Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуулийн цэцийн 02 тоот дүгнэлтийг хэлэлцлээ
Үйл явдал
/
2022-12-24

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.12.23/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, төсөл, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.

 

Дараа нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хууль тогтоомж санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг Хууль тогтоомжийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах нь оновчтой гэж үзэж, холбогдох өөрчлөлтийг оруулахаар зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусган төслийг боловсруулсан байна. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд тусгайлан заасан, эсхүл эрүү, иргэн, захиргаа, зөрчил, гамшгаас хамгаалах, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх, төсөв, татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамж, боловсролын салбарын харилцааг зохицуулсан анхдагч болон шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хуулийг Засгийн газар, харин Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар, эдгээрээс бусад асуудлаар Улсын Их Хурлын гишүүд хууль санаачлахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн хууль санаачлагч Улсын Их Хурлын тогтоолыг санаачилж болох зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдсан. Тухайлбал, Засгийн газар санаачлан боловсруулахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаарх Улсын Их Хурлын тогтоолыг Засгийн газар санаачлахаар, Улсын Их Хурлын тогтоолын төслийг дагаж хууль санаачлахгүй байх өөрчлөлтийг тусгасан байна. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газраас санаачлах хуулийн төслийг тусган төлөвлөдөг бөгөөд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд хамаардаггүй тул тус үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн нь Үндсэн хуульд заасан бүрэн эрх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарт багтаан хууль санаачлах эрхтэй гэж үзсэн хэмээн тайлбарласан юм.

 

Олон улсын туршлагаас судлан үзээд хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүй хийхээр тусгаж, дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөл болон дагаж гарах хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахууны үүсэл, хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцаа, түүний зохицуулалтыг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Ингэснээр хууль санаачлагч ямар агуулгаар холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар хууль хэрэглэх явцад ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл танилцуулгад дурдсан тайлбарыг эх сурвалж болгон ашиглаж болох юм байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан агуулга ижил боловч өөр бичилттэй, тухайн нэр томьёог дагаж өөрчлөх, шаардлагатай тохиолдолд холбогдох бүх хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болох аж. Тухайлбал, Улсын Их Хурлын 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан “тусгай зөвшөөрөл” гэсэн нэр томьёог “зөвшөөрөл” гэсэн агуулгаар өөрчлөхтэй холбоотойгоор 70 гаруй хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Иймд хууль тогтвортой байх үүднээс хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан нэр томьёог ижил утгаар ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэх тайлбарыг хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтад тусгах нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ.

Одоогийн хууль тогтоомжоор Улсын Их Хурлаас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд эрх зүй, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулах юм байна. Түүнчлэн хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр боловсруулсан хууль тогтоомжийн төсөл болон энэ хуульд заасны дагуу судалсан судалгааны тайланг 60 хоногоос доошгүй хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулж, санал авах юм байна. Ингэснээр судалгаа шинжилгээний болон эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой гэж үзжээ.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө Улсын Их Хурлын баталсан хуулиудын англи хэлний албан бус орчуулгыг холбогдох байгууллагууд уг хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд хариуцан гүйцэтгүүлэх зохицуулалтыг мөн хуульчлах юм байна.

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан Улсын Их Хурлаас батлах шаардлагатай хөгжлийн бодлогын баримт бичигт Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үнэлгээ, судалгааг хийхгүй байх өөрчлөлтийг тусгажээ. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх аргачлалын давхардлыг арилгах, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчлах өөрчлөлтүүдийг тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 70 хувь нь Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан юм.

 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Байнгын хороод хуулийн төсөл хэлэлцэх явцдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал хөнддөг, өргөн мэдүүлээгүй байхад шинээр агентлаг байгуулдаг асуудлыг энэ хуулийн төслөөр зохицуулж байгаа эсэх, түүнчлэн хуулийн төсөлтэй холбогдуулан дагасан хуулийн төсөл боловсруулахдаа суурь хуульд зарчмын шинжтэй, үндсэн үзэл баримтлалаас өөрөөр томьёолж нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал дээр тодорхой босго тогтоох асуудлын талаар асуулт асууж, хариулт авсан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Байр сууриа илэрхийлсэн гишүүдийн олонх, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38.3-т Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачилна хэмээн заасан. Гэтэл нэмээд дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлтийг оруулах тухай хуулийн төслийг УИХ, УИХ-ын гишүүн санаачлах эрхгүй болгохоор тусгасан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж буй явдал гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс хойших хуралдаанаар санал хураан шийдвэрлэхээр тогтон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн.

Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган танилцуулав.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр болж, Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна.

Үндсэн хуулийн цэц дээрх асуудлыг хэлэлцээд Өмгөөллийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3 дахь заалтад "энэ хуулийн 15.1.12, 15.1.13-т заасан өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал эрхэлж байгаа;" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна хэмээн үзжээ.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь асуулт асууж, хариулт авсанаар УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.8.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.