Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслөөс тодруулах зүйл байгааг тодотгоод бүлгийн зүгээс гурав хоногийн завсарлага авахаа мэдэгдсэн юм. Улсын Их Хурлын даргын зүгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33.1.4-т заасны дагуу завсарлага авах эрхтэй. Завсарлага авах хугацаа ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг 1 удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно” гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цаг хүртэл УИХ дахь АН-ын бүлэгт завсарлага өглөө.
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Дараа нь “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат тогтоолын төслийн талаар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын зэрэг зиндаа, зэрэглэлийг ТӨ-III болгох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн албан бичиг ирүүлснийг танилцуулсан юм.
Тогтоолын төсөлд “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийн зэрэг зиндаа ТӨ-III-ийн тусгай албан тушаалын “Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч,” гэсний дараа “Монгол Улсын Ерөнхий прокурор” гэж нэмэхээр тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Б.Энхбаяр нар асуулт асууж, үг хэлсний дараа “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.6 хувь нь дэмжсэнээр тогтоолын төсөл батлагдлаа.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг тус Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулсан.
Тэрбээр, Байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, хууль зүйн техникийн шинжтэй засваруудыг хийснийг тодотгов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу ажлын хэсгээс төслийн 18.2.7 дахь заалтыг “төслийн үйл ажиллагаанд шаардлагатай Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу олгогдох тусгай болон энгийн зөвшөөрлийг тодорхойлсон байх” гэж өөрчлөх, төслийн 27.1 дэх хэсэгт “сонгон шалгаруулалтад оролцогчид нь Өрсөлдөөний тухай хуулийн 4.1.6-д заасны дагуу харилцан хамааралгүй байна” гэсэн шинэ заалт нэмэх, төслийн бусад зүйл, хэсэг заалтыг өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй саналууд бэлтгэснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Мөн төслийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэг, хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь эдгээр саналаар дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан төслийн 29.1 дэх хэсгийн “зээлдэгчийн” гэснийг “санхүүжүүлэгчийн” гэж, 29.2 дахь хэсгийн “Монгол Улсын хууль болон түншлэлийн гэрээнд заасан эрх, үүргийн дагуу оролцоно” гэснийг “холбогдох хууль, түншлэлийн үндсэн болон дагалдах гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж өөрчлөх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг дэмжихгүй гэсэн саналуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооноос гаргасан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 10 саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Ингээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв
Үргэлжлүүлэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулахыг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 55.8 хувь нь дэмжсэн.
Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нарын санаачлан боловсруулсан Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилсэн.
Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс хуулийн төслийн зарим нэр томьёог олон улсын стандарт, бусад хуулийн зохицуулалттай нийцүүлэх, “Зохицуулах зөвлөл”-ийн нэрийг “Зохицуулах хороо” болгон өөрчилж байгаатай холбогдуулан төсөлд тусгагдаагүй орхигдсон зарим зүйл, заалтын нэр томьёог жигдэлж, өөрчлөх чиглэлээр ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй томьёоллуудыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн талаар танилцуулгадаа дурдлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авсны дараагаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 12 саналын томьёолол болон найруулгын саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан юм.
Ийнхүү Хот, суурин газрын ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар уншиж танилцуулсан.
Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 02 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Хууль зүйн байнгын хороо 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Мөн Улсын Их Хурлын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, “Монгол Улсын Засгийн газраас Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.8-д заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах горимын саналыг гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Тиймээс Хууль зүйн байнгын хороо 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна.
Байнгын хорооноос,
-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг төслөөс хасах;
-Хуулийн төслөөс Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг хасах санал гаргасантай холбогдуулан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль хүчингүй болсонд болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Шилэн дансны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах гэсэн санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байгааг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар тэмдэглэв.
Ингээд Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Дараа нь Монгол Улсын Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.
Хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ц.Мөнх-Оргил, Ц.Сэргэлэн нар орж ажиллажээ. Түүнчлэн ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй ажлын дэд хэсгийг байгуулж холбогдох судалгаа, мэдээлэл гаргуулан ажилласан. Ажлын хэсэг 2 удаа, ажлын дэд хэсэг 9 удаа хуралдсан байна.
Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн хараат бус байдлыг хангах зорилгоор шинжээчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах программ хангамж ашиглах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Шинжилгээ хийлгэх иргэдийн эрх ашгийг хамгаалах, шинжилгээний найдвартай байдлыг хангах, шаардлагатай урвалж бодисын нөөцийг бүрдүүлэх зорилгоор шинжилгээнд ашигладаг урвалж бодис, лабораторийн тоног төхөөрөмжийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шууд гэрээ байгуулах замаар шийдвэрлэхээр холбогдох томьёоллыг боловсруулжээ. Алба хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор цогцост үзлэг хийх, зөөвөрлөх, задлан шинжлэх ажиллагааг гүйцэтгэсний нэмэгдлийг шүүх шинжилгээний алба хаагчид олгох нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэнийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.
