Монгол Улс, АНУ-ын хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний бага хурал болов
Үйл явдал
/
2022-12-15
Энэ онд тохиож буй Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан Монголбанкны санаачилгаар Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, АНУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ, Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран “Монгол-Америкийн хамтын ажиллагаа 35 жилд” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “АНУ нь монголчууд бидний хувьд “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн чухал түнш билээ. Монгол Улс, АНУ-ын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч, Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж байна. АНУ нь технологи, санхүүгийн салбарт дэлхийд тэргүүлэгч, худалдаа, хөрөнгө оруулалтын том тоглогч тул хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хөгжүүлэх хэрэгцээ бидэнд байсаар байна” хэмээн онцлов.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар илгээлт илгээж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган, Монгол дахь Америкийн худалдааны танхимын тэргүүн Гари Биопдо нар үг хэллээ.

Хурлаар Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх арга зам, боломжуудын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

Монгол Улс АНУ-ын хооронд 2021 оны эцсийн байдлаар нийт 244 сая ам.долларын худалдаа хийгдсэнээс манай орны импорт 213 сая ам.доллар, экспорт 31 сая ам.доллар байна. Мөн АНУ-аас Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын 36 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт, 36 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, 9 хувь нь банк, санхүүгийн салбарт, 2 хувь нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт, үлдсэн 16 хувь нь бусад салбарт тус тус хийгджээ.

Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдтэй энд дарж танилцана уу.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.217.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.