Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол дахь Америкийн худалдааны танхимын тэргүүн, гишүүдийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-12-01
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2022.11.30) Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол)-ын ТУЗ-ийн дарга Гари Биондо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хөрөнгө оруулалт, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогтой уялдуулж, холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах нь чухал ач холбогдолтой гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр КОВИД-19 цар тахлын дараах эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгоход эдийн засгийн чиглэлийн гол гол хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна гэлээ.

 

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга Гари Биондо Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Америкийн худалдааны танхим нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тууштай дэмждэг байгууллага болохыг дурдаж, өнгөрсөн хугацаанд Ил тод байдлын гэрээг олон нийтэд сурталчилж, манлайлан ажилласанд талархал илэрхийлэв. Өнгөрсөн оны зургадугаар сард зохион байгуулагдсан гишүүнчлэлийн уулзалтаас гарсан санал, дүгнэлтийг үндэслэн “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого” баримт бичгийг саяхан гаргасан. Энэхүү баримт бичигт худалдаа, хөрөнгө оруулалтад нөлөөлж буй хүчин зүйлүүд болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг дэмжихийн тулд худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг хэрхэн сайжруулах шаардлагатай байгаа талаар АмЧам Монголын бодлогын шинэчлэлийн гурван тулгуур бүхий зөвлөмжүүдийг тусгасан болно гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлаас ““D-Parliament” цахим платформыг танилцуулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах боломжийг бүрдүүлсэн. Мөн уг платформд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайдын хийх мэдээлэлд иргэдээс ирүүлэх асуултыг байршуулж байгаа. Иймд Ил тод байдлын гэрээний дагуу Улсын Их Хурлаас батлан гаргаж буй хууль, тогтоомжийн англи хэл дээрх албан бус орчуулгыг гаргахад та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна гэлээ.

Уулзалтын төгсгөлд талууд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчид, холбогдох төрийн бус байгууллагууд болон бусад оролцогч талуудын оролцоог хангаж, харилцан санал солилцохын ач холбогдлыг онцолж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах асуудлаар харилцан санал солилцож, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

АмЧам Монголын тухай 

АмЧам Монгол нь АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол нь гурван сая гаруй гишүүдтэй, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн АмЧам Монгол нь Ази Номхон далайн 29 орнуудын Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.175.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.