ХУУЛЬ: Хүний амь насны доод хэмжээг 63 сая төгрөгөөр үнэлжээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-03-25

УИХ-ын чуулганаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав. Тэрбээр " Бид 30 жилийн хугацаанд эрх зүйн хөгжлийнхөө хүрээнд хийж чадаагүй нэг зүйл бол сэтгэл санааны хохирол буюу сэтгэцэд учирсан хохирлыг үнэлдэг аргачлал юм. Энэ хуулиар анх удаа уг асуудлыг бий болгож байна. Гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн ар гэрийнхэнд нь оршуулгын зардал олдвол олддог, ихэнх тохиолдолд барагтай бол олддоггүй. Мөн хүний нэр төр, алдар хүндийн хохиролтой холбоотой үнэлгээ байдаггүй. Тийм учраас энэ хуулиар асуудлыг оруулж ирсэн гэв.  Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг: Хүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, төр баталгааг нь хангах Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогчийн ар гэрийнхэнд оршуулгын зардлаас өөр зүйл олдохгүй байгаа. Энэ нь хууль эрх зүйн тодорхойгүй орчинтой ч холбоотой. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа 70 орим хувиар алдсан иргэнд 10 сая төгрөгийн нөхөн төлбөр гаргуулсан. Мөн 15 сая төгрөг гаргуулсан өөр нэг жишээ бий. Хамгийн сүүлд Зам тээвэр, хөгжлийн яаманд хүний амь нас хохирсон хэрэгт зөвхөн сэтгэл санааны хохирлоос гадна тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой асуудалд 500 сая төгрөг гаргуулахаар болсон шүүхийн шийдвэр байна. Бид сэтгэл санааны хохирол гэж яриад байгаа. Гэтэл Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуульд гэмт хэргийн улмаас тухайн хүний сэтгэцийн эрүүл мэндэд асуудал үүссэн тухай ойлголт болох юм. Гэмт хэргийн улмаас тухайн хүн тайван байж чадахаа больж, айж, ичиж, хүмүүсийн дунд байж чадахгүй болох зэрэг эмгэгтэй болдог.

Хүний амь насны доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлж хуульд тусгасан.

Мөн өөр нэгэн аргачлалын хувилбар байгаа нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас нас барсан иргэний насыг хасна. Жишээ нь, хүн амын дундаж наслалт 70, 20 настай хүн амиа алдлаа гэхэд 50 насны зөрүү гарч байна. Тэр хүн 50 жил идэвхтэй амьдрах боломжтой байсан байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний хэмжээг тавь дахин үржүүлж буюу 111 сая 600 мянган төгрөгийг тухайн ар гэрт нь олгоно гэдэг хувилбар бий. Хүний амь насыг үнэлнэ гэдэг учир дутагдалтай зүйл. Гэхдээ дэлхий нийтэд ийм жишиг бий. Тухайлбал, БНСУ-д 80 сая вон, дэлхийн бусад улс оронд дээд хэмжээг нь 250 сая ам.доллароор тогтоосон байдаг. Ерөнхийдөө хэт өндрөөр биш, төлөгдөхүйц хэмжээнд байх ёстой гэдэг жишиг бий.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.14.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.