Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд хуралдлаа. Та бүхэнд тус хурлын шийдвэрийг танилцуулья. Энэхүү хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа.
Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ. Үүнд:
Гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа нь дэлхийн эдийн засгийн богино, дунд хугацааны төлөвт сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал,
- Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, эрдэс түүхий эдийн үнэ бууран гадаад орчны эрсдэл нэмэгдсээр байна.
- Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ, мөн түлш, эрчим хүчний хямрал олон оронд нүүрлэсэн зэрэг нь глобал эдийн засгийн өсөлтийн төлөв муудах гол хүчин зүйл болж байна.
- Манай улсын худалдааны гол түнш оронд мөрдөгдөж буй “Тэг-Ковид” бодлого үргэлжилсээр байна. Мөн БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хүндрэл даамжран үргэлжилсээр байна.
- Дэлхий нийтээр үнийн өндөр өсөлттэй тэмцэж, томоохон эдийн засагтай, хөгжингүй улс орнууд хүүгээ огцом нэмэгдүүлж байгаа нь бусад улс орнууд бодлогын хүүгээ өсгөх дарамтыг бий болгож байна. Энэ нь зайлшгүй арга хэмжээ хэдий ч глобал эдийн засгийн идэвхжилийг хумих нөлөөтэйг судлаачид онцолж байна.
Дотоод эдийн засгийн хувьд идэвхжил хүлээлтээс давж, энэ оны эхний 3 улиралд өмнөх оны мөн үеэс 3.7 хувиар тэлээд байна. Нүүрсний экспорт сэргэж, төмөр замын бүтээн байгуулалт зэрэг нь уул уурхай, тээвэр, барилгын салбарын өсөлтийг тэтгэлээ. Дотоод эрэлт нэмэгдэж, өрхийн хэрэглээ сүүлийн 4 улирал дараалан тогтвортой өслөө.
- Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж, бодит ДНБ 10 улирлын дараа цар тахлын өмнөх үе болох 2019 оны түвшнийг давлаа. Энэ нь цар тахал болон геополитикийн хүндрэл манай эдийн засагт 2-3 жилийн хугацааны алдагдал үүсгэснийг харуулж байгаа юм.
- Хөдөлмөрийн зах зээлийн хувьд эерэг өөрчлөлтүүд давамгайлж байгаа нь өрхийн хэрэглээ тогтвортой өсөхөд дэмжлэг болж байна
- Ийнхүү эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл өндөр гарсантай уялдуулан 2022 оны өсөлтийн төлөвийг 4 хувьд хүргэж нэмэгдүүллээ.
- Гэхдээ эдийн засгийн цаашдын төлөв БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлого, хилийн боомтуудын нөхцөл байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, экспортын бодитой орж ирэх орлого, инфляц зэргээс ихээхэн хамаарахаар байна.
Инфляц 2022 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарлаа. Гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн зэрэг дотоодын хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас нэмэгдсэн нь инфляц өсөхөд голлон нөлөөлөв.
- Түүнчлэн, нийт инфляцын талаас илүү хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө бүрдүүлж байна.
- Монголбанкны одоогийн суурь төсөөллөөр инфляц цаашид үргэлжлэн буурсаар ирэх оны эцэс гэхэд нэг оронтой тоонд, 2024 оны эхнээс 6+/2 хувийн зорилтод хүрч тогтворжихоор байна.
Сүүлийн саруудад хилийн боомтуудын нөхцөл байдал сайжирч, нүүрсний экспорт нэмэгдсэн хэдий ч төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөж чадахааргүй байна. Төлбөрийн тэнцэл эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.4 орчим тэрбум ам.долларын алдагдалтай гарлаа. Бодлогын шаардлагатай тохиргоог хийж, валютын орох урсгалыг дорвитой нэмэгдүүлэхгүй тохиолдолд төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэх эрсдэлтэй байгаа нь гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах зорилгоор мөнгөний бодлогын тохиргоог үргэлжлүүлэх шаардлага хэвээр байгааг харуулж байна. Түүнчлэн, төсвийн зардал огцом нэмэгдэж батлагдсан нь импортыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцөд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ мөнгөний бодлого чангарах шаардлагыг бий болгов. Үүний дээр гадаад суурь хүү өсөж байгаа нь дотоод хүүг нэмэгдүүлж, төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлагыг нэмэгдүүлж байна.
Үүний зэрэгцээ, хэрэглээний зээлийн өсөлт сүүлийн жилд нэмэгдэж, цаашид цалингийн өсөлттэй уялдан эрчимжих хүлээлттэй байгаа нь өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлэх, хэрэглээний импортыг урамшуулах, цаашлаад төлбөрийн тэнцлийг улам муутгах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд хүргэж тогтворжуулах, эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг зохистой түвшинд хадгалах, гадаад суурь хүү өсөж буй орчинд төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын хүүг өсгөх шийдвэрийг гаргав.
Монголбанкны зүгээс цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй доголдол хэрхэн өөрчлөгдөх, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа!
-
17 цаг 11 мин
-
17 цаг 22 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин