Тэрбээр, ““Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 2011 оны 7 дугаар сараас нүүрс борлуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 86.0 сая тонн нүүрс борлуулж, 4.9 тэрбум ам.доллар буюу 12.8 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон. Мөн 2010 оноос хойш улсын болон орон нутгийн төсөвт 3.1 их наяд төгрөгийн татварыг төвлөрүүлсэн.
Засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд борлуулалтын орлогыг нэмэгдүүлж 500 сая ам.долларыг төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж байна. Уг тогтоол батлагдсанаас хойш 420.0 сая ам.долларын үнийн дүн бүхий 4.8 сая тонн нүүрс борлууллаа. Үүнээс зөвхөн 11 дүгээр сард нийт 205.5 сая ам.долларын мөнгөн дүн бүхий 2.3 сая тонн нүүрс борлуулснаас 1.5 сая тонн нүүрсийг Гашуунсухайт боомтоор экспортолсон байна.
Одоогийн байдлаар 420 сая ам.долларын орлогын 143.8 сая ам.долларыг Монголбанканд өгсөн. Энэ долоо хоногт багтаан дансны үлдэгдэлд байгаа 81.5 сая ам.долларыг Монголбанканд өгнө. “Эрдэнэс Тавантолгой” компани 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 603 сая ам.долларын урьдчилж олсон орлоготой байсан. Үүнээс 198.0 сая ам.долларыг нүүрсээр барагдуулсан бөгөөд 405 сая ам.долларын өрийн үлдэгдэлтэй байна. Энэ өрийг богино хугацаанд барагдуулж, нүүрсээ борлуулсан орлогоо төвлөрүүлдэг болох зорилттой ажиллаж байна. Мөн баруун, зүүн цанхийн уурхайн уулын ажлын төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний хүрээнд 2022 онд нийт 781.4 мянган тонн нүүрс нийлүүлсэн. Нүүрсээр төлбөр барагдуулахдаа 7-10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалж компанид орох орлогыг 31.1 тэрбум төгрөгөөр бууруулсан байна. Цаашид нүүрсээр төлбөр төлдөг байдлыг зогсоож, зөвхөн бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг болох, нүүрсийг биржээр дамжуулан борлуулах, хил үнээр худалдаалдаг болохоор бэлтгэл ажлыг хийж байна." хэмээн танилцуулав.
Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 499 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д холбогдох долоон гэрээг нууцын зэрэглэлээс гаргаж, нийтэд ил болгоод байна.
Танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Ганбат, С.Ганбаатар, Н.Ганибал, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, Б.Баттөмөр, Г.Ганболд нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, Д.Ганбат нар алдагдсан боломжийг тооцсон эсэх, нууцын зэрэглэлээс гаргасан гэрээний нөхцөлийг Засгийн газарт танилцуулж байсан эсэх, компанийн үйл ажиллагааг эрсдэлд оруулсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох талаар тодруулж байлаа.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат гишүүдийн асуултад хариулахдаа, “Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр энэ оны 10 дугаар сарын 26-ны өдөр томилогдсон. Тус компанид санхүүгийн сахилга бат алдагдсан зөрчил их байна. Тухайлбал, нэг аж ахуйн нэгжид илт давуу байдал олгож, хөнгөлөлттэй үнээр нүүрс борлуулдаг, ханшийн эрсдэлийг гүйцэтгэгч тал бус төрийн өмчит компани бүрэн хариуцдаг, гэрээний гүйцэтгэлд хяналт тавихгүйгээр урьдчилгаа төлбөрийг шилжүүлдэг, тендерт шалгарсан компанитай тодорхой бус шалтгаанаар хуульд заасан хугацаанд гэрээ байгуулдаггүй зэргээс шалтгаалан төрийн өмчит компанийн үйл ажиллагааг эрсдэлд оруулдаг байдал нийтлэг байна.
Гэрээний гүйцэтгэлд тавих хяналт байхгүй гэж хэлж болно. Нууцын зэрэглэлээс гаргасан гэрээний нөхцөлийн талаар Засгийн газарт өмнө нь танилцуулж байгаагүй. Компани хооронд тохиролцоод хийж байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд ч мэдэгдээгүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг эрсдэлд оруулах нөхцөл байдал үүсгэсэн есөн албан тушаалтныг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасны дагуу шалгагдаж байгаа. Мөн зургаан аж ахуйн нэгжтэй холбоотой хэргийг шалгуулахаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн газартай холбоотой асуудлаар нэг Засаг даргыг шалгуулахаар АТГ-т өгсөн. Түүнчлэн нууцын зэрэглэлээс гаргасан долоон гэрээний тав нь “off take” гэгдэж буй гэрээ. Энэ таван гэрээтэй холбоотойгоор 5-13 хувийн хөнгөлөлтэй үнээр нүүрс нийлүүлсэн байдаг. Үүнээс үүдэн “Эрдэнэс Тавантолгой” ХК өөрийн олох боломжтой байсан 63.5 сая ам.доллар буюу 187.5 тэрбум төгрөгийн ашгийг бусад өгсөн гэж ойлгож болно” гэлээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэж, дүгнэлт гаргах эсэх асуудлыг тодруулсан. Засгийн газрын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулан ажиллахыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид тус тус даалгасан. Аль болох богино хугацаанд дүгнэлт гаргуулахад анхаарч ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд тус компанийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй болгох, нүүрс олборлолт, ачилт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулж, борлуулалт, экспортыг нэмэгдүүлж, өр төлбөрийг бууруулах, улмаар валютын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлсэн.
Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах, нээлттэй компани болгох, уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлан болон одоо хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр ашгийг үнэлж, дүгнэлт гаргах, бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан бүх гэрээг нийтэд ил болгоход Засгийн газар онцгой анхаарч, шуурхай ажиллах шаардлагатай байгааг хэлж байлаа. Түүнчлэн нууцын зэрэглэлээс гарсан гэрээний нөхцөлүүдийг ашигтай байдлаар өөрчлөх хэлцлийг цаг алдалгүй хийх, хууль, хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажиллах, салбар хоорондын ажлын уялдааг сайжруулахад анхаарахыг сануулсан юм.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд, “Хянан шалгах түр хорооны өнөөдрийн хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болох “Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх” ерөнхий хяналтын сонсголын өмнө иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй явуулж байна. Олон нийтийн хяналт, оролцоог хангахад бодит мэдээлэл чухал учраас “Эрдэнэс Тавантолгой” ХК болон төмөр замын төслүүдийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг нээлттэй сонслоо” хэмээв.
Үргэлжлүүлэн Түр хорооны тогтоолын төсөл болон Ажлын даалгавар хэлэлцэх асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар эдгээр асуудалд хүний хувийн мэдээлэлтэй холбоотой асуудал дурдагдах магадлалтай тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Хэлэлцэх асуудлын шинж байдал, гишүүдийн саналыг харгалзан асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно.” гэж заасны дагуу хаалттай хуралдаанаар хэлэлцэх горимын санал гаргав. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Хянан шалгах түр хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
16 цаг 55 мин
-
17 цаг 5 мин
-
22 цаг 49 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин