НББХ: Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхээр болов
Үйл явдал
/
2023-01-12

Ажиллах хүч шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ

Хуралдааны эхэнд Засгийн газраас өнөөдөр өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцуулж, Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.3.5-д хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хязгаарлалт тогтоохгүй байх хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөхөөр заасан. Мөн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.5-д зааснаар хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн улмаас үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгж, байгууллага, цалин орлого нь тасалдсан иргэдэд зохих дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээсэн. Үүний дагуу Засгийн газрын 2015 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан "Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам"-д нэмэлт оруулж, уг журмын дагуу ашигт малтмал болон газрын тосны салбараас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөлт үзүүлж ирсэн. Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай шинэчилсэн найруулсан хуулиар зохицуулж байна. Энэ хуульд гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг хуулиар зохицуулахаар тусгасан. Түүнчлэн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусгавар болсон, албан татвар (төлбөр, хураамж)-ын асуудлыг шийдвэрлэх нь Монгол Улсын Их Хурлын онцгой  бүрэн эрхэд хамаарах тул “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх эрх зүйн үндэслэлийг хуульд тусгах шаардлагатай болж байна гэсэн юм. Төн тэрбээр, төрийн өмчит зарим хуулийн этгээд сул ажлын байрандаа ажилтан олж ажиллуулахад хүндрэл үүссэний улмаас гадаад ажилтан ажиллуулах зөвшөөрөл хүсэх тохиолдол сүүлийн жилүүдэд гарч, гадаадаас ажилтан авч ажиллуулах хэрэгцээ үүссэн. Гэвч тухайн байгууллагын төсөвт гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлөх төсөв батлагддаггүй тул гадаад ажилтан авч ажиллуулах боломжгүй болж, улмаар ажиллах хүчнээс хамааралтайгаар үйлчилгээний чанар, хүртээмж муудах нөхцөл бий болж гээд, төрийн өмчит зарим хуулийн этгээдийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлж болох тухай Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаснаа дурдав.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Чинзориг, С.Одонтуяа, Б.Бэйсэн нар хөнгөлөлт чөлөөлөлтийн үргэлжлэх хугацаа, гадаадад ажиллах хүч гаргах зэрэг төрийн зарим үүргийг хувийн хэвшил болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж буй үйл ажиллагаа Зөвшөөрлийн тухай хуулиар хязгаарлаж багааг хэрхэн шийдвэрлэх, төрийн өмчит компаниудад ажлын байрны төлбөрийн хөнгөлөлтийн давуу байдал үүсгэж байгаа нь зохимжтой эсэх, мөн гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд, тэдний төлж буй шимтгэл, түүний зарцуулалт зэрэг асуудлаар асуулт асууж, хариулт авав. Мөн хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Б.Бэйсэн үг хэллээ. Тэрбээр гадаадад ихэвчлэн залуучууд ажиллахаар явж байгаад анхаарч, дотооддоо ажиллах хүчнийг бэлтгэх, сургахад түлхүү чиглэж ажиллах шаардлагатай байгааг зөвлөсөн юм.

Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхээр болов

Байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн эдгээр багц хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлуудыг төсөл тус бүрээр нэгбүрчлэн хэлэлцэв.

Хуулийн төслүүдийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан танилцууллаа. Тэрбээр, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэх, тэтгэврийн даатгалыг олон давхаргат тогтолцоонд шилжүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зохистой удирдаж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох, нийгмийн даатгалын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсныг онцолсон юм. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийгмийн даатгалын тогтолцоо, зарчим, төрөл, хэлбэр, хамрах хүрээг тогтоох, нийгмийн даатгалд даатгуулах, шимтгэл төлөх, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, тайлагнах, хяналт тавих болон нийгмийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох харилцааг тусгасан байна. Түүнчлэн нийгмийн даатгалын тогтолцооны зарчим, даатгалын сангийн хөрөнгө оруулалтын удирдлага, мэдээллийн нэгдсэн сан, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүр, шимтгэлийг нөхөн төлүүлэх, буцаан олгох, тэтгэврийн нөөц санг байгуулах, нэрийн дансны бүртгэлийг мөнгөжүүлэх, мөнгөжүүлсэн орлогыг өвлүүлэх, шимтгэлийн өр, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох, нийгмийн даатгалын сангийн хэтийн тооцоолол хийх, сангийн эрсдэлийг үнэлэх, санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий мэргэжлийн хороог ажиллуулах зэрэг шинэ зохицуулалтыг тусгажээ.

Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, тэтгэврийн насыг жил бүр гурван сараар нэмэгдүүлж буйг хэвээр үргэлжлүүлэх, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлдэг болгох, тэтгэвэр бодох аргачлалд өөрчлөлт оруулах, олон жил шимтгэл төлөхийг урамшуулах, тэтгэвэр тогтоолгох дараалсан жилийг 84 сар байгааг 60 сар болгож бууруулах, өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалт болон бусад нөхцөлийг тусгасан байна. Ингэснээр тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдэлийг бууруулах, нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиас бусад хуульд заасан тэтгэвэр тогтоох нөхцөлийг энэ хуульд нэгтгэснээр хууль хоорондын зөрчил арилгах, даатгуулагчийн нийгмийн баталгаа хангагдах зэрэг эерэг үр дагавар бий болно гэж сайд Т.Аюурсайхан танилцуулав.

Мөн тэрбээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр өнөөдрийн мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэвээр хадгалж, харин бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 66 хоног байгааг 132 хоног байхаар нэмэгдүүлснийг дурдлаа. Одоо мөрдөж буй хуулиар нэг болон ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг адил хугацаагаар бодож байгааг өөрчлөн ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд тэтгэмжийг 20 хоног нэмэгдүүлэн олгохоор тусгасан байна. Мөн ажилгүйдлийн даатгалын сангаас олгох тэтгэмжийг бодох хувийг нэмэгдүүлэн, даатгуулагчийг ажилгүй болохоос урьдчилан сэргийлэх, ажлын байранд нь тогтвор, суурьшилтай, урт хугацаанд ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажил олгогчид таван жилд нэг удаа 10 хувиар шимтгэлийн хөнгөлөлт үзүүлж байсныг гурван жилд нэг удаа 15 хувиар үзүүлэхээр тусгаж байгаа ажээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, даатгуулах сэдэл, хүсэл, сонирхол өсөж, тэдний нийгмийн баталгаа хангагдан, ажил олгогчийн санхүү, төлбөрийн чадавхид эерэг нөлөөтэйг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд танилцуулгадаа дурдав.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зорилт нь сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, даатгуулагчийн хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбоотой зардлын төлбөр олгох, санхүүжүүлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж буйг сайд дурдаад, хууль батлагдсанаар даатгуулагчид эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, тэдний нийгмийн баталгааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх шалгуур үзүүлэлт тодорхой болж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх, хяналт тавих, ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх чиглэлээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо сайжирна гэсэн юм. Үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг нэмэгдүүлэх зорилгоор даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын хоёр хувиас ихгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэвэр авагчдын протез, ортопедын үнийг таван жилд нэг удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон даатгалын сангаас хариуцаж байсныг гурван жил тутамд 100 хувиар хариуцахаар тусгасныг сайд Т.Аюурсайхан онцолж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлтийг гурван жилд 10 хувиар тооцон үзүүлдэг байсныг 15 хувь болгон нэмэгдүүлсэн, мөн даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах өргөдлөө цахимаар өгөх, үйлчилгээг түргэн шуурхай болгоход хуулийн төслийг чиглүүлснээ тэмдэглэв.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, Ц.Туваан, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, С.Одонтуяа, С.Чинзориг нар асуулт асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүд хувийн тэтгэврийн тогтолцоог хэрхэн нэвтрүүлэх, тэтгэвэр өвлөгдөх эсэх, болон сүүлийн таван жилийн цалингийн дунджаар тогтоодог байсныг долоон жил болгосонд иргэд хэрхэн хандаж байгаа, эргээд таван жилээр тогтооход үүсэх санхүүгийн болон бусад бэрхшээлийн талаар сонирхож байлаа. Мөн тэтгэврийн зөрүүг арилгах чиглэлээр хуулийн төслүүдэд ямар зохицуулалт оруулж байгаа, богино хугацаанд өндөр шимтгэл төлж тэтгэврээ өндрөөр тогтоолгосон хүмүүсийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа болон тэтгэвэрт суух насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх болдлгын хэрэгжилт, үүнээс үүдэн гарч байгаа асуудал ямар байгаа зэргийг асуусан юм. Тэтгэвэртээ гарсны дараа ажил эрхлэх боломжийг хүмүүст хэрхэн олгож буй болон групп тогтоолгосон хүмүүсийг хоёр жил тутам магадлангаар оруулдаг байдлийг хэрхэн цэгцлэх, группын тэтгэмжийг зорилтот бүлэгт зөв хүргэх талаар зохицуулалт оруулж буй эсэх гэх мэт олон асуудлыг хөндсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүд нийгмийн даатгалын хөрөнгийг арилжааны банкинд байршуулахад баримталж байгаа зарчим, сонгон шалгаруулалтын асуудал, тэтгэврийн санг үндэний хуримтлалын сантай уялдуулах, засаглал, менежментийг сайжруулах чиглэлээр хуулийн төслүүдэд оруулж буй шинэчлэлтийн талаар асууж, даатгуулагчид төлж буй шимтгэлээ ил тод харж, хянадаг байх боломжийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын шинэчлэлтийн талаар Засгийн газрын гишүүд нэгдмэл байр суурьтай ажиллахыг зөвлөж байв. Мөн Түүнчлэн нийгмийн даатгалын санг баялгийн сангаас нэг удаа мөнгөжүүлэх боломж, тэтгэврийн нөөц сангийн болон сайн дурын давхар даатгалтай байх зохицуулалт шинэчлэн найуулсан төслүүдэд хэрхэн тусаж байгаа талаар тодруулга авсан юм. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдэд олгох тэтгэмжийн асуудал, хөгжийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих, тэтгэмжийг 16 нас хүртэл олгож байгааг 18 нас хүргэх талаар баримталж байгаа бодлогыг сонирхож, Капитал банкнаас авах өрийн асуудал хэрхэн шийдэгдэж байгаа талаар мэдээлэл авав. Мөн гишүүд хуулийн шинэчлэлттэй холбогдуулан тооцоо судалгааг найрийвчлан хийж ажиллахыг зөвлөн, хувийн хэвшлийн байгууллагууд, ялангуяа уул уурхайн компаниуд дээр гарч буй ажилчдынхаа нийгмийн даатгал төлөхгүй, үйлдвэрлэлийн осол гэмтлээс шалтгаалан хөдөлмөрийн чадвар алдалтын нөхөн төлбөрийг олгохгүй байх зөрчлийг арилгахад анхаарахыг хүссэн юм.

