Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхэн энэ хуралдааны дарга, онол, улс төрийн мэдлэгээр зогсохгүй Монгол орон, энгийн амьдралыг гайхалтай мэдэрдэг байсан тэрбээр нийгмийн амьдралын салбар салбарын төлөөлөл болсон 400 гаруй хүнийг хоёр сар хагасын туршид ухааны цэцээ уралдуулан улс орныхоо өнөө маргаашийн бус алс хэтийн зорилго, зорилтыг дэнслэн ажиллахад удирдан зангидсан эгэл атлаа агуу зохион байгуулагч байв. Энэ хүний үлгэр дуурайлыг энэ үеэр эргэн дурсахуйд нэн таатай.
Тэрбээр аливаа бэрхшээлтэй асуудлыг санаанд оромгүй байдлаар эвтэйхэн шийдвэрлэдэг байсансан. Тэр өдрүүдэд Үндсэн хуулийг Нэгдлийн дарга нарын баталсан хууль гэх мэтээр элдвийн болох болохгүй өргөдөл сэлт саналууд ирж байсан. Нэгэн тийм сүрхий бичиг ирснийг Уртнасан дарга уншингуут намайг шүүмжилж болно, Хөдөлмөрийн баатар Намжиг, Рагчаа, Лодойхүү, Чулуун нарыг юу гэх юм бол оо гээд ураад, цаасны сав руугаа хийчхэж билээ.
Тэр Пунсалмаагийн Очирбат, Жамбын Гомбожав, Дашийн Бямбасүрэн бид усан морь жилийнх, Бяраагийн Чимэд модон нохой жилийнх, ивээл жилтэй удирдагч нар байсан гэж сэтгэлийн сайхнаар ярьдагсан. Доктор Мижигдоржийн бичгээр ирүүлсэн “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн саналыг хуульд тусгуулахад Уртнасан дарга гол үүрэг гүйцэтгэсэн. Бэлчээрийн мал аж ахуй оршин байгаа нөхцөлд газрыг хувьчилж болохгүй гэдгийг “Энэ ч биш ээ” гээд, газар, бэлчээрийг өмчлүүлэх, цагаачлал ба хүн ам зүйн бодлого, түүний дотор үр хөндөхийг хориглодог явдлыг зогсоох зэрэг асуудлаар маш их мэдээлэл авч дэлхийн улсуудын туршлагыг сонирхож байсан. Ер нь Үндсэн Хуулийг хэлэлцэхэд хөндөгдөөгүй асуудал бараг байхгүй байсан гэхэд болно.
Эрэгтэй хүн олон эхнэртэй байх нь хүний эрхийн асуудал учраас тэр тухай Үндсэн хуульд оруулна, оруулахгүй гээд л хэдэн цаг маргана. Аливаа маргаан эрс хурцдахад нам, бүлгүүдийн аль нэг нь завсарлага авч, тусдаа цуглараад тухайн асуудлыг тал бүрээс нь шүүн ярилцаж, өөрсдийн саналаа нэгтгээд эргэн чуулгандаа орно. Д.Бямбасүрэн Засгийн газрын тэргүүнээсээ огцрох санал чуулганд оруулж ирлээ. “Коммунист гэж хэлүүлж байгаа одоогийн энэ хүмүүс үзэл бодлоо өөрчилж, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэх чадвартай гэдгийг үзүүлье гэж бодож энэ албанд зүтгэж эхэлсэн. Монгол орны өөрчлөлт шинэчлэлийг идэвхжүүлэх, гүнзгийрүүлэх энэ үед төр, ард түмний маань дэмжлэг хэрэгтэй байна. Улс төрийн гол хүчнүүдийн дэмжлэг хэрэгтэй байна. Улс төрийн хамгийн эгзэгтэй үед Засгийн газрын тэргүүн огцрох ёсгүй” гэдэг асуудалд Ж.Уртнасан депутатуудыг удирдаж чадсан. Улмаар “Засгийн газрын тэргүүнээр үлдээх нь зүйтэй” гэсэн саналтай эргэж хуралдаанд орсон юм. Тэгэхэд зарим хүмүүс сэтгэл дундуур байсан боловч Бямбасүрэнг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллуулах тухай саналыг олонх нь дэмжсэн билээ.
