
/
13 цаг 56 мин

Улиран одож буй 2024 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, улстөр, геополитик бүхий л салбарт эрс өөрчлөлт, өсөлт гарсан томоохон бодлого шийдвэрүүд өрнөлөө. Эдгээрээс оны онцлох улстөрч, онцлох үйл явдал, оны онцлох шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.

Тогны үнэ нэмсэн ч ЛААНЫ ГЭРЭЛД амьдралд цэцэглэсэн “ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ”

Монгол Улсын Засгийн газраас 2024-2028 оны хооронд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрт “ЭРЧИМ ХҮЧНИЙ РЕФОРМ” хийж, улмаар ХЯТАД УЛСАД ЭРЧИМ ХҮЧ ЭКСПОРТЛОНО гэж тусгасан. Энэ хүрээнд нар, салхи, усаа ашиглаж, сэргээгдэх эрчим хүчийг дэлхийд хөгжүүлнэ гэв. Үндэсний хороо ч байгуулав. УИХ-ын даргын захирамжаар АЖЛЫН ХЭСЭГ байгуулагдан судалгаа хийх, хууль эрх зүйн орчинг өөрчлөхөөр дор бүрнээ ажлаа эхлүүлсэн. “Эрчим хүчний реформын үндэсний хороо” гэх хуулиас гадуур бүтэц, орон тоо байгуулж, ширээ сандал авах, оффис түрээслэх гээд зуу, зуун саяар нь тендер зарлаад эхэлсэн. Тэрч бүү хэл уг хороог ахлаж байгаа Шадар сайд нь хэвлэлд зарцуулна гээд НАЙМАН ТЭРБУМЫН төсөв гуйж сангийн сайд руу бичиг илгээсэн нь нийгэмд ил болов. Ямартай ч гишүүд, сайд нар ордонд мөнгө булаалдаж, харин иргэд хоёр гурван цагаар тогоо таслуулж, хүүхдүүд лааны гэрэлд хичээлээ хийж байна.

Эрчим хүчний салбараа бие даасан, гаднаас хараат биш дотооддоо хараат бусаар хөгжүүлэх янзын сайхан мөрөөдөл ярьсан гишүүд эхлээд цахилгаан, дулаанаа хэрэглэгчдэд үйлдвэрийн өртгөөр нийлүүлж, алдагдлаа нөхнө хэмээн ТОГНЫ ҮНЭ НЭМЧИХЭВ. Энэ шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хороо гэх мэргэжлийн байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс цахилгааны дундаж, тариф 1кВт.ц тутамд 216 төгрөгөөс 280 төгрөгөөр нэмсэн бол дулааны тарифыг 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс нэмэгдүүлэх болсныг мэдэгдлээ. Айл өрхийн дундаж тариф өмнө нь 140 төгрөг байсан бол шинэчилсэн тарифаар тухайн сарын эхний 150 кВт.ц хүртэл хэрэглээг 175 төгрөгөөр, дараагийн 150-300 кВт цагийн хооронд байгаа хэрэглээг 256 төгрөгөөр, 300 кВт.ц-аас илүү гарсан хэрэглээг 285 төгрөгөөр тус тус тооцно. Өөрөөр хэлбэл цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд  216 төгрөг байгааг 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэж байгаа аж.

Энэ салбарт өмнө нь шинэчлэл хийнэ гэж өч төчнөөн төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, улмаар 1,8 их наядын алдагдалд орсон. Уг алдагдлыг нөхөхийн тулд ийнхүү иргэдийнхээ халаас руу төр гараа дүрж ҮНИЙГ НЬ НЭМЭВ. Үнэ нэмээд эрчим хүч сайжирч, дээрдэх болов уу гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан ч эсрэгээрээ ТОГ ХЭСЭГЧИЛЖ таслан өвлийн оргил ачааллийг давна гэж “Улаанбаатар цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-иас мэдэгдэв. Ийнхүү эрчим хүчний шинэчлэлт нь ИРГЭДЭЭС ТОГНЫ МӨНГӨӨ НЭМЖ аваад цахилгааныг нь хязгаарлах “хяслантай бодлого” байсан аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.156.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.