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын болон тэгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийн талаар

Дараа нь байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-нд өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлэх эсэхийг хэлэлцэв. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайханы танилцуулгадаа дурдсанаар 11 бүлэг, 60 зүйл бүхий уг хуулиар хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, хуримтлал үүсгэх, хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, хувийн нэмэлт тэтгэвэр олгох, тэтгэврийг өвлүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих, талуудын эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахаар төсөлд тусгажээ. Мөн тэрээр, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа нь сайн дурын шимтгэлд суурилсан бүрэн хуримтлалын байх үйл ажиллагаа, засаглал нь ил тод, санхүүгийн хувьд тогтвортой, бие даасан, найдвартай байх, өвлөгддөг байх зарчмыг баримтлан ажиллахаар хуулийн төслийг боловсруулсан талаар дурдаж, төслийг боловсруулах Ажлын хэсэгт холбогдох яамд, Санхүүийн Зохицуулах Хороо, Монгол банк, Монголын хөрөнгийн бирж ТӨХК, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, “Тэтгэврийн ууган сан” ТББ, “Нэйшнл лайф” урт хугацаат даатгалын компани, Ард Лайф ХХК-ийн төлөөлөл, бие даасан судлаач, актуарчид, тэтгэврийн реформын төлөөх хөдөлгөөний төлөөлөл оролцсоныг танилцуулав. Мөн олон улсын зөвлөх багууд ажиллаж, төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн байна. Тэрбээр, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад энэ төрлийн тэтгэврийн үйл ажиллагааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдэж, тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, иргэд өөрийн хуримтлалаас тодорхой хувийг эрүүл мэнд, боловсрол, ипотект зориулах, санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг дэмжих, ахмад настан олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгдөх боломж бүрдэх зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагааны найдвартай байдал хэрхэн хангагдах талаар асуув. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Аюурсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар эрсдлээс урьдчилан сэргийлэх зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан бөгөөд хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа эрхлэгчдэд хэн, хаанаас зөвшөөрөл өгөх болон юунд хөрөнгө оруулж болох, юунд болохгүй гэх мэт зэргийг тодорхой, хариуцах эзэнтэйгээр тусгаж өгсөн хэмээн хариулав.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүн Ц.Идэрбат танилцуулахаар боллоо.

 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгуулав

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Батлут, Д.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бэйсэн, Н.Ганибал, Н.Наранбаатар, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нарын санаачлан, өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, тогтоол гаргалаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж ажиллахаар болов.

 

Цаглавар баталлаа

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны 01 дүгээр сард хэлэлцэх асуудлын Нийгмийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаварыг баталж тогтоол гаргав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.195.153)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.