П.САЙНЗОРИГ: Хүний амь насны доод босгыг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 550 мянгаар үржүүлж хохирогчид олгоно
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-12-02

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулав.  Энэ үеэр сэтгэл санааны хохирлыг хэрхэн үнэлэх талаар ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл учирвал тухайн хүний онцлогоос хамаараад сэтгэл санаа нь янз бүр байна. Энэ болгонд хүнд гэмтэл учирсан юм чинь заавал сэтгэл санаа хүнд байна гэсэн үг байдаггүй. Хөнгөн гэмтэл учирсны дараа ч тухайн хүнд нөлөөлөөд сэтгэл санааны эмгэг тулгамдсан асуудал гарч ирж болно. Үүнийг нарийн мэргэжлийн эмч нар болон сэтгэл зүйч нар тогтоодог.

ДЭМБ-ын жагсаалтад байдаг өвчний дагуу нарийн мэргэжлийн эмч нар тогтоох учраас энэ асуудлыг хууль дээр дэлгэрэнгүй бичих боломжгүй" гэлээ. 

Ямар гэмт хэргийн хохирогч нар сэтгэл санааны хохирлоо барагдуулж болох талаар "Үүнийг тогтоох дүгнэлтийг Шүүх шинжилгээний байгууллага гаргаж өгнө. Энэхүү дүгнэлтийг үндэслээд шүүхээс мөнгөн дүнг барагдуулах зохицуулалтыг хуульд оруулсан. Тиймээс иргэний эрхийг бүрэн хангах тогтолцоо бүрдэж байна.

Сэтгэл санааны хохирлыг иргэдийн хэвийн амьдрах чадварыг үнэлж байж гаргана. Тухайн гэмт хэргийн улмаас нойргүйдэх, айж ичих, хашхирах, хөдөлмөрлөх дадал алга болох зэрэг хэлбэр рүү ордог. Энэ нь түр зуурын эсвэл байнгын байна уу гэдгийг мэргэжлийн эмч нар тогтооно. Үүнийг үндэслээд шүүхээс тодорхой мөнгө гаргана.

Уг хууль дээр хүний амь насны босгыг үнэлэх доод стандартыг тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 эсвэл хохирогчийн насыг Монгол Улсын хүн амын дундаж наслалтаас хасаад, тэрийг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин үржүүлсэнтэй дүйцэхүйцээр хохирогчид аль ашигтай байдлаар олгоно. Гэхдээ энэ бол доод стандарт. Хүний амь насны суурь үнэлгээг тавьсан. Үүнийг нэмэгдүүлэх боломж нь өмгөөлөгчийн ур чадварт байгаа.

Хүний амь насны доод босгыг 82.5 сая эсвэл 137.5 сая гэдэг юм уу одоогийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 550 мянгаар үржүүлсэн ийм аргачлалаар аль ашигтай байдлаар хохирогчид мөнгө олгоно. Хүүхэд гэмт хэргийн улмаас бүтэн өнчин хоцорвол энэ дүн хоёр дахин үржигдэнэ. Гэм хорын асуудлаар маш өндөр төлбөр тогтоож болохгүй. Төлөгдөхүйц байдлаар тогтоох нөхцөл бүрдэж байгаа гэж ойлгож болно" гэсэн юм. 

Шүүх шинжилгээний байгууллага эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүрээлэн байгаа орчны хохирлын үнэлгээ тооцох болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үндэслэлээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийг боловсруулсан байна

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.180.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.