Төрийн албан хаагч хэт задгай биш даруу төлөв хувцаслана
Үйл явдал
/
2023-01-11

Хог хаягдал, явган зам, нийтийн тээвэр, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол гэх мэт есөн бүлгийн 38 хотын стандартыг НИТХ-аар 2022 оны гуравдугаар сард хэлэлцэн баталсан. Уг стандартуудыг тухайн оны аравдугаар сарын 1-ний өдрөөс нийтээр даган мөрдөж эхэлсэн.

Тэгвэл хоёрдугаар ээлжийн 12 бүлгийн 31 хотын стандартыг удахгүй батлуулна. Санал авч буй стандартын төслүүдээс дурдвал, үер, борооны ус хуримтлуулах, зайлуулах байгууламжийн зураг төслийн каталог боловсруулсан байна.

Энэ талаар Хотын хөгжлийн стандартын хэлтсийн мэргэжилтэн М.Амарзаяа "Харааны болон сонсголын бэрхшээлтэй үйлчлүүлэгчидтэй харилцахдаа гэрлийн эх үүсвэр рүү нуруугаа харуулан суухгүй байх. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэн таны нүүрийг харах, эсвэл сонсголын бэрхшээлтэй иргэн таны амны хөдөлгөөнийг (хайрцаг) харах, ойлгоход хүндрэлтэй, төвөгтэй болгодог.

Ярьж, харилцаж байхдаа өөр зүг рүү харах, доошоо ширээ рүүгээ харах, нүүрээрээ оролдох, бохь зажлах, эсхүл үзгээ амандаа зуунгаа ярих зэргийг хориглоно. Энэ болгоны харилцаа, үйлчилгээний стандартад тусгаж өгсөн" гэв.

Мөн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, ажилтны хувцаслалт, харагдах байдалд шаардлага тавьсан байна. Үүнд:

Төрийн үйлчилгээний хэв маяг, төрхийг бүрдүүлэх бөгөөд хувцаслалт нь цэвэр цэмцгэр, даруу төлөв, ажил хэрэгч загвартай байна. Ажлын байранд ажлын цагаар жинсэн болон элдэв этгээд загвар бүхий /уранхай, цайралттай, цацагтай гэх мэт/ өмд, цамц, ноосон цамц, свитер цамц, чөлөөт загварын болон хурц тод өнгийн хувцас өмсөхгүй. Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх ёстой.

Эрэгтэй албан хаагчид:

  • Хэт тод, элдэв том хээтэй, бичиг, зурагтай цамц өмсөх, зангиа зүүхгүй байх;
  • зуны улиралд хөлийн хуруу гарсан углааш өмсөхгүй байх;
  • Костюм өмсөхдөө гутал дотор спорт оймс өмсөхгүй байх;

Эмэгтэй албан хаагчид:

  • Хувцасны энгэр нь хэт задгай биш байх;
  • Хэт бариу хувцаслахгүй байх;
  • Цамц, даашинз, хослолын энгэр нь эгмийн хонхроос 30-40 мм-ээс илүү задгай байж болохгүй гэж стандарт тогтоожээ.

Мөн ажлын байранд ажлын цагаар хоол хүнс үнэртүүлэх, албаны утсыг зориулалтын дагуу бус хувьдаа ашиглах, ажлын байранд гар утасны дууг хэт чанга байлгах, чанга дуугаар утсаар ярихгүй байхыг тодотгосон байна.

Эдгээр хотын стандартыг бүх нийтээрээ дагаж мөрдөж, амьдралдаа хэвшүүлснээр дэлхийн жишигт хүрэх стандарттай хот болох боломжтой гэж үзжээ. Энэхүү хотын стандартуудыг НИТХ-д өргөн мэдүүлж, батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.