Ж.Уртнасан сийрэгхэн ухаантай асар их тэвчээртэй, тулсан, гацсан асуудлыг зохицуулах ур чадвар өндөртэй дарга байсан. Дайрч давшилсан, үзэл бодлоо тулгаж, шахсан, яая даа гэмээр үе олон тохиолдож байсан боловч уурлаж бухимдахгүй, тэвдэж сандрахгүй, маш эвтэйхэн зохицуулчихаж чаддаг байдалд нь депутатууд бахархдаг, хүндэтгэдэг байж билээ.
Нэг удаа дарга маань нилээд бухимдаад хуралдааныг 2 цаг орхихоо мэдэгдэж, орлогч дарга Лоохуузыг хурал даргална гэж хэлчхээд гараад явчихсан, эмх замбараагүй байдал үүссэн, энэ үед дайрч давшлаад байсан хүмүүс, хуралд оролцогчид асуудал шийдэх боломж алдагдаж, депутатууд их зүйлийг богино хугацаанд мэдэрсэн, дарга маань өрөөндөө сууж байгаад удалгүй гарч яваад инээсээр хуралдааны танхимд ортол нижигнэсэн алга ташилтаар угтаж байсан. Үүнээс хойш бүх хүмүүс Уртнасан даргад их хүндэтгэлтэй хандаж буй нь үүдний өрөөний надад илүүтэй мэдрэгддэг байлаа. Дуудуулж ирдэг Б.Чимид дарга энэ хооронд өрөөгөөр нь хоёр удаа орсон, надад их сайхан санагдсан. Үндсэн хууль батлагдсанаас хойш тун удалгүй АИХ-ын даргын тодорхойлолтоор Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гарган Б.Чимидэд гавьяат хуульч цол хүртээсэн.
Хорин нэгдүгээр тойргийн депутат генерал, яруу найрагч Пүрэвийн Мөнхдоржийн зүрх зогсож, хурлын танхимд нас барахад царай нь цонхийж хөдөлгөөн нь удаашран, өрөөндөө орлогч дарга Н.Батбаяр, Т.Шагай, Ц.Лоохууз, Д.Моондой нартай орж, “Мөн ч олон хоног хуралдаж байна даа. Энэ хуулийг батлуулчих юмсан. Сонгогчдоос АИХ-д ирж буй өргөдөл хүсэлт шаардлага улам их боллоо” гээд сэтгэл нь маш их зовнисон шинжтэй хоолой нь зангирч байсансан.
Төрийн сүлдний тухай олон хоног маргалдах үед эрдэмтэн Далай, Сүхбаатар, Бадар-Ууган нартай өдрийн зоогонд орохдоо хүртэл зөвлөлдөж, зураач Ойдовыг хожим ажлынхаа өрөөнд хүлээн авч, санал бодлыг нь сонсож байсан. Үндсэн хуулийн гол гол заалтуудыг хэлэлцэж байсан тэр халуухан өдрүүдэд өдрийн хоолны завсарлага, оройн хуралдааны дараа ер нь цаг зав л гарвал эрдэмтэд, Монголд суугаа гадаадын дипломатчидтай хийх уулзалт, ярилцлагаар дүүрэн байдаг байв. Энэ үед Монголд ирсэн зочин төлөөлөгчид хамгийн түрүүнд АИХ-ын даргатай уулздаг байлаа. Түүнчлэн гачигдал ярьсан, чөлөө авахыг хүссэн депутатуудын дараалал, өргөдөл, санал гомдол, түүнийгээ тайлбарлах гэсэн уулзалтын дараалал тасрахгүй үргэлжилнэ. Бүр зарим депутат өрөөнд нь орчхоод, хуралдаан эхэлчхээд байхад хүртэл асуудлыг шийдэхгүй бол гарахгүй гээд суучихна.