Мөн шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчийн ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангаснаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, шинжилгээний хууль зүйн үндэслэл, шинжлэх ухааны тайлбарыг эрх бүхий этгээдийн зөвшөөрлийн хүрээнд олон нийтийг үнэн, зөв мэдээллээр хангах, шинжээч үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг бүрдүүлснээр шинжилгээний үнэн зөв байдлыг хангах, шинжилгээний үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах нөхцөлийг бүрдүүлэх зарчмыг баримтлан холбогдох зарчмын зөрүүтэй саналыг гаргажээ.
Шинжилгээний адилтгал, мэдээллийн нэгдсэн санд экологийн шинжилгээний санг шинээр нэмж, шинжээч болон бусад алба хаагч нь шинжилгээний байгууллагын шинжилгээний адилтгал, мэдээллийн санг бусад этгээдэд шилжүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүрэгтээ хамааралгүй зорилгоор ашиглахыг хориглох нь зүйтэй гэх зэрэг зарчмын зөрүүтэй 45 саналын томьёоллыг Байнгын хорооноос гаргасан болохыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Э.Бат-Амгалан танилцууллаа.
Ингээд Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 45 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
“Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав
Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнээс Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшааг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяаг нэмэхээр тогтоолын төсөлд тусгажээ.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 62.8 хувь нь “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нар тус тус танилцуулсан.
Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга) 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Зөвшөөрлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 35 дугаар тогтоолоор “Зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, Хэмжил зүйн тухай хуулийг Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай нийцүүлэх чиглэлээр хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, холбогдох хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Засгийн газарт даалгасан.
Иймд Засгийн газраас зөвшөөрөл олгох харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомж хоорондын зөрчил, давхардал, хийдлийг арилгах хүрээнд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийт 89 хуулийн төсөл, Улсын Их Хурлын нэг тогтоолын төслийг тус тус боловсруулан өргөн мэдүүлжээ.
Хуулийн төслийг боловсруулахад холбогдох яам, төрийн захиргааны байгууллага, түүнчлэн зөвшөөрөл олгох бусад эрх бүхий этгээд буюу Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо гэх мэт Засгийн газрын бус байгууллагын оролцоог хангаж, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага болон холбогдох нийтийн эрх зүйн хуулийн этгээд, мэргэжлийн холбоодтой хамтран ажилласан болохыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.
Мөн хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг оруулсан байна. Зөвшөөрлийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд зөвшөөрөл олгох, сунгах болон цуцлах шийдвэр төдийгүй ажиллагааны үе шат, явцын талаарх мэдээллийг иргэн, аж ахуйн нэгжид цахим хэлбэрээр ил тод, нээлттэй хүргэх, мэдээллийг нэг цэгээс авах боломжийг бүрдүүлэх талаар эрх бүхий этгээдийн үүргийг тодруулж, зарим төрлийн зөвшөөрөлд тавигдах шаардлага, зөвшөөрөл олгох нөхцөлтэй холбоотой нэмэлт зохицуулалтыг тусгажээ. Хуульд заасан зөвшөөрлөөс 2 тусгай, 3 энгийн зөвшөөрлийг хасаж, 2 тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрлийн ангилалд шилжүүлэх нь зүйтэй хэмээн холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Цахим шилжилтийн эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх болон радио давтамжийг нийтийн үйлчилгээний бус зориулалтаар ашиглах үйл ажиллагаа, байгаль орчин, эрүүл мэндийн чиглэлээрх эрсдэл бүхий тодорхой үйл ажиллагааг зөвшөөрөлтэй болгох шаардлагыг харгалзан 4 тусгай, 3 энгийн зөвшөөрөл олгох зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан гэлээ.
Зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой хураах улсын тэмдэгтийн хураамжийн зорилгыг харгалзан улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн байхыг шаарддаг, зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хураамжийг буцаан олгодоггүй зэрэг хийдлийг өөрчлөх зохицуулалтыг тусгасан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна.
Зөвшөөрлийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлж, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай, Хэмжил зүйн тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс гадна салбарын нийт 85 хуулийн төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Т.Аубакир нар асуулт асуухаар нэрээ өгсөн бөгөөд Улсын Их Хурлын даргын зүгээс гишүүдийн асуултад хариулт өгөх ажлын хэсгийн бүрэлдэхүүн хангалтгүй гэж үзсэн тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр тогтлоо.
Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нарын санаачлан боловсруулж, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлсэн танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, улмаар иргэд болон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн санхүүгийн ачаалал, зардлыг бууруулах, санхүүгийн хүндрэл, бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс санхүүгийн зах зээлд даатгалын баталгааг шинээр нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг дурдсан.
Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу аливаа санхүүгийн үйл ажиллагаанд ашиглагдах барьцаа, баталгаа, урьдчилгаа төлбөр, батлан даалтыг зөвхөн банкны баталгаа, бонд, үнэт цаас хэлбэрээр хэрэгжүүлэхээр зохицуулсан байгаа нь санхүүгийн зах зээлд бусад төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нэвтрүүлэх боломжгүй байдлыг үүсгэж байна. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар аливаа тендерт оролцогч нь тендерийн баталгаа, гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг зөвхөн банкны баталгаа байдлаар ирүүлэхээр тусгасан байгаа нь учир дутагдалтай юм. Улмаар энэхүү хуулийн хязгаарлагдмал зохицуулалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага, хувийн хэвшлийнхэн ажил, үйлчилгээнийхээ 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг арилжааны банкнуудад дунджаар 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулах, өөрийн гэх бүх хөрөнгөө банкны барьцаанд тавих зэрэг олон хүндрэлтэй асуудлыг үүсгэж байна гэв.
Мөн ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй, урьдчилгаа төлбөр дутаж буй иргэдэд ч гэсэн зөвхөн банкны шаардлага болох 30 хувийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхээс өөр санхүүгийн арга хэрэгсэл, хямд үүсвэр байхгүй байгаа нь байртай болох гэсэн айл өрх бүрд санхүүгийн дарамт, ачаалал болж байгаа нь өнөөгийн санхүүгийн зах зээл дэх нийтлэг үзэгдэл болж байна. Иймд дээр дурдсан үндэслэл, шаардлагыг харгалзан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хууль болон Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Ингэснээр банкнаас шаардах аливаа барьцаа, баталгаа, батлан даалт, урьдчилгаа төлбөрийн шаардлагыг орлох санхүүгийн үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнийг бий болгох, даатгалын баталгааг санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, аж аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн хэвшлийнхэн хөрөнгө, мөнгөө банканд 2-3 жилийн хугацаанд хүүгүйгээр царцааж байршуулахгүй, хямд эх үүсвэрээр барьцаа, баталгааны асуудлыг шийдвэрлэх, иргэд банкнаас шаардах байрны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар буюу илүү хямд эх үүсвэрээр бүрдүүлэх боломж, нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдлаа.
Санхүүгийн бодлогын хүрээнд Монголын санхүүгийн зах зээл илүү эрүүлжиж төрөлжих, банкнаас бусад санхүүгийн салбарыг дэмжих, санхүүгийн зах зээлд санхүүгийн шинэ үйлчилгээг бий болгох, хувийн хэвшлийн эргэлтийн хөрөнгө, мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх, улмаар иргэдэд ирэх санхүүгийн ачаалал, зардал буурах боломжтой болно гэж хууль санаачлагчид үзжээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, хуулийн төслийн хүрээнд даатгалын үйлчилгээ банкны үйлчилгээнээс юугаараа давуу талтай болох талаар тодруулсан. Монголын санхүүгийн зах зээлийн 80 гаруй хувийг банкны салбар дангаар эзэлж байна. Гэтэл даатгалын үйлчилгээ нийт зах зээлийг 2 хувийг бүрдүүлж байгаа нь манай улсын санхүүгийн зах зээлийн байдал олон улсын жишгээс хэт доогуур байгааг харуулж байна. Олон улсад банк болон даатгалын зах зээл адил хэмжээнд байдаг. Тиймээс санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, шинэ үйлчилгээг нэвтрүүлэх, банкнаас бусад санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих, баялаг бүтээгчдийг дэмжих зорилготойгоор хуулийн төслүүдийг боловсруулсан. Цаашлаад өргөн агуулгаар нь авч үзвэл гадаадаас хөрөнгө оруулалт татах, давхар даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан урьдчилгаа мөнгөө авчхаад ажлаа хийдэггүй компаниудад тооцох хариуцлагын асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир даатгалын компаниудын эрсдэлийн сангийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хариултдаа, “Хуулийн төслүүд батлагдсанаар тендерийн ажил, үйлчилгээний хяналт сайжирна. Тендер авсан компаниудыг цаг хугацаандаа ажлаа гүйцэтгэж байгаа эсэхэд хувийн хэвшил буюу даатгалын компаниудын оролцоотойгоор хяналт тавих эрх зүйн орчин бүрдэнэ. Банк зөвхөн барьцаа хөрөнгийн асуудалд анхаардаг бол даатгалын компаниуд гүйцэтгэлийн явцад бүрэн хяналт тавих боломжтой гэж үзэж байгаа. Мөн одоогийн байдлаар даатгалын компаниудын эрсдэлийн нөөцийн санд 208 орчим тэрбум төгрөг байна. Цаашид өөрсдийн нөөц боломжид тулгуурлаад зөвхөн дотоодын эх үүсвэрээс гэхэд 320 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрсдэлийн нөөцийн санд төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа” хэмээн онцлон тэмдэглэсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
19 цаг 23 мин
-
19 цаг 34 мин
-
Өчигдөр 09 цаг 37 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин