Ө.Сумъяабаатар: 2023 оны дүүргийн төсөв, Татварын орлого бүрдүүлэхэд анхаарч ажиллана
Үйл явдал
/
2023-01-03
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр 2022 оны улс, нийслэл, дүүргийн татварын орлогын биелэлт болон 2023 онд дүүргийн төсөв, татварын орлогыг биелүүлэхийн тулд хэрхэн яаж ажиллах талаар Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн, дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр болон холбогдох хэлтсийн дарга нар мөн дүүргийн Төрийн сангийнхантай уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.
Дүүргийн Татварын хэлтэс 2022 онд улс, дүүргийн төсөвт бүрдүүлэх ёстой татварыг 100 хувь биелүүлсэн ч нийслэлд төвлөрүүлэх татвар 88,2 хувийн биелэлттэй байгаа юм. Иймд 2022 онд нийслэлд төвлөрүүлэх ёстой орлого яагаад тасалдсан талаар дүүргийн Татварын хэлтэс болон Төрийн сангийн хэлтсийнхнээс тайлбар, мэдээлэл авлаа.

Холбогдох албаныхны өгсөн мэдээллээр 2022 онд нийслэлд бүрдүүлэх татварын биелэлт 88,2 хувьтай байгаа. Татварын орлого тасалдсан шалтгаан нь цалин орлогоос бүрдүүлэх татвар буурсантай холбоотой, Өөрөөр хэлбэл, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 13 нэр төрлийн орлогоос 4 төрлийн орлогыг 12.5-27.6 хувиар давуулан биелүүлсэн бол бусад 10 төрлийн орлого 78.7-99.7 хувийн биелэлттэй байгаа. Төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдалд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого буурсантай холбоотой гэсэн тайлбарыг өглөө. Тодруулбал, өнгөрсөн 2 жилд ковид цар тахлаас улбаалж хувийн хэвшлийн ААН-үүдийн үйл ажиллагаа доголдож, ажилчдынхаа орон тоогоо цомхотгосон. Үүнээс болж цалин орлогоос бүрдүүлэхээр төлөвлөсөн татварын хэмжээ буурсан. Гэсэн хэдий ч ААН-үүд хуримтлагдсан татварын өрөө урт хугацааны график гаргаад төлөөд явна гэдгээ мэдэгдсэн гэдгийг албаныхан онцоллоо.
Түүнчлэн уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга 2023 онд татварын орлогыг бүрдүүлэхэд дүүргийн зүгээс бүх талаар нь дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн бөгөөд улмаар Ажлын хэсэг байгуулж, цаашид хэд хэдэн зүйл дээр анхаарч  ажиллахаар боллоо. Үүнд, 
  • Газрын албаны бүртгэлийн давхардал, зөрчлийг арилгах зэрэг арга хэмжээг авах, 
  • Дүүргийн Газрын албатай хамтарсан уулзалт зохион байгуулах,
  • Татварын олон нийтийн байцаагч нарыг ажиллуулах,
  • Хогноос авах татварын хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын ААН-үүдийн байгуулсан хогны гэрээг хянах, шинэчилсэн гэрээг дахин байгуулах,
  • Ингэхдээ дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг оролцуулсан хамтарсан уулзалтыг зохион байгуулах, мэдээлэл солилцох
  • Авто тээврийн хэрэгслийн татварын төлөвлөгөөг бүрдүүлэхэд Замын цагдаагийн хэлтэс болон 34 хороотой хамтарч ажиллах,
  • Дүүргийн хэмжээнд байгаа бүх ААН-ийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх,
  • Хороодод үл хөдлөх хөрөнгийн тооллогыг дахин хийх. Ингэснээр нуугдмал орлогыг ил болгох

Түүнчлэн татвар бүрдүүлэхийн тулд шаардлагатай шаталсан арга хэмжээг авна гэдгийг Татварын хэлтсээс мэдээллээ.


Энэ үеэр дүүргийн Татварын хэлтсийн дарга М.Ганжигүүр “2023 онд татвар бүрдүүлэхэд эергээр нөлөөлөх хүчин зүйл байгаа. Үүнд, төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж байгаатай холбоотойгоор татварын хэмжээ нэмэгдэх, өмнөд хөрш хилээ нээхтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид идэвхжиж, эдийн засаг эргэлтэд орно гэсэн хүлээлт байна” гэсэн юм.
Ташрамд мэдээлэхэд, Баянгол дүүрэг 2023 онд нийт 173,964,138.1 төгрөгийн орлого төвлөрүүлэхээс

  • Нийслэлийн төсөвт 123,592,259.8 төгрөг
  • Дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 7,142,200.0 төгрөг,
  • ДОНХС-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ 1,585,584.4 төгрөгийг төвлөрүүлэхээр дүүргийн ИТХ-аас баталсан юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.241.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.