“Эрдэнэт медикал” эмнэлгийн хамт олон үр дүнгээ тайлагнаж, оны шилдгүүдээ тодрууллаа
Үйл явдал
/
2022-12-25

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүрэлдэхүүнд энэ онд шилжиж ирсэн “Эрдэнэт медикал” эмнэлгийн хамт олон оны турш хийж хэрэгжүүлсэн ажлынхаа ололт амжилтыг дүгнэн, “Оюу” танхимд баярын хурлаа зохион байгууллаа. Тус хуралд Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д.Сүхээ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга, “Эрдэнэт медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Энх болон Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын Нийгмийн харилцааны албаны дарга Д.Өнөбат, Аж ахуй, үйлчилгээний цехийн дарга Б.Туяа нар урилгаар оролцлоо. “Эрдэнэт медикал” эмнэлгийн бүтээлч хамт олон энэ онд давхардсан тоогоор 37 мянга орчим хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. 

 

Эрдэнэт хүний амь насыг авран хамгаалж, уурхайчдын эрүүл энхийн манаанд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа эмч, эмнэлгийн салбарынханд аймаг, орон нутгийн болон төр захиргааны шагнал хүртээлээ. Тухайлбал, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр тус эмнэлгийн зүрх судасны их эмч С.Оюунгэрэл, Ж.Мядагмаа, мэдрэлийн их эмч Д.Отгон-Эрдэнэ, дурангийн их эмч Ш.Болортунгалаг нар шагнагдлаа. Мөн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч Г.Батжаргал Клиникийн профессор цол хүртсэн. Тус эмнэлгийн 2022 оны “Сэтгэлтэй, сэтгэлгээтэй шилдэг залуу ажилтан”-аар Урьдчилан сэргийлэх үзлэгийн төвийн эмч О.Анхбаяр, шилдэг ажилтнаар хөтөч М.Энхжаргал, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч Б.Ууганцэцэг, Дүрс оношилгооны тасгийн их эмч Л.Буянхишиг нар тодорсон бол “Шилдгийн шилдэг ажилтан”-аар Дурангийн их эмч Ш.Болортунгалаг шалгарлаа.    

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Эрдэнэт медикал” эмнэлгийн удирдлагын багийнхан инфляцын өсөлтөөс хамаарч ажилтнуудын ахуй амьдралыг дэмжих, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөж байгаатай холбогдуулан нийт ажилтны үндсэн цалингийн сүлжээг 10-20 хувь, үр дүнгийн нэмэгдлийг 10-20 хувь, ур чадвартай, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа ажилтнуудын үндсэн цалинг 1-4 түвшнээр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр, олговол зохих цалингийн доод хэмжээ 646,800 төгрөг байсныг 920,000 төгрөг болгон, 42 хувиар өсгөж, дундаж цалин 23-иар өссөн байна. Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга, “Эрдэнэт медикал” эмнэлгийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Бат-Энх үр дүнгийн баярын хурал дээр шинэчилсэн хөдөлмөрийн гэрээг нийт ажилтнуудад гардууллаа. 

2023 онд тус эмнэлэг хүний нөөцийн чадавхаа сайжруулах, гадаад дотоодын эмнэлэг, байгууллагуудтай хамтран ажиллах, 100 ортой хэвтэн эмчлүүлэх эмнэлгийн барилгын зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулах, эмнэлгийн өргөтгөлийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан барьж, ашиглалтад оруулах, шинээр MRI, СТ, газ плазма ариутгалын аппарат худалдан авах зорилт тавьжээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.107)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.