ЭЗБХ: Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг 12 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулна
Үйл явдал
/
2022-12-09
  Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2022.12.07) хуралдаанаараа долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Байнгынхорооны тогтоолуудыг баталлаа

   Хуралдааны эхэнд “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн батлав.

   Улсын Их Хурлын даргын 2022 оны 186 дугаар захирамжид үндэслэн тус Байнгын хороо 2022 оны арван хоёрдугаар сард Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Түүнчлэн хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цагавлар хамаарахгүй юм.

 

   Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Байнгын хорооны даргаас хариулт авсны дараа санал хураалт явуулав. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр “Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы арван хоёрдугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг дэмжин, баталлаа.

   Дараа нь “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа ажиллах бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Б.Дэлгэрсайхан, О.Цогтгэрэл, Б.Энхбаяр нар ажиллана.

УИХ-ынтогтоолын төслийг хэлэлцлээ

   Дараа нь “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. “Хилийн боомтуудаар ачаа,тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” тусгай шалгалтын сэдэвт тус хянан шалгах түр хороог 2022 оны зургадугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хурлын 31 дүгээр тогтоолоор байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн, хянан шалгах дээрх түр хорооны дарга Г.Ганболд саналаа танилцууллаа. Хянан шалгах хорооны үйл ажиллагааны явцад хянан шалгагч нарыг томилж, ажлын даалгаврыг баталсан бөгөөд холбогдох байгууллагуудаас шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авч, ирсэн нотлох баримтуудыг нягтлан боловсруулах, нотлох баримтыг сонсголоор шинжлэн судлах тул хугацаа шаардлагатай байгаа аж. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэгт заасныг үндэслэн хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг зургаан сарын хугацаагаар сунгаж ажиллуулах шаардлагатай хэмээн үзэж “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг төслийг боловсруулсан байна. Тус хянан шалгах түр хорооны томилсон хянан шалгагчид орон нутагт томилолтоор ажиллаж байгаагийн зэрэгцээ хилийн боомтууд, төмөр зам, Зам тээврийн яам, хуулийн байгууллагуудаас материал цуглуулж байгааг Г.Ганболд гишүүн дуулгаад, цуглуулсан материалуудад шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байгаа гэв. Түүнчлэн БНХАУ-ын талд нотлох баримт цуглуулахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг илгээсний хариуд тус улсын гаалийн байгууллагад хандаж, шаардлагатай мэдээллээ авах боломжтой гэдэг хариуг ирүүлээд байгаа аж. Тиймээс Гадаад хэргийн яамаар дамжуулан тус улсын гаалийн байгууллагад хүсэлтээ явуулсан байна. Холбогдох материалууд ирсэн тохиолдолд тэдгээрийг нотлох баримт болгож ашиглах учраас хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай гэдэг тайлбарыг тэрбээр хэлсэн. Тус хянан шалгах түр хороо энэ сардаа багтаан тусгай шалгалтын сэдвийн хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулж, Улсын Их Хуралд тайлангаа танилцуулах төлөвлөгөөтэй байгааг мөн дурдлаа.

   Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд "Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" тусгай шалгалтын сэдэвт Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг 2022 оны арван хоёрдугаар сарын 11-ний өдрөөс зургаан сараар сунгахаар төсөлд тусгажээ.

 

   Г.Ганболд гишүүний санал, Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Х.Ганхуяг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Х.Булгантуяа нар асуулт асууж, хянан шалгах түр хорооны дарга, гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Ингээд “Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын товыг тогтоож, сонсгол даргалагчийг сонголоо

   Улсын Их Хурлын даргын 2022 оны 190 дүгээр захирамж, Улсын Их Хурлын нэр бүхий 9 гишүүний хүсэлтийг үндэслэн боловсруулсан “Нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Улсын Их Хурлын гишүүдийн ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай хүсэлтийг Т.Доржханд гишүүн танилцууллаа.

   Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.2, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7, 6 дугаар зүйлийн 6.1.6, 25 дугаар зүйлийн 25.1.3, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, 6 дугаар зүйлийн 6.2.2,8 дугаар зүйлийн 8.2.2-т тус тус заасныг үндэслэн Улсын Их Хурлын гишүүд ерөнхий хяналтын сонсголыг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах хүсэлт гаргажээ.

   Ерөнхий хяналтын сонсголыг дөрвөн сэдвийн хүрээнд явуулахыг хүсэлтэд дурдсан байна. Үүнд,  “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар; 2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, Монгол Улсын боомт тус бүрээр экспортолсон коксжих нүүрсний дэлгэрэнгүй мэдээллийг сонсох шаардлагатай гэжээ. Түүнчлэн коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон БНХАУ-ын үнэ болон Монгол Улсын экспортлох өртөг хоорондын хэт их зөрүүний учир шалтгааныг тодорхой сонсож, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх; “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэр хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын 1  км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлын хүрээнд 2022 оны арван хоёрдугаар сард багтаан ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүд хүсэлтдээ дурджээ.

 

   Байнгын хорооны тогтоолын төслийг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулсан. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 119 дүгээр зүйлийн 119.1, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2, Нийтийн сонсголын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол явуулах өдрийг 2022 оны арван хоёрдугаар сарын 21-ний өдрийн 10 цаг, тус сонсголыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар төсөлд тусгагджээ.

   Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай Улсын Их Хурлын гишүүдийн хүсэлт болон Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Ганхуяг, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь “Ерөнхий хяналтын сонсгол явуулах товыг тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

   Энэ өдрийн хуралдаан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд тусган, төслийн зүйл, хэсэг, заалт хасагдаж өөрчлөгдсөнтэй холбогдуулан ишлэл, дугааруудыг нийцүүлэн өөрчилсөн байна. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр хууль зүйн техникийн болон найруулгын шинжтэй засваруудыг хийсэн гэв. Ажлын хэсгээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргаагүй болохыг тэрбээр танилцуулав.

   Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг төсөл дэх “нүхэн жорлонгийн тоог бууруулах ажлыг зохион байгуулах” гэдэг заалтын талаар тодруулан асуулаа. “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт 2050 он гэхэд нийт хүн амын 90 хувь нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан байна гэдэг зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төвлөрсөн болон хэсэгчилсэн шугам сүлжээнд хамруулах, мөн MNS5924:2015 стандартад нийцүүлсэн нүхэн жорлонтой болох ажлыг зохион байгуулахыг аймаг, орон нутгийн засаг, захиргаанд хариуцуулан ажиллахаар төлөвлөөд байгаа хэмээн ажлын хэсгээс хариулт өгөв. Ийнхүү Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

 

   Дараа нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгээн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Ц.Цэрэнпунцаг гишүүн хийв. Улсын Их Хурал 2022 оны арван хоёрдугаар сарын 1, 2-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна.

   Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Х.Ганхуяг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Ийнхүү Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.

   Хуралдааны төгсгөлд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Ж.Бат-Эрдэнэ гишүүн ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ. Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2022 оны 11 дүгээр захирамжаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Х.Булгантуяа, Т.Доржханд, Г.Тэмүүлэн нар ажилласан байна. Ажлын хэсэг гурван удаа, дэд ажлын хэсэг долоон удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй саналуудыг томьёолсон болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулсан. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг Санхүүгийн зохицуулах хороо хэрэгжүүлэхээр; биржийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавигдах шаардлагыг тогтоох, биржийн зах зээлд оролцогч нарын үйлчилгээний төлбөр, хураамжийг тухайн оролцогчдын саналыг харгалзан тогтоох нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох саналын томьёоллыг бэлтгэжээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн дээрх танилцуулгаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан түр завсарласан гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.29.213)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.