Мэдээллийн нэгдсэн сантай болсноор цаашид гарах эрсдэлээс сэргийлнэ
Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын албаны дарга хурандаа Т.Мөнхбаяраас Батлан хамгаалахын Хяналт шалгалтын нэгдсэн мэдээллийн сан боловсруулсан тухайд болон түүнийг ашиглах журмын талаар тодрууллаа. Тэрбээр Батлан хамгаалахын сайдын тушаалаар дээрх мэдээллийн санг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллажээ.
Юуны өмнө Та Хяналт шалгалтын нэгдсэн мэдээллийн сангийн зорилгын тухайд мэдээлэл өгнө үү?
-Батлан хамгаалахын сайдын хувьд “Батлан хамгаалахын нэгдмэл хяналт” бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Уг бодлогын хүрээнд олон ажлыг хийж, гүйцэтгэж байна. Үүний нэг нь батлан хамгаалахын хяналт шалгалтын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж, салбарт хийгдэж байгаа хяналт шалгалтын материалуудыг нэгтгэх, Зэвсэгт хүчинд гарч байгаа гэмт хэрэг, осол зөрчил, сайшаал, шийтгэлийн нэгдсэн мэдээллийн сантай болж, түүнд дүн шинжилгээ хийх, шаардлагатай мэдээ, судалгааг нэгтгэн гаргах зорилготой юм.
Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Батлан хамгаалахын сайдын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар хяналт шалгалтын нэгжүүдийн болон БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн Программ хангамжийн төвийн алба хаагчдаас бүрдсэн хяналт шалгалтын нэгдсэн мэдээллийн санг боловсруулах ажлын хэсгийг томилсон юм. Ажлын хэсэг холбогдох байгууллагуудаас нэгдсэн мэдээллийн санд орох мэдээ, тайлангийн саналыг авч, программыг боловсруулсан. Түүнчлэн программын мэдээллийн санг ашиглах журмын төслийг боловсруулан холбогдох бүтцийн нэгж, газруудаас санал авч, Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэхүү журмын зорилго нь Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний төсөвт болон төрийн өмчит байгууллагуудад хийсэн хяналт шалгалт, гэмт хэрэг, осол зөрчил, сайшаал, шийтгэлийг бүртгэх, түүнд мэдээлэл ирүүлэх зэрэг албаны нэгдсэн мэдээллийн сангийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршиж байгаа юм. Түүнчлэн нийтлэг үндэслэлийн тухайд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн Ажлын алба, БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар, ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтэс мэдээллийн санд мэдээлэл цуглуулах, үнэлэн шинжлэх, ашиглах, үр дүнг тооцохтой холбогдсон харилцааг зохицуулна.
Энэхүү санд ямар төрлийн мэдээллүүд багтах вэ? Мөн мэдээлэл ирүүлэх хугацааны хувьд тодруулбал...
-Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын гэмт хэрэг, сахилгын зөрчил, ослын бүртгэл, сайшаал, шийтгэлийн бүртгэл, хорих ялаар шийтгэгдсэн цэргийн алба хаагчдын бүртгэл, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн хяналт шалгалтын бүртгэл, санхүүгийн хяналт шалгалт хийсэн, анги, байгууллагын зөрчил дутагдлын бүртгэл, анги, байгууллагын дотоод хяналт шалгалтын ажлын хэсгийн сар, улирлын тайлан, хяналт шалгалтын нэгжийн улирал, хагас жил, жилийн эцсийн тайлан гэсэн найман хүснэгтэн загварын дагуу мэдээллийг агуулсан. БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар, ЗХЖШ-ын Цэргийн албаны хэлтэс энэ журамд заасан хүснэгтэн загварын дагуу улирал бүрийн эхний 10-ны өдрийн дотор мэдээллийг ирүүлэх үүргийг хүлээх юм.
Мэдээллийн санг хөтлөн явуулах, аюулгүй байдлыг хангах талаар хэрхэн ажиллах вэ?
-Төрийн байгууллагын цахим хуудсанд тавигдах шаардлага "MNS 6285" стандартыг мөрдлөг болгоно. Мэдээллийн сангийн аюулгүй байдлыг бүрдүүлэхдээ "MNS ISO 17799:2007", "MNS ISO/IEC 27001-209; MNS ISO/IEC 13335-1:2009" стандартуудыг ханган ажилласан. Мэдээллийн санд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Зэвсэгт хүчний Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дарга, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн тус тус нэвтэрнэ. Ажлын албаны дотоод ажил хариуцсан мэргэжилтэн мэдээллийн санг хариуцан ажиллаж, сангийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хариуцна. Мэдээллийн сангаас мэдээлэл алдагдах, устсан тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр журамд заасан байгаа.
Энэхүү мэдээллийн сантай болсноор хүрэх дүнг та хэрхэн тайлбарлах вэ?
-Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Цахим засаглал”-ын хүрээнд 2022 онд Батлан хамгаалах яамнаас төрийн батлан хамгаалах үйлчилгээг цахимжуулах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүний нэг ажил нь батлан хамгаалах салбарын хэмжээнд хийгдэж байгаа хяналт шалгалтын ажлуудын мэдээ, тайланг нэгтгэх, Зэвсэгт хүчинд гарч байгаа гэмт хэрэг, осол, зөрчил, цэргийн алба хаагчдын сайшаал, шийтгэлийг бүртгэх нэгдсэн мэдээллийн сантай боллоо. Мэдээллийн ийм сантай болсноор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн хяналт шалгалтын тэмдэглэл, тайлан, актуудын нэгдсэн мэдээлэлтэй болох, гэмт хэрэг, осол, зөрчлийг он, оноор нь нэгтгэн бүртгэж, түүнд дүн шинжилгээ хийж, цаашид гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.145.37)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
16 цаг 53 мин
-
17 цаг 3 мин
-
22 цаг 47 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин