Бичил, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дэмжих сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна
Үйл явдал
/
2023-01-15

Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа.

Монголбанк “Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд ямар чиглэлийн ажлууд хийж байгаа вэ? Хүртээмжийг нь нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ бид хүүхэд, залуус, орон нутгийн иргэдэд зориулан тусгайлсан хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, аль болох тэдний насны онцлог, амьдралын хэв маягт нь тохирсон мэдлэг мэдээлэл олгохыг чухалчилдаг. Харин иргэд олон нийтийн тухайд гэвэл томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулахаас гадна цахим орчныг түлхүү ашиглаж, олон талт хэлбэрээр санхүүгийн мэдлэгийг олгож байна. Гэвч хүртээмжийг нь нэмэгдүүлэх, цар хүрээг нь өргөтгөх шаардлага жил ирэх бүрд улам л нэмэгдэж байна. Энэ нь нэг талдаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас хамаарч байгаа бол нөгөө талдаа Ковидын болон олон улсын геополитикийн хүчин зүйлээс хамааралтай эдийн засагт үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллүүдтэй холбоотой байна. Тиймээс бид бүхэн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд нэмэгдэж байгаа энэ цаг үед иргэд орлого, зарлагаа хэрхэн оновчтой хуваарилах ёстойг, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг яаж зөв сонгож, эрсдэлд орохгүй байхыг, мөн хэрхэн яаж хуримтлуулж сурах вэ зэрэг чиглэлээр мэдлэг мэдээллийг тогтмол олгож байна. Учир нь иргэд, олон нийтийн санхүүгийн зөв шийдвэр гаргалт нь санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлтөд чухал үр нөлөөтэй байдаг. Тийм ч учраас бид өнгөрөгч оны 09-р сараас Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдах хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г Монголбанкны Ерөнхийлөгч, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар батлуулан амжилттай хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөөний дагуу олон төрлийн сургалтууд ч хийгдэж байна.

Яагаад заавал энэ бүлгийг сонгож, тусгайлан төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа юм бэ?

Бичил, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бол эдийн засагт оролцогчдын  томоохон төлөөлөл. Энэ утгаараа бизнесээ амжилттай авч явахад хувь хүний санхүүгийн мэдлэг, боловсрол чухал нөлөөтэй. Тийм учраас төрөөс хэрэгжүүлж буй бичил, жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих бодлого, стратегийг бид мөн дэмжиж хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, төрөөс зөвхөн хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгөх замаар үйл ажиллагааг нь дэмжихээс гадна мэдлэг боловсролыг нь ч давхар дэмжихэд анхаарч байгаа нь бизнесийн тогтвортой байдлыг нь бэхжүүлэх чухал ач холбогдолтой гэж харж байна. Уг дунд хугацааны төлөвлөгөөний дагуу бид улсын хэмжээнд хүрэлцэхүйц тооны сургагч багшийг бэлдэх, тэднээр дамжуулан орон нутгийн нэгж бүрд хүрч, зорилтот бүлэгтээ санхүүгийн мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулна. Өнгөрсөн жилийн тухайд бид төлөвлөгөөнийхөө дагуу Нийслэлийн есөн дүүрэг, зарим аймгуудын бичил, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Тоогоор илэрхийлбэл, 60 гаруй сургагч багшийг бэлдэж, 400 гаруй бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулан чадавхжуулаад байна. Энэ жил мөн нийт аймгуудыг хамарсан сургалтыг зайнаас болон танхимаар хийхээр төлөвлөөд байна.

Сургалтууд чухам ямар сэдэв, агуулгын хүрээнд явагддаг талаар сонирхуулж болох уу?

Юуны өмнө сургалтын ач холбогдлыг товч дурдах нь зүйтэй болов уу. Бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэг дээшилснээр бизнесийн болоод санхүүгийн шийдвэр гаргалт нь сайжирна. Үүнийгээ дагаад бизнесийн тогтвортой байдал ч бүрдэж, цаашид тасралтгүй хөгжих боломж нь нэмэгдэнэ гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, өөрийн үйл ажиллагаандаа нийцсэн үр дүнтэй санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгохоос эхлээд олон талын өгөөжийг өгдөг. Сургалтын сэдэв, агуулгын тухайд батлагдсан хөтөлбөрийн дагуу юуны өмнө эдийн засгийн талаарх мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэх зорилгоор гадаадын болон дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг тайлбарласан мэдээллийг өгч байна, хувь хүний санхүүгийн төлөвлөлт, орлого зарлагаа хэрхэн тооцож, яаж хуримтлал үүсгэх аргачлалыг зааж байна, зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн оновчтой зөв сонгох, зээлийн хөнгөлөлт, түүнтэй холбоотой төрөөс үзүүлдэг боломжуудын талаар мөн мэдээлэл өгч байна. Түүнчлэн эрсдэлээ бодитойгоор тодорхойлж байхыг, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний ач холбогдлын талаар, финтек, криптовалютын тухай, зах зээлд бүтээгдэхүүнээ хэрхэн амжилттай борлуулах, түүний тулд маркетинг яаж хийх, олон нийттэй хэрхэн харилцах зэрэг олон сэдэв агуулгын хүрээнд 6-8 цагийн хичээлийг хамтрагч байгууллагуудаас бэлтгэгдсэн сургагч багш нараар заалгаж байна. Ер нь хэрэгцээ шаардлагаа харж байгаад хичээлийнхээ сэдэв агуулгыг өргөтгөх бүрэн боломжтой. Тухайлбал, цахим орчин хөгжиж, үүнийг сөргөөр ашиглаж буй цахимаар залилах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулж, санхүүгийн цахим луйврын гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэгийг банкнууд болон цагдаагийн байгууллагатай хамтран өгөхөөр төлөвлөж байна.

Дашрамд дурдахад, санхүүгийн тогтвортой байдлыг дэмжих, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн баримт бичгийн тогтоолд тусгуулаад байна. Энэ нь тус бодлогын хүртээмжийг үндэсний хэмжээнд илүүтэй өргөжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлээд байна гэсэн үг юм.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.226.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.