ЭЗБХ: Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ
Үйл явдал
/
2022-12-22

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2022.12.20/ хуралдаан 15 цаг 46 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа  Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улс, Азийн Хөгжлийн банктай хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Уур амьсгалын ногоон сан, Европын хөрөнгө оруулалтын банкны хамтын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас хөдөө аж ахуйн логистик, ханган нийлүүлэлтийн төв үйлдвэр болон кластерын зориулалттай байршлуудыг тодорхойлж, мөн Азийн хөгжлийн банкны зүгээс нийгэм, эдийн засаг, байгаль орчин зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн тодорхойлсон байршлуудад харьцуулалт хийж, нийт 15 аймгийн төв болон 34 сумын төвүүдэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр сонгосныг дурдсан.

 

Хөтөлбөр хэрэгжсэнээр хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохиромжтой эхний 15 аймгийг сонгож, цаашид гол нэрийн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай дэд бүтэц, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл боломж бүрдэнэ. Түүнчлэн тус хөтөлбөр хэрэгжсэнээр “Шинэ сэргэлтийн бодлого”-ын   зургаан  төслийн тулгуур болох хот, хөдөөгийн сэргэлтийг дэмжиж, эдийн засаг, нийгмийн хувьд өрсөлдөх чадвартай аймаг, сумдын төвийг бий болгон мал аж ахуйн өртгийн сүлжээг өргөтгөх, цаашлаад бүтээгдэхүүний өртгийг бууруулах чиглэлээр хөгжлийн загвар, хувьслыг дэмжих чухал үр дүнг бий болгоно гэдгийг сайд танилцуулгадаа онцлов.

Мөн тэрбээр, хөтөлбөрийг дараах үе шаттайгаар зохион байгуулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэлээ. 

Үүнд:-Аймаг болон сумын төвүүдийн дэд бүтцийг хөгжүүлэх, үүнд төвлөрсөн дулаан хангамжид нь ус зайлуулах хоолой, бохир усны хоолой зэрэг аймаг, сумдын дэд бүтэц, дутагдлыг шийдвэрлэхэд;

-нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг арилгах зорилгоор малчдын бэлчээрлэх дадлыг сайжруулах, сүргийн бүтцийг чанаржуулах;

-агробизнес эрхлэгчдэд тулгардаг санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх үүднээс зах зээлээс бага хүүтэй, нөхцөл сайтай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа урт зээлийг жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүргэх, бизнес эрхлэгчдэд зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх;

-тус хөтөлбөрийн үр дүнг бататгах, хэрэгжилтийг хангах, хөтөлбөрт оролцогчдын чадавхыг сайжруулах зорилгоор хөдөлмөрийн бүрэлдэхүүн хэсгийн хэрэгжилтэд шаардлагатай төлөвлөгөө, арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн паркийн менежменттэй холбоотой төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарцуулалтыг судлах зэрэг асуудлууд тусгагдсан байна.

 

Ерөнхий хэлэлцээрийг яаралтай батлуулснаар Уур амьсгалын ногоон хөгжлийн сангаас олох 40 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрийг хадгалах, баталгаажуулах боломж бүрдэнэ. Түүнчлэн Уур амьсгалын ногоон сангаас авч буй зээл 130 сая ам.доллар нь 0 хувийн хүүтэй, 10 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, 40 жилийн эргэн төлөгдөх нөхцөлтэй. Мөн Азийн хөгжлийн банкнаас авч буй зээл 270 сая ам.доллар нь  2 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөөд 25 жилийн эргэн төлөгдөх нөхцөлтэй. Европын хөрөнгө оруулалтын банкнаас авч буй 150 сая  ам.доллар нь тогтмол 2.92 хувийн хүүтэй, 5 жил үндсэн ч төлбөрөөс чөлөөлөгдөж, 25 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл гэдгийг танилцуулгад дурджээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Батлут, Т.Доржханд, О.Цогтгэрэл нар асуулт асууж, санал хэлсний дараа Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь  дэмжив.

Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.

