Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ
Үйл явдал
/
2022-12-24

Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2022.12.22/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 04 минутад эхэлж, зургаан  асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.   

Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Дотоодын цэргийн тухай хуулиар дотоодын цэргийн чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахаар улсын онц чухал болон бусад объектын хамгаалалттай холбоотой эрх зүйн орчныг боловсруулах, боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсныг дурдлаа.

Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна” гэж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасан “мэргэшсэн, тогтвортой байх” гэж Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад заасан “албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах” гэж заасан зохицуулалтууд хангагдана гэдгийг салбарын сайд танилцуулгадаа онцлов.

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтуудыг шинээр тусгасан байна. Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн гэж тодорхойлон, төрөлжсөн болон дэмжлэг үзүүлэх, энхийг дэмжих, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох нэгжтэй байхаар зохицуулсан. Мөн дотоодын цэргийн штабыг дотоодын цэргийг удирдах, мэргэжлийн төв байгууллага болон штабын даргын албан тушаалд тавигдах шаардлагыг хуулийн төсөлд цагдаа болон дотоодын цэргийн аль нэг байгууллагад эсхүл 2 байгууллагад нийт 18-аас доошгүй жил ажилласан байхаар тусгаж, дотоодын цэргийн командлагчийн эзгүйд тодорхой эрхийг штабын дарга хэрэгжүүлэхээр тусгажээ. Дотоодын цэргийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх нөхцөлийг сайжруулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4 дэх заалтад “хот суурин дотор такси, үйлчилгээнээс бусад нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих” гэж, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасан “цагдаагийн алба хаагч шилжин ажиллах болсноос шалтгаалан эхнэр, нөхөр нь хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүнийг тэргүүн ээлжид ажлаар хангах бөгөөд ажлаар хангаж хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа цалингийн доод хэмжээгээр тооцож улсаас олгоно” гэж, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн албан хаагчид 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан нийгмийн баталгааг дотоодын цэргийн албан хаагчид нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

Дотоодын цэргийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байх үед дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглох, хараат бус байдлаар албан үүргээ гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлж, бусад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчийн нэгэн адил алба хаасан хугацааг тооцох зохицуулалтыг тусгажээ.

Улсын онц чухал объектод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шаардлагатай тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу нэмэлт хүч, хэрэгсэл дайчлах, объектын хамгаалалтын найдвартай, аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаанд нь шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, инженер техникийн хэрэгслийг нэвтрүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалуулагч байгууллагын нэмэлт санхүүжилтийг авч ашиглах талаар зохицуулалтыг нэмж тусгасан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа дурдав.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөл батлагдсанаар иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад шинээр чиг үүрэг бий болгохгүй, нэмэлт зардал бий болгох зохицуулалт байхгүй тул хуулийн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцооллыг хийх шаардлагагүй гэж хууль санаачлагч үзсэнийг тодотгоод Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэнийг дурдав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Ц.Мөнх-Оргил, Ж.Чинбүрэн, Н.Энхболд, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэллээ.

Гишүүдийн зүгээс дотоодын цэрэгт дэмжлэг үзүүлэх нь чухал асуудал гэдгийг онцлохын зэрэгцээ дотоодын цэргийн алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хууль сахиулах, батлан хамгаалах салбарын нэгэн адил болгохыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн хуулийн төслийн 36.7-д дотоодын цэргийн алба хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь, эсхүл хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэж байх үед Дотоодын цэргийн командлагчийн зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг нэгжлэг хийхийг хориглоно.” гэж тусгасан шалтгааныг тодруулахын зэрэгцээ, дотоодын цэргийн алба нь улсын бүх объектыг хамгаалах нь зөв шийдэл эсэх цаашлаад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн  хамгаалалтын байгууллагуудын ажлын байрыг булаах хандлага гарах вий гэдэгт болгоомжилж байлаа.

Салбарын сайд Х.Нямбаатар, хувийн хэвшилтэй ажлын байр булаалдмааргүй байна гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд “Бид хамгаалагч байгууллага буюу төрийн өмчит компаниудын хүсэлтийг үндэслээд дотоодын цэргийн 1-2 ангийг бүсчилэн байгуулахаар төлөвлөж байна. Харин дотоодын цэрэг бусад аж ахуйн нэгж, сүлжээ дэлгүүр зэрэг хувийн хэвшлийн байгууллагуудыг хамгаалахгүй. Гагцхүү нийтийг хамарсан эмх замбараагүй асуудал үүссэн нөхцөлд дотоодын цэрэг нэн шаардлагатай хүнс, болон олон нийтийн үйлчлүүлдэг цэг, салбаруудыг хамгаална” гэж байлаа. Мөн хуулийн төсөлд  улсын онц чухал объектыг хамгаалж байгаа этгээдийг баривчлах, цагдан хорих нөхцөл байдал үүссэн үед дотоодын цэргийн командлагчид мэдэгдээд өөр хүнийг уг объектод томилж үлдээгээд, цаашдын ажиллагаагаа үргэлжилнэ гэх агуулгыг тусгасан юм. Энэ асуудлыг хуулийн төсөлд ташаа ойлгогдохуйцаар томьёолсон байна. Үүнийг хэлэлцүүлгийн шатанд эргэн харж, засна хэмээн хариулж байлаа.

Ингээд Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь  дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

Дараа нь Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Хууль зүйн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн гишүүн асуулт асуув. Тэрбээр, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд 10 гаруй жил сураад 30 хүртэлх насандаа мэргэжлээрээ ажиллаж эхэлдэг. Гэтэл шүүх шинжилгээний байгууллагад  ажиллавал 47, 48 насандаа тэтгэвэрт гарах болдог. Ер нь шинжээчээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжлийн ажилтнуудыг эмгэг судлаач, дүрс оношлогооны мэргэжилтнүүд шиг тусгай хүнд, хортой ангилалд нь хамруулах, эсвэл тэтгэвэрт гаргах хугацааг нь сунгах боломж бий эсэхийг лавлав.

 

Ажлын хэсгийн зүгээс, “Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 75.2-т энэ байгууллагад таваас дээш жил ажилласан бол өмнө нь эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан жилүүдийг нь төрийн тусгай албанд ажилласнаар тооцогдохоор тусгасан. Мөн насны дээд хязгаарыг эмэгтэй 47, эрэгтэй 55 нас гэж тогтоож, үргэлжлүүлэн 5 жил сунган ажиллах боломжтой байхаар тусгасан” хэмээн хариулж байлаа.

Ингээд Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүллээ

Хуралдаан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгэнлтийг Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 55 дугаар зүйлд “55.1.3.шинжилгээний байгууллага, шүүх шинжилгээний үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах хүрээнд шинжилгээний байгууллагыг шинжилгээний лабораторийн техник, тоног төхөөрөмж, программ хангамж, урвалж бодисоор шуурхай хангах, урвалж бодисын нөөцийг бүрдүүлэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шууд худалдан авах ажлыг зохион байгуулах” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул хууль хоорондын зөрчил үүсгэхгүй байх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцлов.

Мөн хуулийн төслийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээний жагсаалтыг шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Тусгай мэдлэг бүхий хүнд шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, сунгах, хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус зөвлөл ажиллана. Зөвлөлийн саналыг үндэслэн шинжээчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шүүх шинжилгээний төв байгууллагын даргын шийдвэрээр таван жилийн хугацаагаар олгоно.” гэсэн зохицуулалт дэмжигдсэнтэй холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг дурдаад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед  Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй  санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22. дахь хэсэгт заасны дагуу  хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн  66.7  хувь нь дэмжсэн  гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, хариулт авсны дараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Хаалттай хэлэлцэхээр хуульд заасан болон төрийн нууцтай холбоотой асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ” гэж заасны дагуу Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай хэлэлцэв.

 

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны  санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн  Х.Ганхуяг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснийг тодотгов.

Мөн Улсын Их Хурлын даргын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар захирамжаар байгуулагдсан Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг дээрх хууль, тогтоолын төслүүд дээр ажилласныг онцлоод Байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нийцүүлэх чиглэлээр бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналууд болон Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа хуулийн төслүүд дэх зөвшөөрлийн харилцааг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар зохицуулах зорилгоор Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.  

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр дээрх хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах тухай зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж, олонхын санал авсан гэдгийг Х.Ганхуяг гишүүн танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Чинбүрэн, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт авсны дараа Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 96 санал нэг бүрээр санал хураалтыг явуулсан юм.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаалаа

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуягаас 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир танилцуулав.

Тэрбээр, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09 дүгээр тогтоолоор ““Эрдэнэт үйлдвэр" төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакираар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Г.Дамдинням, Н.Наранбаатар, Д.Өнөрболор, Г.Тэмүүлэн, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсныг дурдаад Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.23 дахь хэсэгт заасны дагуу ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Т.Энхтүвшин, Б.Баттөмөр нар төслийг дэмжсэн, дэмжээгүй талаараа байр сууриа илэрхийлж, санал хэлэв.

Ингээд Ажлын хэсгээс бэлтгэсэн ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн юм.

Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.