АҮББХ: “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Тавантолгой түлш” ХХК-ийн мэдээллийг сонслоо
Үйл явдал
/
2 цаг 55 мин

Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.10.30) хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан асуултын хариуг сонслоо. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан энэ оны наймдугаар сарын 20-нд тавьсан газрын тос боловсруулах үйлдвэрийн талаарх асуултдаа төслийн ажлын гүйцэтгэлийн явц, Монгол Улсын Хөгжлийн банкны болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын зээлийн санхүүжилт, тэдгээрийн зарцуулалт, зээлийн гэрээний нөхцөл, шаардлага, ерөнхий болон туслан гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниудыг сонгон шалгаруулсан үйл явц, тэдгээрийн ажлын үр дүн, тайлан, баригдаж байгаа үйлдвэрийн үр ашгийн тооцоо, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХКК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, үйл ажиллагаа болон санхүүгийн байдалд хийсэн аудитын дүгнэлт зэргийг цохон асуусан юм.

Ерөнхий сайдад хандаж тавьсан асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав. БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын хөгжилд зориулж 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсны дагуу манай улсын Засгийн газар тус улсын Экспорт-Импортын банктай 2016 оны дөрөвдүгээр сард Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулж, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэснээр Улсын Их Хурлаас 2017 оны тавдугаар сард соёрхон баталжээ. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас сонгон шалгаруулсан БНЭУ-ын Engineers India limited компани 2017-2018 онд үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг боловсруулахдаа нийт зардлыг 1.236,0 сая ам.доллар байхаар тооцоолсон байна. Энэтхэгийн тал энэхүү хэтэрсэн 236.0 сая ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсний дагуу хоёр тал нэмэлт “Зээлийн хэлэлцээр”-ийг 2019 оны аравдугаар сард байгуулжээ. Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд одоогийн байдлаар нийт 992.2 сая ам.долларын гэрээ гэрээ байгуулагдаад байгаа бөгөөд гэрээний санхүүжилт 256.9 сая ам.долларын гүйцэтгэлтэй яваа ажээ.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дэд бүтцийн дараалал, барилга байгууламжийн төвөгшил болон инженерчлэлийн ажилд зарцуулах хугацаа зэргийг харгалзан дөрвөн хэсэгт хуваан явуулж байгаа юм. Үйлдвэрийн угтах байр, эмнэлэг, хоолны газар, оффис сургалтын төв, агуулах, лаборатори, цэвэр усны систем, гал унтраах анги, засварын цех зэрэг технологийн бус барилга байгууламжийг барих ЕРС1 ажлын явц 99.0 хувьтай, энгийн болон вакум нэрлэгийн байгууламж, хий ялгах байгууламж, завсрын болон бэлэн бүтээгдэхүүний сав, шингэрүүлсэн шатамхай хий хадгалах сав, бүтээгдэхүүний ачих буулгах байгууламж, шугам хоолойн тулгуурууд зэрэг анхдагч процессын болон дагалдах байгууламжуудын барилгын ЕРС2 ажил 17.0 хувьтай байна. Харин Үйлдвэрийн цахилгаан станцыг барьж байгуулах ЕРС3 ажил 14.0 хувьтай яваа бол гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын ЕРС4 ажил 8.0 хувьтай байна.

ЕРС2ЕРС3 багц ажлын ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн “Megha Engineering and Infrastructure Limited” компанитай 2022 оны аравдугаар сард гэрээ байгуулж, 2023 оны дөрөвдүгээр сараас барилга угсралтын ажлыг эхлүүлсэн байна. ЕРС2 багц ажлын хүрээнд өнөөгийн байдлаар агуулах сав резервуар, дэд станцууд, шугам хоолойн эстакадын суурийн барилга угсралтын ажил дууссан бөгөөд агуулах савны хавтангийн угсралтын ажил хийгдэж байгаа аж. Мөн дагалдах, туслах, хангамжийн байгууламжуудын суурийн бетон цутгалт дуусч, давхруудын арматур угсралт хийгдэж байна. Түүнчлэн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Энэтхэг, Франц, АНУ, Австрали улсуудад үйлдвэрлэж байна. Харин ЕРС3 багц ажил буюу үйлдвэрийн дулааны цахилгаан станцын уурын зуухыг Их Британи, турбин-генераторыг ХБНГУ-ын технологийн компаниудаар захиалуулан үйлдвэрлүүлж байгаа ажээ.

