Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.01.04/ хуралдаанаар “Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлаас улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар 80 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолоор Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсэг байгуулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосны хүрээнд Байнгын хорооны 2022 оны 16 дугаар тогтоолоор ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, гишүүдэд Ж.Батсуурь, С.Ганбаатар, Т.Доржханд, Ж.Мөнхбат, С.Одонтуяа, М.Оюунчимэг, О.Цогтгэрэл, Н Энхболд болон Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.
Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгох ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх арга хэмжээг зохион байгуулсан талаар танилцуулга хийлээ.
Тэрбээр, “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 8.2-т Шийдвэр гаргах эрх бүхий этгээд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах тухай бүрд уг санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 5-11 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна, 8.3-т Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оруулна, 8.6-д Энэ хуулийн 8.3-т заасан шаардлагыг хангасан эрдэмтэн, судлаачийг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас, хувийн хэвшлийн төлөөллийг мэргэжлийн холбооноос, иргэнийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагаас, эсхүл өөрөө нэр дэвшүүлэн санал болгоно гэж тус тус заасныг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигч нарыг бүртгэх зарыг 2022 оны 02 дугаар сарын 23-30-ны хооронд парламентын цахим хаяг, өдөр тутмын сонин хэвлэл, МҮОНРТ болон бусад цахим хаягуудаар нээлттэй зар байршуулж, мөн зарим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад албан бичгийг хүргүүлсэн. Товлосон хугацаанд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас 13, Төрийн бус байгууллагаас 73, аж ахуйн нэгжээс 4, иргэнээс 72, нийт 162 хүний материал ирсэн.
Ажлын хэсэг ерөнхий шаардлага буюу товлосон хугацаанд ирүүлсэн эсэх, нэр дэвшигчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбар, нэр дэвшүүлсэн тухай тодорхойлолт гэсэн бичиг баримтын бүрдэл хангагдсан эсэх, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд “Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй.” гэж заасны дагуу Төрийн албаны зөвлөл болон Монгол Улсын дээд шүүхээс хүн тус бүрээр гаргуулж авсан лавлагааг харгалзан 136 хүнээр нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргасан.
Баримт бичгийн бүрдэл дутуу 23, тогтоосон хугацаанаас хойно 3, хуулийн 8.4-т заасан шаардлага хангаагүй 3 нэр дэвшигч байсан.
Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүд нууц санал хураалт явуулж, дээрх нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан дараах 11 нэр дэвшигчийг Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэхээр сонголоо хэмээн танилцуулсан.
Ажлын хэсгээс Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд доорх хүмүүсийг нэр дэвшүүлжээ.
1.Төрийн бус байгууллагаас нэр дэшүүлсэн Л.Төр-Од - Улс төрийн эдийн засагч, эрх зүйч
- Хувь иргэнээр нэр дэвшсэн Г.Галбадрах - Зураг, хөдөлмөрийн багш
- Монгол Улсынихсургуулийн Үндсэн хуулийн судалгааны хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн О.Мөнхсайхан - Судлаач
- Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн О.Амартүвшин - Эдийн засагч
- Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооноос нэр дэвшүүлсэн Ө.Ганхуяг - Эдийн засагч
- Монголын ажил олгогч эздийн холбооноос нэр дэвшүүлсэн Х.Ганбаатар - Арьс, ширэн эдлэлийн инженер, технологич, Монгол Улсын зөвлөх инженер
- Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэр дэвшүүлсэн Г.Чулуунбаатар - Гүн ухаан, нийгмийн ухааны багш, Академич
8.Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн С.Эрдэнэбат - Хөдөлмөрийн эдийн засагч
- хувь иргэнээр нэр дэвшсэн Д.Моондой - Радио электроникийн инженер
- Шинжлэх ухаан технологийн их сургуулиас нэр дэвшүүлсэн Д.Мягмарсүрэн - Улс төр судлаач
- Хувь иргэнээр нэр дэвшсэн И.Цэрэн-Онолт - Багш, математикч.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Зөвлөлдөх зөвлөл байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
“Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Мөн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм.
Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан зорилт 8.2-ын I үе шатны 8.2.3-т “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж, II үе шатны 8.2.3-т “Шинэ нийслэлд төрийн захиргааны болон зарим нийгмийн үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нүүлгэх ажлуудыг эхлүүлсэн байна”, III үе шатны 8.2.2-т “Шинэ нийслэлийг ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын бүтээлч хот болгоно” гэж тус тус тусгасан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд дээрх зорилтуудыг тусгасан байдаг.
Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна.
Нийслэлийн хүн амын эрчимтэй өсөлтийг дагаад хүрээлэн буй орчны доройтол, дэд бүтцийн даац хэтрэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, ажилгүйдэл, ядуурал ихсэж, хүн амын хэт төвлөрөл үүсгэж байна.
Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндий орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж иржээ. Тухайлбал, 2005 онд шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа, 2006 онд нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи-хот байгуулалтын үнэлгээ, 2009 онд Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур хот төлөвлөлт” судалгаа, 2022 онд Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсрууллаа хэмээн танилцуулав. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн туслалцааны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран 2019-2021 онд хэрэгжүүлсэн “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийн тайланд “Нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ нийслэл хотыг Хангайн бүсийн тулгуур төв Харин хот эсхүл улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт байрлуулах” саналыг дэвшүүлсэн байна.
Түүхэн ач холбогдлын хувьд Орхон голын сав нутаг, Орхоны хөндийн газар нь нүүдлийн соёл иргэншлийн газар зүйн гол зангилаа нутаг төдийгүй байгаль дэлхийтэй энгийн арга хэлбэрээр зохицон амьдарч байгааг харуулсан нүүдлийн ахуйг өдгөө ч хадгалсаар байдаг. Үүний зэрэгцээ хүн төрөлхтний нэн эртний түүхийг гэрчлэх чулуун зэвсгийн үеийн дурсгалт газрууд болон нүүдэлчдийн анхны төрт улс үүссэн, эртний нүүдэлчдийн төр улсууд үе залгамжлан оршин тогтнож, өрнө, дорнын харилцааны төв болж байсныг гэрчлэх археологи-архитектурын дурсгалуудыг өнөөг хүртэл хадгалж ирсэн газар нутаг юм. Мөн Их эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Монгол дахь бурхны шашны бэлгэ тэмдэг болсон Эрдэнэзуу, Төвхөн, Шанхын хүрээ зэрэг олон хот суурин газруудыг байгуулж байсан түүхтэй. ЮНЕСКО-гоос 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.
Иймд дэлхийн жишигт хүрсэн, тогтвортой, ногоон, ухаалаг Шинэ Хархорум хотыг байгуулан хөгжүүлэх зорилгоор “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тодотгосон.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Энхболд, Ж.Мөнхбат нар үг хэлсэн. УИХ-ын гишүүд Өвөрхангай аймгийн Хархорин сум, Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, Хотонт сумдын зааг нутагт байгуулах шинэ хотын газрын асуудлыг маш хурдан шийдэх шаардлагатай хэмээсэн. Мөн 2023 оны улсын төсвийг УИХ батлахдаа Эдийн засаг, хөгжлийн сайдын багцад зураг төсөв, ТЭЗҮ-д зарцуулах хөрөнгө гээд 40 гаруй тэрбум төгрөг суулгасан байгаа. Энэ хөрөнгөнөөс шинэ хотын зураг, төсөв, ерөнхий төлөвлөгөөг гаргахад тодорхой хэсгийг зарцуулах нь зүйтэй гэлээ.
Монгол Улсынхаа нэрийг гаргасан нүүдэлчний хэв маяг, өв уламжлал, түүх дурсгал, соёлын ахуйг тусгасан шинэ хот байгуулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа УИХ-ын гишүүд илэрхийлээд, олон улсын стандарт, дэлхийн жишигт нийцсэн төлөвлөлт хийхийн чухлыг дурдсан.
Эцэст нь санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
15 цаг 10 мин
-
15 цаг 21 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин