Ажилч удмын Аварга бүсгүй
Үйл явдал
/
2022-12-02
 “Аавтайгаа мөр зэрэгцэн ажиллаж явсан минь ховорхон хувь заяа...” хэмээн ярих, “нүдээрээ инээсэн” цовоо бүсгүй бол Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аварга, Засвар механикийн заводын Резинээр хуяглагч Доржжүгдэрийн Сэргэлэн юм

Хорин настай, хонгор зүстэй, эрх шар охиноо эрчүүд ч халгамаар халуун нөхцөлд резин хайлуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх амаргүй ажилтай “нөхөрлүүлсэн” нь хөдөлмөрөөр хүмүүжүүлж, хүн болгох эцэг хүний холч ухаан гэлтэй. Налайхын ТМС-д олон жил багшилж, 1980 онд Засвар механикийн заводод Резинэн эдлэлийн хэсгийн анхны монгол мастер болсон түүний аавыг “Герман Жүүгээ” хэмээдэг байж. Энэ хүн гэртээ аав ч, ажил дээрээ бол зарчимтай мастер. Охиноо бусдаас ялгахгүй, адилхан л хатуу шаардлагатай “үзнэ”. Д.Сэргэлэн энэ л “мест”-д 25 жил ажиллахдаа аавынхаа “Цаг нарийн баримтал, ажлаа сэтгэлээсээ хий, өдөр бүр хамгийн сайнаараа хичээ. Хичээл зүтгэл чинь чамд шагнал болон ирнэ” гэсэн захиасыг дагасаар, мөрдсөөр... 

Д.Сэргэлэн: “Би Эрдэнэт үйлдвэр, Засвар механикийн завод хэмээх их айлын жижигхэн нэгэн эс нь. Хийсэн бүтээгдэхүүн захиалагчийн сэтгэлд нийцээд, баярлалаа гэх үгийг сонсох бүртээ, үйлдвэртээ болон хүнд хэрэгтэй зүйл хийж байгаагаараа үргэлж бахархдаг” гэсэн юм. Тэр түүхий резинийг халуунаар боловсруулан тоног төхөөрөмжийн элэгдэл багасгах зориулалттай төрөл бүрийн жийргэвч, тусгаарлагч, бас ахуйн үйлчилгээний болон эмнэлгийн машины резинэн эдлэл үйлдвэрлэдэг чимхлүүр нарийн мэргэжилтэй. Олдоц муутай, ховор бүтээгдэхүүн, нарийн төвөгтэй эд ангиудын резинэн эдлэлийг ч захиалгаар хийнэ. Бүтээгдэхүүнийг болгох хэм, хугацааг тохируулан, тоног төхөөрөмж дээр жигнэнэ. Энэхүү тоног төхөөрөмж нь 180 хэм хүртэл хална гээд бодохоор ямархан нөхцөлд ажилладаг нь тодорхой. Тэрбээр нэгэн үед хоёр тоног төхөөрөмжийн дунд ганцаараа ажиллаж байж. Өдөр тутмын ажил дээр нь, гэнэтийн аваарын ажил нэмэгдэнэ. Ажлаа нарийн төлөвлөж, цагаа зөв тооцоолохгүй л бол ажил нь овоорчихно. Ээлжийн амралттай үед ч сэтгэл нь яарсаар ирдэг. Түүний ажил эзнээсээ мэдрэмжтэй, сэтгэлтэй байхыг шаарддаг. Тухайн хийх эдлэлийн зузаан, нимгэн, эзлэхүүнээс хамаарч, температураа зохицуулна. Хайнга хандаж, жижиг алдаа гаргахад л гологдол үүснэ. Тэгэхлээр Д.Сэргэлэн ширхэг, жижиг гэлтгүй эдлэл хийх бүрдээ л сэтгэлээ шингээн бүтээдэг. Тэрээр: “Хүний сэтгэл зүй ажилд ихээхэн нөлөөтэй. Яг резин дээрээ төвлөрч хийх, ажлаасаа өөр зүйл бодож байгаад хийх хоёр тэс ондоо үр дүн гарна. Иймээс ажилдаа ирэхдээ бие, сэтгэлээ бүрэн бэлдэж бай, гэж шавь нартаа захидаг” гэсэн. Түүний тухай Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсгийн дарга А.Ууганбаяр: “Намайг резиний хэсгийн мастерын ажлыг хүлээж авахад тэнд хоёр эмэгтэй ажиллаж байсны нэг нь Д.Сэргэлэн. Тэр их хөдөлмөрч, дайчин хүн. Хийхэд төвөгтэй, хэцүүхэн ажлыг даалгахад чанартай, сайн хийдэг. Энэ ч чанараараа ур чадварын 6-р зэрэгтэй, өндөр ур чадвартай ажилтны нэмэлт гэрээтэй ажилладаг. Энэ урамшууллыг авдаг эмэгтэй ажилчин ховор л доо. Олон шавь төрүүлсэн, тэднийхээ хүндлэлийг хүлээсэн багш. Туршлагаа өвлүүлж, эерэг хандлага түгээдэг манай шилдэг ажилчдын нэг. Аав нь Засвар механикийн заводод нэр, төртэй ажиллаж явсан анхны монгол мастер. Сэргэлэн аавынхаа үйл хэргийг амжилттай үргэлжлүүлсэн. Одоо хүүдээ ажил мэргэжлээ өвлүүлж яваа удам дамжсан ажилчин. Ээжийнх нь нягт нямбай, хөдөлмөрч, чадварлаг чанар хүүд нь хадгалагдсан байх. Иймээс энэ сайхан ажилчныхаа хүүг өөрийн хэсэгтээ авахдаа сэтгэл хангалуун байна” гэв. Засвар механикийн заводод резиний физик, химийн шинж чанарыг тодорхойлдог лаборатори ашиглалтад оруулах үед түүнийг БНХАУ-д туршлага судлуулан, бэлтгэжээ. Бүтээмж чанарын “Бид чадна” дугуйлангийн ахлагч тэрээр олон санал санаачилга гарган, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Түүний удирдсан дугуйлангийн бүтээл Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд гуравдугаар байрт шалгарсан. 

 Экологич мэргэжлээ резинээр хуяглагчаар сольсон тэр Эрдэнэт үйлдвэртээ хүч, оюунаа зориулж, хүндлэл, бахархал дүүрэн он жилүүдийг үджээ. Тэр цалингаа шагнал гэж тооцсоор иржээ. Өглөө эрт босож ажилдаа ирсний төлөө, хөдөлмөрлөж хөлсөө урсгасны төлөө авч буй шагнал гэж ойлгодог бөгөөд, Эрдэнэт үйлдвэрээс авсан шагнал минь даанч их дээ гээд инээмсэглэв. 

Тэр залуу насандаа цехийнхээ урлагийн үзлэгт орж, бүжиг сурч, жаргалтай сайхан байснаа дурсан ярив. Эрдэнэт үйлдвэр залуусын авьяасыг нээн илрүүлэх, тэднийг хөгжүүлэхэд анхаарал хандуулдагт үргэлж баярлаж явдаг гэсэн.

Д.Сэргэлэн азтай бүсгүй. Зургаан хүүхэдтэй аав, ээж нь үрсийнхээ дэргэд хоорондоо маргаж, том дуугарч үзээгүй. Арай л эрт бурхны орноо зорьсон сайхан аавыгаа тэр дурсахдаа нүднээс нь нулимс мэлмэрнэ. Ээж нь Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэгт Үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж явсан, шүлэг найраг бичдэг Я.Бадамцэцэг хэмээх сайхан буурай бий. Д.Сэргэлэнгийн ханийг Д.Гантөмөр гэдэг. Хувиараа ажил эрхэлдэг. Тэд Засвар механикийн заводод анх учирч, хөтлөлцөн гүйж явснаас хойш өдгөө 20-иод жил өнгөрчээ. Тэднийх төрсөн хоёр, тэлсэн хоёр гээд дөрвөн сайхан хүүхэдтэй. Өвөртөө өссөн хонгорхон эгч нь нөхөртэйгөө цувран тэнгэрт дэвшсэний дараа Д.Сэргэлэн ханьтайгаа зөвшилцөн хоёр охиныг нь авч өсгөсөн гэдэг. Тэд гурван охиноо ижил хувцаслаж, адилхан хайрлана. Тэрбээр ханийнхаа тухай: “Нөхөр маань их сайхан сэтгэлтэй сайн хүн бий. Айлын том болохоор хүүхэд өсгөх, хооллох, халамжлахыг тултал нь хийдэг. Бид аливаа асуудлыг үргэлж хамтдаа ярилцаж шийдэж, бие биеэ дэмжсэнээр, тооцож, төлөвлөсөн бүхэн маань бүтдэг дээ” гэв. 

Аварга маань үйлдвэрийн хэвийн бус нөхцөлд 25 жил хөдөлмөрлөөд тун удахгүй гавьяаны амралтдаа гарах гэж байна. Тэр ажил мэргэжлээ хүүдээ өвлүүлэх гэнэ. Өмнөд Солонгос улсад барилгын инженерээр суралцахын зэрэгцээ ажилласан хөдөлмөрч хүү нь ээжийнхээ ажил мэргэжлийг үргэлжлүүлэхээр зориг шулууджээ. Ийнхүү удам дамжсан гурав дахь үеийн их хөдөлмөрийн гараа эхлэх нь ээ. Ажилч удмынхны үйлс бүхэн тэгш байг ээ

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.23.59)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.