ЕРС4 багц ажлын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад хамгийн бага буюу 648.0 сая ам.долларын үнийн саналыг ЕРС2, ЕРС3 ажлын гүйцэтгэгч “Megha Engineering and Infrastructure Limited” компани ирүүлсэн бөгөөд энэ үнээр гэрээ байгуулахад төслийн нийт хөрөнгө оруулалт Зээлийн ерөнхий болон нэмэлт хэлэлцээрээр тооцоолсон дүнгээс 34 орчим хувиар өсөж 1.656,8 сая ам.доллар болохоор гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны есдүгээр сард хэлэлцэн баталгаажуулжээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ ийнхүү 431.0 сая ам.доллараар нэмэгдэхэд дэлхийн зах зээлийн хямралт байдал, үнийн өсөлт, төслийн үр ашгийг дээшлүүлэх шаардлага зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ.

Дээрх багц ажлуудыг тус бүрд нь тендер зарлаж, ерөнхий гүйцэтгэгчдийг сонгосон бөгөөд хэт өндөр үнийн саналыг бууруулах, дахин сонгон шалгаруулалт зарлах зэргээр хугацаа алдсан талаар Д.Алтанцэцэг захирал танилцуулгадаа дурдаж, яриа хэлэлцээний үр дүнд өндөр үнийн саналуудыг нийтдээ 164,5 сая ам.доллароор бууруулсан гэлээ. Хамгийн эмзэг байгаа асуудал болох гүн боловсруулалтын лицензтэй технологийн байгууламжуудын ЕРС4 ажилд нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээгээр хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлж шийдвэрлүүлэх хүсэлтийг БНЭУ-ын Засгийн газарт хүргүүлээд байгаа бөгөөд одоогоор хариу ирээгүй байгаа энэ асуудал үйлдвэрийг ашиглалтад оруулах хугацааг тэр хэрээр хойшлуулж болзошгүй байгаа юм.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хүрээнд тус үйлдвэрийг түүхий эдээр хангах 530 км урт дамжуулах хоолойн ажлыг БНХАУ-ын "Norinco International Cooperation" компани гүйцэтгэж байна. Энэ ажлын санхүүжилтийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас нүүрс урьдчилан борлуулсан орлогын эх үүсвэрээр шийдвэрлэхээр Засгийн газар 2022 онд шийдвэрлэсэн бөгөөд төслийн гүйцэтгэл эдүгээ 65 хувьтай байна.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэхээр болж, 2018 онд 250 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна. Уг зээлийн санхүүжилтээр Сайншанд-Газрын тос боловсруулах үйлдвэр чиглэлийн төмөр зам, хүнд даацын тусгай зориулалтын авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, мөн үйлдвэрийн хашаа, талбайн ажлыг 100 хувь, 550 ажилчны хотхон барих ажлын зардлын 61 хувийг санхүүжүүлсэн байна. Уг зээл 2022 оны 11 дүгээр сард зогссон бөгөөд барьцаа хөрөнгийн үнэлгээний хэмжээг 5.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр 2023 оны долдугаар сараас дахин олгож эхэлжээ.

Энэ бол нийгмийн шаардлагаар урган гарч ирсэн ажилСайншандад манай үйлдвэрийн 500-600 ажилчин ажиллана. Тэдний ихэнх нь залуучууд байх учир залуу гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдэхорон сууцтай болгох зорилгоор энэ ажлыг эхлүүлсэн гэж “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулгадаа тэмдэглэв.

Түүний мэдээлэлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд асуулт асууж, Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар, Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяр, Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалай нар, мөн Д.Алтанцэцэг захирал болон холбогдох албаны хүмүүсээс хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга үйлдвэр бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх, дотоодын нийт хэрэглээний хэдэн хувийг хангах, үйлдвэрт суурилуулж буй шинэ технологи, өмчийн хэлбэр цаашид өөрчлөгдөх эсэх талаар асууж хариулт аваад, үйлдвэрийг хүчин чадлаараа ажиллахад хангалттай түүхий эд байхгүй гэсэн мэдээлэл өөрт нь ирснийг албаны хүмүүст дуулгав. Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц төслийн ерөнхий гүйцэтгэгч компанийн болон зарим ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн Батлан хамгаалан яамны төлөөллийг дараагийн хэлэлцүүлэгт дуудаж оролцуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, үйлдвэр бүтээгдэхүүнээ хэдээр үйлдвэрлэж хэдээр борлуулах, ямар ашигтай ажиллах зэрэг нарийвчилсан мэдээллийг агуулсан бизнес төлөвлөгөөгөө танилцуулахыг хүсэв. Мөн тэрбээр, олон улсын бизнесийн гэрээ хэлцлийн мэргэжилтнүүдийг бэлтгэх талаар одооноос анхаарах шаардлагатайг зөвлөв.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал, үйлдвэрийн нэрлэгийн үлдэгдлийг цахилгаан станцын түлш болгож ашиглахаар төлөвлөсөн болон манай улсын өөрийн түүхий эдээр буюу Тамсагийн бүсийн газрын тосоор тооцож суурилуулсан технологи өөр түүхий ашиглах тохиолдолд хэрхэн ажиллах талаар, мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд хэзээнээс суурилагдаж эхлэхийг асууж хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэгийн компани ажиллаж байгаа багцууд дээр Монголын туслан гүйцэтгэгч компаниудыг авч ажиллуулж байгаа эсэх, ган хийц, бетон зэрэг барилгын материалыг дотоодын зах зээлээс худалдан авч байгаа эсэх болон төмөр зам, авто зам, нефтийн хоолой зэргийг оролцуулсан төслийн бүх ажлын нийт санхүүжилт хэд болох буюу төслийн хөрөнгө оруулалтын нийт дүнгийн талаар асууж тодорхой хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат анхны ТЭЗҮ олонтаа өөрчлөгдөж, өртөг нь ихээхэн нэмэгдэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлээд, 1.75 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл ч гэлээ Монгол Улс зээлээ төлнө гэдгийг сануулж, үйлдвэр өртөг зардлаа ямар хугацаанд нөхөж, үр өгөөжөө хэзээнээс өгч эхлэх талаар асууж тодруулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Х.Жангабыл нар үйлдвэр цаашид тогтвортой ажиллаж чадах, эсэх дээр эргэлзэж байгаагаа илэрхийлээд, үйлдвэрийн түүхий эд болох газрын тосны хайгуул, олборлолт, нөөц нэмэгдүүлэх ажлыг бид дангаараа бүрдүүлж, хэвийн ажиллуулаад явах боломж харагдахгүй байна гэлээ. Үүнд яам болон мэргэжлийн байгууллагууд орон нутгийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцлээс болсон гэх хариуцлагагүй тайлбар хийдгийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн онцгой анхааруулж, түүхий эдийг өөр эх үүсвэрээс буюу хөрш орнууд, мөн Энэтхэг болон бусад улс орнуудаас авах талаар төлөвлөж, ярьж байгаа зүйл бий эсэхийг асууж, хариулт авсан юм.

Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг Монголын ард түмэн хүүтэй төлнө гэдгийг онцлон сануулаад, үе үе үнэ өсгөн оруулж ирдгээ иргэдийн эсэргүүцэл их, эрх зүйн орчин муу, эцсийн эцэст Улсын Их Хурлын гишүүд буруутай гэж ярих нь зүйд нийцэхгүй гэлээ. Тэрбээр ямар үндэслэл тооцоогоор олон сая доллараар үнэ өртөг нэмэгдээд байгааг ард түмэнд тодорхой тайлбарлахыг зөвлөв. Дараа нь Ерөнхий сайдад хандаж асуулт тавьсан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан асуулт асууж, үг хэлэв. Тэрбээр, энэхүү газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүхий л асуудлыг Энэтхэгийн тал мэдэж, шийдэж байгаа учраас манай Засгийн газар, яам, агентлагийнхан юу ч мэдэхгүй гэсэн дүгнэлтэнд хүрснээ дурдаад, газрын тосны хайгуулын зөвшөөрөл олгоод, хийгээд байгаа гэж ярьж байгаа нь худлаа, тийм ажил сүүлийн үед огт хийгдээгүй гэсэн юм. Энэ янзаараа Алтанширээгийн газрын тосны үйлдвэрийн гэрээ, хэлэлцээр Оюутолгойн гэрээний араас явчих эрсдэлтэйг тэрбээр анхааруулаад, зээлийн гэрээ, түүний нөхцөл шаардлагыг засаж сайжруулах үүднээс холбогдох талуудыг татан оролцуулж, нягтлан үзэх санал дэвшүүлэв. Түүний саналын дагуу Ажлын хэсэг байгуулах бэлтгэлийг ирэх долоо хоногт хангаж, дараагийн хуралдаанаар шийдвэрлэх чиглэлийг Байнгын хорооны дарга С.Ганбаатар өглөө.