 

 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Дараа нь  Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн  Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснийг дурдаад хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийхийн зэрэгцээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган, эцсийн хэлэлцүүлгийн төслийг бэлтгэснийг онцоллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, О.Цогтгэрэл нар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр зарчмын зөрүүтэй санал гаргаснаа тайлбарлав. Тэрбээр, “Бусад стратегийн ордуудын талаарх хуульд тусгасан жишгийн дагуу бирж дээрээ төрийн өмчийн хувь эзэмшил 34 хувь хүртэл гэж байх ёстой. Төрийн өмчит компани байна гэсэн атлаа хувь эзэмшлийнх нь доод хэмжээг нь заагаагүй хууль гарах гээд байна" гэж байлаа.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахыг дэмжээгүй тул энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

 

Хуралдаан Уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй холбоотой зөвшөөрлийн асуудлууд, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа хийлээ. Тэрбээр танилцуулгадаа, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш хугацаанд батлагдсан болон хууль хоорондын зөрчлийг арилгах, нийцлийг хангах зорилгоор зарим хуульд нэмэлт оруулах шаардлагатай гэж үзэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5.-д заасныг үндэслэн хууль, тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр Ажлын хэсгээс боловсруулж бэлтгэснийг дурдав.

Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл нь Зөвшөөрлийн тухай хууль батлагдахаас өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд биржийн арилжаа нь үнэт цаасны арилжаа болон шууд худалдах, худалдан авах гэрээний төслүүдээс бүрдэж, биржийн болон биржийн арилжааны зуучлагч, брокерын үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт тавихтай холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна” гэж заасан учраас Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа болон уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зуучлагчийн зуучлагч, брокерийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо олгох зохицуулалтыг тусгаж, хуулийн төслийг боловсрууллаа. Түүнчлэн хуулийн төслийг хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэл хугацаанд төрийн өмчит болон хүсэлт гаргасан уул уурхайн компаниудын экспортод гаргах бүтээгдэхүүнийг арилжихтай холбоотой шаардлагатай дэд бүтцийг бий болгох талаар "Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул  Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, уг хуулийн төслийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй хамт батлах шаардлагатай тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн.

Үргэлжлүүлэн “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.  

Энэ үеэр Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хэлсэн үгэндээ, “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасны дагуу Ажлын хэсгээс уг тогтоолын төслийг боловсруулсныг онцлон тэмдэглэв.

Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүнД.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Б.Энхбаяр, Д.Батлут, С.Ганбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, “Тогтоолын төслийн найруулга салаа утгатай,  зөрчилтэй  тул  төслийг татаж аваад Эдийн засгийн байнгын хорооноос Ажлын хэсэг гаргаж, дахин нягталж ажиллах нь зүйтэй” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут,  “Иргэд байгалийн баялагтаа эзэн болж, 1072 хувьцааныхаа ашиг шимийг хүртдэг байх ёстой. Энэхүү 1072 хувьцааг зарж борлуулах боломжуудыг нээж өгч болохгүй. Харин “Эрдэнэс таван толгой” ХК-ийн үлдсэн  81 хувийг олон нийтийн оролцоотой болгох нь зүйтэй. Гэхдээ маш нарийн судалгаа, тооцоололтой асуудалд хандаж, хуульчлах шаардлагатай” гэсэн саналыг хэлж байлаа.

Ингээд Байнгын хорооны даргын зүгээс Ажлын хэсэгт гишүүдийн хэлсэн саналуудыг анхаарч, төслийн найруулгыг нь засаж сайжруулан, дахин боловсруулах чиглэлийг өгөв.

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

 

Хуралдааны төгсгөлд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлыг УИХ-ын даргын 38 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг хариуцан ажиллаж байгааг дурдаад уг Ажлын хэсэг 2022 оны 12 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд хуралдсан гэв.

Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн үйлчлэлийг хүрээ болон баримтлах, хэрэгжүүлэх зарчмын хүрээнээс хальсан асуудлыг төслөөс хасах, УИХ-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх асуудал нь шийдвэрлэж, хэлэлцүүлэгт бэлтгэгдэж байгаа хуулийн төслүүд, холбогдох зөвшөөрлийн харилцаа, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтаар хэрэгжүүлэх,  дээрх саналтай холбогдуулан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Геодези газар зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадасрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагч нь буцаах, төслийн нэр томьёог Зөвшөөрлийн тухай болон холбогдох хуульд нийцүүлэх санал, дүгнэлтийг гаргаснаа дурдлаа.

 

Ажлын хэсгээс хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэснийг онцлохын зэрэгцээ уг Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Г.Ганболд, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажилласан гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулав.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар тогтов хэмээн  Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.63.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.