Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ЖАЙКА-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2025-03-28

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрчим хүчний салбар хариуцсан төлөөлөгч Шида Косүке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэр болон тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, судалгаа, цаашдын ажлын талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжил сул, нийслэл хотод хүн ам хэт төвлөрч байгаагаас шалтгаалан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж, хотын агаар, ус, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг олон асуудал тулгарч байна. Нэн тэргүүн тулгамдаад буй эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр хэд хэдэн төслүүдийг эхлүүлээд байна. Улаанбаатар хот дотооддоо бонд гаргаж, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт эхний блокийг ашиглалтад орууллаа. Эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. Тухайлбал, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, дулааны тархмал эх үүсвэрийг байгуулах, цахилгаан эрчим хүчний дутагдлыг нөхөх чиглэлд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэдгийг онцоллоо.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн Эрчим хүчний мэргэжилтэн Наито Такеши болон судалгааны багийн ахлагч Нишихата Акифүми нар Монгол Улсын дэд бүтцийн талаарх өөрсдийн хийсэн судалгааг танилцууллаа. Эрчим хүчний салбар хариуцсан төлөөлөгч Шида Косүке цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.83.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.