Дараа нь “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо. Мэдээллийг тус компанийн ерөнхий инженер Ц.Алтансүх хийв. Тэрбээр мэдээлэлдээ, үйлдвэрлэл бутлах, холих, хэвлэх, хатаах, савлах гэсэн таван дамжлагаар явагддаг бөгөөд шахмал түлшний хольцын 95-96 хувийг “Энержи ресурс” ХХК-ийн угаах үйлдвэрийн дундын бүтээгдэхүүн буюу митлинг, 4-5 хувийг барьцалдуулагч, холбогч материал бүрдүүлдэг талаар дурдаад, дунджаар 500 мянган тонн, өвлийн ачааллын үед 540 мянган тонныг үйлдвэрлэдэг гэлээ. Компани бүтээгдэхүүндээ MNS5679-2022 стандартыг мөрдөж, түүний хяналтыг Ашигт малтмал, газрын тосны, Хими, химийн технологийн хүрээлэнгийн лаборатори болон бусад лабораториудад хийлгэдэг байна. 2023 онд 3760 орчим дээжид хяналт шинжилгээ хийлгэсэн талаар ерөнхий инженер мэдээлэлдээ онцлоод, цаашид үйлдвэрлэл, бүтээгдэхүүнээ сайжруулах талаар Эрчим хүчний яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, ШУТИСМУИС-ийн багш нартай хамтарсан судалгаа хийсэн нь тодорхой үр дүн үзүүлснийг танилцуулав.

“Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, Г.Лувсанжамц, М.Бадамсүрэн, Л.Мөнхбаясгалан, Г.Очирбат, Ж.Золжаргал нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд компанийг Улаанбаатар хотын өмчлөлд шилжүүлэхдээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн өр төлбөрийг хэрхсэн талаар асууж, “Эрдэнэс Тавантолгой” ХК охин компаниа хувьцаа эзэмшигчдээс асуухгүйгээр дур мэдэн бусдад шилжүүлж буй нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн компани урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, хөрөнгө оруулалтын өгөөжийг тайлагнаж, нийслэл хотоо утаагүй болгох үндсэн зорилго зорилтоо хэрэгжүүлж ажиллах, агаарын бохирдлын хэмжилт, шинжилгээг олон цэгт, олон үзүүлэлтээр хийж, хүхэр, азотын агууламжийг тодорхойлж, үр дүнг нийтэд цаг алдалгүй мэдээлж ажилладаг байх, түлш болон зуухыг хэрхэн ашиглах талаар хэрэглэгчдэд тогтмол зөвлөгөө, мэдээлэл өгөх нь чухал байгааг анхааруулав. Үйлдвэрлэл, түлшнийхээ чанарыг шинэчлэн сайжруулах, компаниа алдагдалгүй ажиллуулах, утаа буурсан гэх мэтээр иргэдийг хуурахгүй байх, шилэн дансаа хөтөлж төсөв, санхүүгийн зөрчил дутагдалгүй ажиллахыг мөн зөвлөж, өөрсдөдөө зориулж боловсруулсан стандартынхаа шаардлагуудыг дээшлүүлж, олон улсын жишигт хүргэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэсэн юм. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний шийдэл бол анхнаасаа улстөржсөн шийдэл байсныг ч хөндөн ярьж, цаашид бүтээгдэхүүний хөнөөлт чанарыг бууруулахын тулд баяжуулсан эрчим хүчний нүүрс ашиглах талаар туршилт, судалгаа хийж ажиллах нь зүйтэй гэлээ.

Байнгын хорооны дарга С.Ганбаатар “Тавантолгой түлш” ХХК-д оруулсан 1.2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100.0 сая төгрөгийн өртөг бүхий 12 000 орон сууц барьсан бол агаарын бохирдол тэр буурах боломжтой байсныг сануулаад, Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо цаашид эдгээр асуудлуудаар гарц, шийдэл гаргаж ажиллах болно гэлээ

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.143.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.