Төрийн банк хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийлээ
Үйл явдал
/
2022-12-15
Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу системийн нөлөө бүхий банкууд 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих ёстой.

Үүний дагуу системийн нөлөө бүхий банкуудаа Төрийн банк манлайлан өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр хувьцаагаа олон нийтэд танилцуулан анхны арилжаагаа “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-аар дамжуулан олон нийтэд санал болгон анхдагч зах зээлийн захиалгыг 304.6 хувийн биелэлттэй давуулан биелүүлж Хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн.

Монгол орон даяар 500 орчим салбар 4,000 гаруй ажилтан 2.3 сая харицагчтай Төрийн банк нь Компанийн тухай хуульд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа арванхоёрдугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Тус хурлаар үндсэн гурван асуудал болох Төрийн банк хувьцаат компанийн Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тогтоох, Банкны дүрэм, Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг баталжээ. Хурлын үеэр хувьцаа эзэмшигч н.Алтантүлхүүр Төрийн банканд Ёс зүйн хороо байгуулах санал гаргасныг хүлээн авч Ёс зүйн хороог байгуулан  ажиллуулахаар  болсон байна. Мөн Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоо тав байсныг долоо болгон өөрчилжээ. Төрийн банкны Хувьцаа эзэмшигчдийн хурал 95.4 хувийн ирцтэйгээр хуралдаж 99.99 хувиар хэлэлцсэн асуудлаа дэмжсэн байна. Компанийн тухай хуулийн дагуу хурлын шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлж, Монголбанк болон Улсын бүртгэлийн Ерөнхий газарт бүртгүүлснээр Төрийн банк нь Нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих аж.

Төрийн банк нь 2022 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 3.5 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй 97.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа юм.   

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.138)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.