Номын сангуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох сургалт боллоо
Үйл явдал
/
2022-12-01
Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд номын санчдыг чадавхижуулах сургалт зохион байгуулагдлаа. Тухайлбал, Хүүхдийн номын өргөө, “World share” ТББ хамтран Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг номын сангийн албан хаагчдад сургалт явууллаа.
Сургалтаар номын сангуудын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага болоод номын санчдад тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцсон юм.
Сургалтыг Хүүхдийн номын өргөөний захирал, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Болортунгалаг удирдан явууллаа.
Энэ үеэр номын санчдын нийгмийн асуудал, цалин хангамж, сурах бичгийн дарамт, ажиллах болон хүүхдүүдийн ном унших таатай орчин дутагдаж байгаа талаар хэлэлцлээ. Мөн мэдээллийн эрин зуунд уншигчдын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, нийгэм, эдийн засгийн хөгжил, мэдээлэл технологийн хурдацтай хөгжилтэй уялдуулж Номын сангийн тухай хуулийг сайжруулах чиглэлээр салбарт тулгамдаж буй асуудал, орчин үеийн номын сангийн чиг хандлага, бүх нийтийн уншлагыг дэмжих асуудлыг хэлэлцэж, санал солилцож, бодлогын зөвлөмж гаргаж, дүүргийн удирдлагуудад танилцуулах тал дээр хамтран ажиллахаар тогтлоо.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл хэлэхдээ “Номын сангуудад тулгарч буй төсөв санхүү, орчин нөхцөл, боловсон хүчний асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлж байна. Төсөв санхүүгээс болж уншигчдад эрэлт хэрэгцээнд нь нийцсэн номыг бүрдүүлж чадахгүй, номын санчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нь үнэн. Гэхдээ дээрх асуудлуудыг шийдвэрлэх тал дээр номын санчидтайгаа зөвлөлдөн ажиллах болно.
Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эдэлбэр газруудыг судлаад шаардлагатай бол төрд буцааж авна. Тэгээд ногоон байгууламж эсвэл хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай эсвэл олон улсын жишигт нийцсэн номын сан байгуулна” хэмээв.
Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.45.238)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.