Баянхонгорын гурав ХУВЬДАА авсан СТРАТЕГИЙН ОРДЫНХОО 50 хувийг ТӨРД өгч чадах уу...
З.Батхуяг
Нийтлэл
/
Уржигдар 16 цаг 50 мин

Монгол Улсын Их хурлаас 2024 онд “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг баталсан. Энэ хүрээнд уул уурхай, газрын доорх баялагаас иргэддээ хувь хүртээх бодлого гаргаж, томоохон стратегийн ордуудаас төвлөрсөн хөрөнгийг жигд хувиарлаад байгаа билээ. Хуримтлалын сан бол уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай. Баялгийн сангийн хуулийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” 273 тэрбум, "ЭТТ" ХК 200 тэрбум, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” 5,6 тэбрум, “МонголРосцеветмент” ТӨҮК 8,7 тэрбум, “Эрдэнэс Оюу толгой” ХК 342,9 сая төгрөгийг буюу нийт 497 тэрбум төгрөгт хүрч нэг иргэнд 135 мянган төгрөгийн хуримтлал үүсээд байгаа билээ. Тэгвэл Баянхонгороос улстөр, бизнесийн салбарт цахиур хагалж буй Х.Баттулга, Ж.Оджаргал, Д.Эрдэнэбилэг нарын хувь эзэмшдэг “стартегийн ордууд”-ыг төрийг мэдэлд авбал нэг иргэнд оногдох баялгийн үр өгөөж улам бүр нэмэгдэхээр байгаа юм.

Төрийн тэргүүн асан ЖЕНКО Х.БАТТУЛГА “ТӨГРӨГ НУУРЫН ОРД”-оо төөрүүлчихсэн үү...

Олноо “ЖЕНКО” нэрээр танигдаж, улстөр бизнесийн салбарт хос морьтой галгиулж яваа эрхэм бол Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн БАТТУЛГА. Хулгайч л хулгайчыг бариарай гэж тод хашхирдаг гэдэг. Ерөнхийлөгчөөсөө буугаад УИХ-ын гишүүн болчихсон нэгэн шинэ түүхийг бичиж буй тэрбээр хувьдаа уурхайтай, тэрчлэн уурхайгаа гадныханд зарсан байж болзошгүй “30 гэр бүлийн нэг” аж. Түүний нэр холбогддог ТӨГРӨГ НУУРЫН ОРД хэмээх гурван тэрбум тоннын нөөцтэй нэгэн орд Төв аймгийн БАЯН сумын нутагт бий. Х.Баттулга анх улстөрд орж олонд танигдсан цагаасаа л гадны бүлэглэлийн эсрэг тэмцэх ёстой, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал гэсэн халхавчинд нуугдаж уул уурхай руу гар, хөл хоёроо зэрэг дүрсэн нэгэн аж.

Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчээр наанаа никьл шиг гялгар царайтай, сөөнгөдүү баргил хоолойгоор ярих ч цаагуураа улсын баялаг, ард түмний мэдлийн стратегийн ордыг гадныханд 250 сая доллароор зарчихсан тухай мэдээлэлд ойр сайд, гишүүд ам уралдан ярьж, ээлж дарааллан боргож эхэллээ. Харин ЖЕНКО хөдөөгүүр “ХӨХ ТУГ” намируулаад “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” гэсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд “БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН 34-50 ХУВЬ НЬ ИРГЭДИЙН МЭДЛИЙНХ” гээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг САЙН ДУРААРАА биелүүлээд явж байгаа нэгэн. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэгчээр УЛСЫН ХӨГЖИЛ ГАЦААГЧ, ТӨМӨР ЗАМЫН ТҮГЖЭЭ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ гэх мэтээр хамаг л хар будгийг өөртөө асгуулж, Монгол төрийн Ерөнхийлөгч, төрийн сайд, хууль тогтоогч, гавьяат тамирчин гээд сайн муу нэрийг хослуулан аж төрж буй нэгэн. Түүний нэр холбогдоод буй ТӨГРӨГ НУУРЫН ОРД нь 2007 онд ХонгКонг руу 250 сая ам.доллараар зарагдсан гэдэг баримт байна. Үүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хөндөж ярьсан нь “УРАНЫ УЛСТӨР”-ийн галыг муу нэртэй, луу данстай ЖЕНКО руу шилжүүлж буй хувилбар гэж харж болохоор байна.

Гишүүдийн “ХАНДИВЫН САН” болоод буй “MCS”-ийн Ж.Оджаргал Төрийн дайсан уу...

Жамбалжамц эмчийн хүү Оджаргал өнөөдөр Монгол улсын хамгийн олон салбартай, хамгийн олон ажилтантай үндэстэн дамнасан том корпорацийг үүсгэн байгуулахын сацуу, өөрийн эрх ашгийг хамгаалагч улстөрчдийг угждаж, барьцаалж, сонгуульд нь хандив өгч бизнесээ саадгүй явуулж байгаа нэгэн. Улстөрчид хувьдаа уурхайтай бол Ж.Оджаргал хувьдаа УЛСТӨРЧИДТЭЙ гэдгээрээ бусдаас онцлог. Түүний гол түшиг нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан. Мөн МАН-д уригдаж бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон тодорсон Д.Энхтүвшин нарыг онцлолж болно.  Монгол улсын эдийн засаг 100 хувь уул уурхайгаас хамааралтай. Тэр дундаа нүүрсний үнэ ямар байхаас шалтгаалж УИХ-ын гишүүдийн ааш авир өөрчлөгддөг. Нүүрсний гол экспорлогчдийн нэг нь “Энержи ресурс” ХХК. Гол хувь эзэмшигч, хөрөнгө оруулагч нь өнөөх л алдарт Ж.Оджаргал. Үндсэндээ Монгол төрийн дайсан болоод буй энэ эрхэм нөлөө бүхий улстөрчдийн МӨНГӨНИЙ САН байсан ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гол дайсан болчихоод байгаа юм.

Эртнээсээ л өстэй мэт мэдэгдэл хийж “ГУРВАН ҮСЭГТЭЙ КОМПАНИЙНХАН АЯТАЙХАН БАЙГААРАЙ” хэмээн зууж байсан Ерөнхий сайд “УХАА ХУДАГ”-ын ордын хувьчлалыг шалгах ажлын хэсэг байгуулчихсан. Үндсэндээ Засаг “МСS”-ийн эсрэг ажиллагааг эхлүүлсэн. Баялгийн сангийн хуулийн дагуу төрийн зардлаар хайгуулж хийж нөөцийг нь тогтоосон хувийн ордын 50 хувийг төр эзэмшихээр болоод буй. Харин энэ компани 50 хувиа өгөх үү, өгөхгүй юу гэдэг тулаан аль хэдийн эхэлчихсэн байгаа. Энэ группийн хөшигний ар дахь гол тоглогч нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар юм. Ж.Оджаргал тэдэнтэй нийлж БНХАУ-ын төрийн өмчит “Чайна Энержи” компанид “Таван толгой”-н бүлэг ордын 50 хувийг ямар ч эзэмшүүлэхээр тохиролцож, “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын цэгийг олон жил гацаасан гэх дуулианд өртөөд байгаа билээ.

 “САХАЛ ”Д.ЭРДЭНЭБИЛЭГ гэгч ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН уу... Төрд өртэй хэрэгтэн үү...

Должингийн Эрдэнэбилэг гуайг Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж гуай “Монголын эзэн” хэмээн цоллож, эзнээ харчихаад үхэх юмсан гэж чуулганы хуралдааны танхимд хошигнож байсан удаатай. Тухайн үед хэний ч танихгүй Д.Эрдэнэбилэг гуайн бизнес өдрөөс өдөрт өргөжин тэлж,   “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Хөтөл” ХХК, “Бороо гоулд” ХХК, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкаар үргэлжилж ТӨРТЭЙ ЗОДОЛДОЖ  явсаар “Халзан бүрэгтэй”-н төсөлд хаан суучихсан нэгэн.  Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед болсон хуудуутай энэ наймааны буянаар монголчууд эзнээ таних болсон. Сахал хочит Д.Эрдэнэбилэг гуайг хуулийн байгууллагаас шалгаж, улмаар цагдан хорьж, эрүүл мэндийн шалтгаантай гэж үндэслэлээр суллаж, “гадаадад амьдрах эрх” өгөөд амбаардаад гаргачихсан. Хуулийн байгууллагад хэрэг нь аргамжаатай ч хүн нь халуун оронд тааваараа амьдарч буй. Засгийн газраас явуулж буй ШУВУУ ажиллагааны торонд өртөлгүй өнөөдрийг хүрсэн гэж бодохоор тохиролцоог дажгүй сайн хийсэн бололтой.

Баялагийн сантай холбоотой түүний нэр яагаад уягдана вэ гэхээр Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь “ХАЛЗАН БҮРГЭТЭЙН ОРД” газар дахь газрын ховор элементийн нөөцтэй холбоотой юм. Халзан бүрэгтэй ордын нөөцийг 1983 оноос анх судалж эхэлсэн бөгөөд  2004 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр анх ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс хойш тусгай зөвшөөрлийг Монгол, Америк, Япон зэрэг олон орны компани эзэмшсэн бол өнөөдөр “Монголиан Рийр Ийрт корп” ХХК (Mongolian national Rare Earth Corportion (MNREC)-д бүртгэлтэй байгаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?
4
0
0
1
1
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.142.245)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.