Монгол төрөөс цалин хөлс, хоол, унаа, утас, автомашиныхаа бензинийг хүртэл даалгадаг ДАРГА, САЙД нар хаданд гарчээ. Хөвсгөл аймгаас дөрөв дэх удаагаа УИХ-д суухдаа УИХ-ын дэд дарга, Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд гээд хашиж болох бүхий л алба, түшиж болох бүхий л сэнтийг түшив.
Даварсаар даварсаар дагвын оронд гарна гэсээр өөрөө идээд ханахгүй их хөрөнгө нөөцлөж, тэрбум тэрбумаар нь хураачихаад Засгийн газрын хуралдаандаа бариад орчих ганц IPAD авчихаж чадахгүй “гуйлгачин” сайд байна гэхээр өмнөөс нь сэтгэл өмөрмөөр.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын толгой баян сайдуудын нэг тэрбээр яамныхаа төсөв буюу татвар төлөгч ард түмний төлсөн мөнгөнөөс 6,7 саяыг хумсалж өөртөө Ipad авахуулсан “шившигтэй” баримт гарч ирлээ. Тодруулбал, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны шилэн дансны системд 2024 оны 11 дүгээр сарын 05-нд “Монгол улсын Засгийн газрын хуралдааны журам”-ыг үндэслэн “Сайдад ipad” гэсэн утгаар 6 сая 799 мянга 900 төгрөг зарлагадаж “Саммит компьютер технологи” ХХК-ийн хаан банкны 5041064324 тоот данс руу шилжүүлсэн байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нь 2012 оноос өнөөг хүртэл тасралтгүй улстөрд яваа нэгэн бөгөөд улстөрд орохоосоо өмнө монголын хувийн хэвшлийн томоохон төлөөлөл MCS группийн харьяа Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 443 сая 586 төгрөгийн өөрийн орлоготой, 4 тэрбум 397 сая 983 мянган төгрөгийн хөрөнгөтэй. 300 саяын үнэтэй Lexus 570 машин хөлөглөдөг. 165 сая 4000 мянган төгрөгийн үнэт эдлэлтэй. Интер групп интернэйшнл ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэжээ.
Хэн ч харсан хангалттай баян амьдралтай, бэл хөрөнгөтэй саад яагаад Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж ядарсан иргэдийнхээ төлсөн татварыг ҮНЭНГҮЙДҮҮЛЖ хувьдаа хэрэглэх Ipad-аа авахуулж дээрэлхэнэ вэ...
-
2024-11-20