Эрүүл мэндийн яамны шинжлэх ухаан технологийн зөвлөл хуралдлаа
Үйл явдал
/
2022-12-25
Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөл хуралдаж, 2020-2022 онд Коронавируст халдварын судалгааны ажлуудын үр дүн, салбарын шинжлэх ухаан технологийн чиглэлээр 2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны танилцуулга, Эрүүл мэндийн яамны захиалгаар хийгдсэн судалгааны ажлуудын үр дүнг тус тус хэлэлцэв.


Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн орлогч дарга, Коронавируст халдвар судалгааг удирдах ажлын хэсгийн ахлагч Ц.Эрдэмбилэг тус хурлыг удирдсан бөгөөд хуралд 30 орчим эрдэмтэд оролцлоо.

 


Энэ үеэр Анагаах ухааны доктор, профессор С.Юндэнгийн удирдсан “Липидийн солилцооны хямралт эмгэгүүдийн эфферент эмчилгээ”, Академич, АШУ-ны доктор, профессор Н.Баасанжавын удирдсан “Хүүхдийн зүрхний зонхилон тохиолдох хавсарсан гажгийн мэс засал эмчилгээний технологийг боловсронгуй болгох нь”, Академич, АШУ-ны доктор, профессор М.Амбага, Б.Дагвацэрэн нарын удирдсан “Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн эмт бодис, эмүүдэд тулгуурлан дархлаа дэмжих, цус шингэлэх, өвдөлт намдаах үйлдэлтэй шинэ, уламжлалт эм бүтээх судалгаа”-ны төслүүдийн үр дүнг хүлээн авлаа.
ЭМЯ-аас вирусийн геномийн тандалт, эмнэлзүй, вакцин, оношлуур, эм, биобэлдмэл ба хэрэглүүрийн судалгаа зэрэг бодлогын хүрээнд нийт 100 гаруй судалгааны ажлыг удирдан хийснээс томоохон судалгааны ажлуудын үр дүнг энэ үеэр танилцууллаа.



Судалгаануудын үр дүнд:
  1. Вирусийн хувилбар тогтоох 2 технологи нэвтрүүлсэн. Үүнд Next-generation sequencing (NGS) шинэ технологийг нэвтрүүлэн улсын хэмжээнд вирусийн хувилбаруудыг тогтоон оношийг баталгаажуулж байна. Мөн НАНОПОР буюу Охфордын их сургуулийн богино хугацаанд хувилбар тогтоодог шинэ технологийг нэвтрүүлсэн.
  2. Вирусийн антиген, антител илрүүлэх хоёр төрлийн гурван нэрийн оношлууруудыг шинээр бүтээв.
  3. Судалгаануудын үр дүнд үндэслэж тандалтын хариу арга хэмжээний бодлогыг тодорхойлж, эмнэлзүйн удирдамжуудыг шинэчлэн боловсруулж байсан.
  4. “Sars CoV-2” агуулсан сийвэнгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.
Дээрх судалгааны ажлуудыг хоёр эмхэтгэл болгон хэвлээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.161.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.