2001 оны арваннэг, арванхоёрдугаар сард сум, нэгдлийн дарга нарын 60 хувь нь 7-14 хоног орон нутаг руугаа явах хүсэлт тавьж байсан. Хүсэлтийн гол агуулга “оны эцэс боллоо, ондоо багтааж хийх төлбөр тооцооны болон мал тооллогын тулгамдсан асуудал байна” гэх бол, зарим нь идэш ууш, бүр өвчин зовлон тоочдогсон.
1992 оны ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэн батлах тун ч шаггүй ажлын ард гарахад түүнийг даргалагч АИХ-ын дарга хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн нь ойлгомжтой хэдий ч хуулийг хэлэлцэн батлах ажил хэт олон хоног сунжирч, хүнд замыг туулсан юм. Хэдийгээр саад бэрхшээл мундахгүй байсан ч ардчилсан шинэ Үндсэн хуулиа амжилттай хэлэлцэж баталж чадсан тэрхүү түүхэн өдрүүдэд түмэн олныхоо төлөөлөл 430 гаруй депутатыг зангидан удирдсан Ж.Уртнасангийн гавьяа зүтгэлийг түүх мартахгүй.
Ж.Уртнасан Ховд хотын 10 жил, ХААДС, БНБАУ-ын Нийгмийн удирдлагын академийг тус тус төгссөн. ХАА-н ухааны доктор, МААЭШ-ний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, ХААЯ-ны орлогч сайд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд ахлах референт, Монголын ХАА-н Хоршоологчдын үндэсний холбооны ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан хүн юм. Тэрбээр Ардын Их Хурлын II чуулганаар баталсан шинэ Үндсэн хуулийн үндсэн эхийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад хууль тогтоогчдын өмнө Төрийн ордны Их танхимд биечлэн гардуулсан түүхэн хувь заяатай хүн.
Улс төрийн ноён нуруутай, уян хатан чанар, хүний эвийг олох дүй, ухаалаг үйл ажиллагаа, асуудалд хүлээцтэй, тэвчээртэй ханддаг байдал, туйлширдаггүй, шулуун шударга зантай, ажлын онцлог арга барил нь депутатуудын талархлыг хүлээж байсан нь Үндсэн хуулийг батлахад ихээхэн нөлөөлсөн гавьяат үйлстэн тэрбээр батлуулсан хуулийнхаа 30 жилийг үзэж чадалгүй бурхны оронд очсон юм.
Дааж ядсан ачаалалтай далан зургаан өдөр Уртнасан асантай хамгийн их холбоотой ажилласан орлогч дарга Н.Батбаяр, Т.Шагай, Ц.Лоохууз, Д.Моондой нар юунаас ч хараат бус сууж, хуулиа баталсан гавьяатууд.
Уртнасан дарга баруун Алтай нутаг, тунгалаг Буянт голынхоо хөвүүн болохоор Алтайн уулстаа сүслэн залбирдагсан.
АИХ-ын даргын туслах асан, доктор профессор О.ЛХАГВАРЭНЦЭН
-
14 цаг 19 мин
-
14 цаг 30 мин
-
20 цаг 13 мин
-
Уржигдар 19 цаг 46 мин
-
Уржигдар 19 цаг 40 мин
-
Уржигдар 15 цаг 20 мин
-
Уржигдар 15 цаг 19 мин
-
Уржигдар 15 цаг 15 мин
-
Уржигдар 15 цаг 10 мин
-
Уржигдар 15 цаг 09 мин
-
Уржигдар 14 цаг 43 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин
-
Уржигдар 14 цаг 10 мин
-
Уржигдар 14 цаг 06 мин
-
Уржигдар 14 цаг 20 мин