Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулах хэлэлцүүлэг боллоо
Үйл явдал
/
2022-03-25

Хэлэлцүүлгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нээж,  тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хуулийн төслийн талаар танилцуулга хийв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Бид 2017 оноос хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулийг хэрэгжих орон зай, цаг хугацааны боломжийг өгөх хэрэгтэй. Хууль зүй, дотоод хэргийн яам одоогоор концепцийн огцом шилжилт өөрчлөлт хийхээс татгалзаж, харин зайлшгүй шаардлагатай тодотгол, өөрчлөлтүүдийг тухай бүрт нь хийнэ гэсэн бодлого, байр суурьтай байна.

Энэ удаагийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичигт зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх төдийгүй Монгол Улсын нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцид бүрэн нийцүүлэхэд анхаарч боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулахтай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон боловсронгуй болгох саналыг хуулийг хэрэгжүүлэгч байгууллагуудаас авч, хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгохыг зорьж ажилласан.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хийснээр  Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцид нийцэж, Эрүүгийн хуулийн дээрх холбогдох бүлэг, зүйлд дурдсан гэмт хэргийн гаралт буурах, авлига, албан тушаалтантай тэмцэх төрийн бодлого чангарч, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчим улам бүр баталгаажна гэж үзэж байна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлтийн гол зохицуулалтаас:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гурван зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний хохирлыг гэмт хэргийн хохирлын ангилалд хамааруулалгүй орхигдуулсан байсныг засаж, гэмт хэргийн хохирлыг шаталсан байдлаар шинээр ангилж, мөн инфляцийн түвшинтэй уялдуулан их хэмжээний хохирлын хэмжээг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээтэй байх өөрчлөлт;

Хуулийн төслийн гол үзэл баримтлалын нэг бол Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж байгаа бөгөөд ингэхдээ энэ бүлгийн зарим төрлийн гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, зарим гэмт хэргийг шинээр нэмж хуульчлах, оногдуулах ялын бодлогыг чангатгах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэхтэй уялдуулан хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй байх зэрэг зарчмын өөрчлөлтийг тусгаад байна. Тухайлбал, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн  болон хүндрүүлэх бүрэлдэхүүний  ял хариуцлага адил хэмжээтэй оногдуулахаар заасан давхардал, зөрчлийг арилгаж ялгамжтай байхаар өөрчлөх, Хахууль авах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн субьектийг зөвхөн нийтийн албан тушаалтнаар хязгаарлахгүй нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хамаарахаар өргөжүүлэх, энэ бүлгийн гэмт хэрэгт оногдуулах санкцийн торгох ялыг нэмэгдүүлэх, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялыг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг 1-8 жилийн хугацаагаар, эсхүл хугацаагүйгээр хасах зэрэг өөрчлөлт;

Хуулийн төсөлд тусгасан дараагийн өөрчлөлт нь Эрүүгийн хуульд заасан Өмчлөх, Эдийн засгийн гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, зарим төрлийн гэмт хэргийг шинээр нэмэх, ялын бодлогыг чангатгах өөрчлөлт юм. Зах зээлийн манипуляц, дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах, үнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдлын талаар худал мэдээлэл тараах зэрэг үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн хамгаалтад авах шаардлагатай байгаа ба энэ талаарх ОХУ, Герман, Канад зэрэг бусад улсын туршлагаас судалж хуулийн төсөлд тусгасан бөгөөд ингэснээр иргэд, аж ахуйн нэгж, гадны хөрөнгө оруулагчдын зах зээлийн шударга байдалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн шударга хэвийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн эрсдлийг бууруулахаас гадна ирээдүйд гадны хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлдэг ач холбогдолтой гэж үзэж байна. Түүнчлэн Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, тухайлбал Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг зарим төрлийн гэмт хэрэг тухайлбал, Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг шинжийг тодорхой болгох, Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох болон Соёлын өвийн эсрэг, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг (Эрүү шүүлт тулгах), Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах зэрэг өөрчлөлтүүд болно.

Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо,  ЦЕГ, АТГ, ШӨХТГ,МХЕГ, ГЕГ, ТЕГ, НДЕГ, МҮХАҮТ болон Монголын өмгөөлөгчдийн холбоо, Нээлттэй нийгэм форум зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын 400 гаруй албан хаагчид оролцлоо.

 

 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.228.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.